Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
Хэргийн индекс | 008/2014/0020/З |
Дугаар | 116/ШШ2015/0002 |
Огноо | 2015-02-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 116/ШШ2015/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Гуравдагч этгээд: Чойбалсан сумын Засаг дарга Т.*******
Нэхэмжлэлийн шаардлага: “Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч М.*******, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.*******, гуравдагч этгээд Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн иргэн ******* нэхэмжлэлдээ: -Миний бие 2013.01.15-нд Чойбалсан сумын Засаг даргаар томилогдсон. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2014.10.22-ны өдрийн А/456 тоот захирамжаар өмнөх Засаг даргын гаргасан 2013.01.15-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болсонд тооцжээ. Үүнийг сумын Засаг даргын бүрэн эрхэнд халдсан, иргэн миний эрх ашгийг хохироосон шийдвэр гэж үзэж, гомдол гаргаж байна. Би Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан иргэний сонгох, сонгогдох эрхийн дагуу ард иргэдийн хийсэн сонголтын үндсэн дээр нэр дэвшиж, энэ албан тушаалд томилогдсон. Гэтэл уг захирамжид “...болзол шаардлага хангаагүй хүнийг...” томилсон гэж тусгасан байна. Энэ асуудлыг шүүх өмнө нь авч үзэж, тодорхой дүгнэлт хийж байсан. Тийм ч учраас уг ажлыг хийж, гүйцэтгэн 1 жил 7 сар шахам ажиллалаа. Ажиллах хугацаандаа Засаг даргын үүрэгт ажлыг шаардлагын хэмжээнд гүйцэтгэж, хангалттай гэж үнэлэгдсэн байгаа. Намайг төрд 3 жил ажиллах шаардлага хангаагүйгээс болж, ажлаа хийж чадахгүй гэсэн улс төрийн дүгнэлт гараагүй.
Мөн Засаг даргын захирамжид зааснаар “Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан П.*******ийг...томилох эрхгүй албан тушаалтан...” гэж үзжээ. Энэ хүний шийдвэрлэсэн бүх шийдвэр хүчингүй байх утгатай захирамж гарчээ. Нэгэнт энэ хүн Засаг даргын ажил үүргийг гүйцэтгэж, хуулийн хүрээнд шийдвэрээ гаргасан байдаг. Энэ шийдвэрээс болоод хэн нэгний эрх, ашиг хохирсон, хохироосон асуудал байхгүй учир хүчинтэй гэж үзэх бүрэн үндэстэй.
Чойбалсан сумын ИТХ нь 2014.10.27-ны өдрийн хуралдаанаас 01 дугаартай тогтоол гарган, Т.*******ийг сумын Засаг даргаар томилуулахаар уламжилсан ба энэ тогтоолтой холбогдуулан сумын ИТХ-ын 3-р хуралдааны 2013.01.14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ. Уг тогтоолыг гаргаж байгаа хурал өөрөө хуралдаанаа хуульд заасан үндэслэл журмын дагуу зарлан явуулаагүй хууль зөрчсөн байна.
2014.10.27-нд сумын ИТХ-ын хуралдаан хийх талаар ямар ч шийдвэр гараагүй. 2014.09.17-нд сумын Хурал хуралдаж, 9-р сарын 26-ны өдөр хүртэл нээлттэй орхисон. Түүнээс хойш хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлээгүй. Ер нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулдаг болчихоод байна. Уг тогтоол нь Засаг даргын 2014.10.27-ны захирамжийг үндэслэсэн ба хурлын тэмдэглэл гэх бичиг баримтаас аймгийн Засаг даргын хүсэл зориг, санаачлагаар энэ асуудлыг шийдсэн нь харагдаж байна...
Иймд “Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалинг гаргуулахыг хүсч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* шүүх хуралдаан дээр хэлэхдээ: Аймгийн Засаг даргын 2014 оны А/456 дугаар захирамжийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-ийг үндэслэж, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т “Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж, *******г албан тушаалаас чөлөөлсөн.
Улс төрийн албан тушаалтныг ажилд томилж байгаа захирамж бол нэг удаагийн захирамжилсан шинжтэй акт байдаг учраас гарсан өдрөөсөө эхэлж үйлчилдэг онцлогтой. Энэ тохиолдолд нэгэнт томилогдсон Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх, огцруулах гэсэн 2 үндэслэл байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “сумын Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга ..түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө.”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ. ” гэсэн байгаа. Түүнээс биш энэ хуулийн 26.5.2-т заасныг үндэслэн огцруулах, чөлөөлөх шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнтэй холбогдуулан хэлэхэд “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2010 оны 04-р сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол байгаа. Энэ тогтоолд “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй.” гэсэн байна. Иймд аймгийн Засаг даргын захирамжийг энэ заалтыг үндэслэн гаргасан нь буруу, бүхэлдээ хууль бус, өөрийн эрх хэмжээнд байхгүй эрхийг эдэлж, сумын Засаг даргын эрх хэмжээг хязгаарласан, буруу ойлгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн Чойбалсан сумын ИТХ-ын 2014 оны 10-р сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын захирамж гарсны дараа шинэ Засаг даргад нэр дэвшүүлж, томилуулахаар санал уламжилсан байдаг. Сумын Хурлын тогтоолын 2 дахь заалтаар тухайн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай гэсэн байгаа. Энэ тогтоолыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэж гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэн *******г томилсон захирамж, тогтоолыг хүчингүй болгосон. Мөн энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Засаг даргад тухайн хурал дахь нам, эвслийн бүлэг эсхүл хурлын төлөөлөгч нэр дэвшүүлнэ” гэж заасан. Гэтэл Чойбалсан сумын Ардчилсан намын 2014 оны 08 дугаар сарын 15 –ны өдрийн хурлаар намын даргынх нь үүргээс Арсланбаатарыг чөлөөлсөн байсан. Гэтэл Арсланбаатарыг чөлөөлснөөс хойш намын тамга, тэмдэгээ ашиглаж, нэр дэвшүүлэх эрхгүй байж, Т.*******ийг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн байдаг. Иймд Дорнод аймгийн Ардчилсан намд гомдол гаргаж, дүгнэлт гаргуулсан. Ардчилсан намын салбар хороо хуралдаж, Т.*******ийг нэр дэвшүүлсэн нь Ардчилсан намын үндсэн дүрмийн заалтыг зөрчсөн, хүчингүй гэсэн дүгнэлт гаргасан.
Мөн урьд нь энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. ...Иймд нэхэмжлэлийн бүх шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч, аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* тайлбартаа: -******* нь Монгол улсын Үндсэн хуулийн дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн бөгөөд аймгийн Засаг даргын зүгээс иргэн *******гийн сонгох сонгогдох эрхэд халдсан болон нөлөөлсөн зүйл байхгүй, сонгох сонгогдох эрхийн дагуу Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалтад сумын Засаг даргаар ажиллах болзол шаардлагыг тусгасан. ******* нь 26 дугаар зүйлийн 26.5.2 дахь заалтыг зөрчсөн буюу Засаг даргаар ажиллах болзол шаардлагыг хангаагүй. Аймгийн Засаг дарга асан Ц.******* ажиллах хугацаанд *******г томилуулах санал ирж байсан бөгөөд тухайн үед тэрээр дээрх хуулийн холбогдох заалтын дагуу болзол шаардлагыг хангаагүй гэж үзэж томилохоос татгалзаж байсан. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд хууль зөрчиж, аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.*******ийг томилсон бөгөөд Д.******* нь өөрөө хууль бусаар томилогдон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасан болзол шаардлага хангаагүй хүнийг тус сумын Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан.
Иргэн ******* нь Д.*******тэй нийлж, хууль зөрчсөн шийдвэр гаргуулсан. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь заалт болон тус хуулийн агуулга, үзэл санааг зөрчсөн үйлдэл болсон.
Монгол улсын Ерөнхий сайд хууль зөрчиж, томилгоо хийснийг тухай үед иргэд бүгд мэдэж байсан бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд гомдол очиж, улмаар Ерөнхий сайд өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Улмаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн магадлал гарч аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтан байхгүй, энэ нь хууль зөрчсөн үйлдэл, өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын орлогч хэмээх улс төрийн албан тушаалтан байсаар байтал үүрэг гүйцэтгэгч томилсон нь хууль бус шийдвэр юм. Үүнтэй холбогдуулан гаргасан шийдвэрүүд бүгд хүчин төгөлдөр бус хэмээсэн утга бүхий магадлал гаргасан байдаг.
Аймгийн Засаг даргын зүгээс Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг өөрийн харъяалах нутаг дэвсгэртээ хангах, хэрэгжүүлэх болон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд ******* нь энэхүү асуудлаар өмнө гомдол гаргаж байсан. Тухайн үед өөрөө төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй буюу хуулийн болзол шаардлагыг хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтууд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг.
Төрийн байгууллагын аль ч шатанд Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөх нь иргэн бүрий үүрэг байдаг. Иймд иргэн *******гийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.******* тайлбартаа: Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 17-ны хуралдаан нь хуульд нийцээгүй, мөн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаар “Сумын Засаг даргыг томилох санал уламжлах тухай” асуудлыг хэлэлцэж, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нээлттэй орхиж уг өдөр ирц хангалтгүй байсан тул хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үргэлжлүүлэн 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч ирж, 13 төлөөлөгчийн саналаар хуралдаанаа үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Үүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 13.6-д “Хуралдааны явцад шаардлагатай бол хугацааг сунгах, түр завсарлах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах,” 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар тус тус батална.”, 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, 26 дугаар зүйлийн 26.2-т “...сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэсэн заалтууд нь Хурлын бүрэн эрхийн асуудал болно. Иймд нэхэмжлэгчийн дурдсан тогтоолыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Т.******* тайлбартаа: -...Сумын Засаг даргад нэрээ дэвшүүлэх саналыг Чойбалсан сумын Ардчилсан намын хорооноос тавьсан. Уг саналыг миний бие зөвшөөрсөн. Ингээд Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор аймгийн Засаг даргад уламжилж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 тоот захирамжаар томилогдсон. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулахыг хүссэн.
Монгол Улсын Ерөнхий сайд нь 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Д.*******ийг Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар захирамжаар энэ захирамжаа хууль бус гэж үзэж, хүчингүй болгосон болох нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 10, 11, 37, 82 дугаар захирамжууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр нотлогдож байна. Д.******* нь Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б\05 дугаар захирамжаар *******г Чойбалсан сумын Засаг даргаар томилжээ.
““Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... хүчингүй болгоно.” гэж заасныг үндэслэн мөн энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэсэн болзол, шаардлагыг хангаагүй хүнийг томилох эрхгүй албан тушаалтан томилсон тул 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б\05 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбартаа үндэслэл болгосон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан журмыг *******г төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулиар тогтоосон болзол, шаардлагыг хангаагүй гэж үзэж, сумын Засаг даргын албан тушаалд томилсон захирамжийг хүчингүй болгоход хэрэглэхгүй. Мөн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан “..хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр...”-т төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах албан тушаал бууруулах, дэвшүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх... зэрэг хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн актууд хамаарна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй.” гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой бөгөөд улс төрийн албан хаагчид хамаарахгүй зохицуулалт юм.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар з
үйлийн 3.1-д “Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ.”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн тайлбар, төрийн албан хаагчийн анкет, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тэрээр Чойбалсан сумын “Хулстай” эд хэрэглээний хоршоонд түүхий эдийн мэргэжилтнээр 1991-1993, “Баянбүрд” ХХК-ний захирлаар 1993-1994, Хаан банкинд эдийн засагчаар 2006-2013 онуудад тус тус ажиллаж байгаад 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чойбалсан сумын Засаг даргаар томилогдсон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “...сумын Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:” 26.5.2-т “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан” гэж заасныг зөрчсөн байна. Иймд “*******г Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б\05 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг үндэслэн ““Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамжийг хуульд нийцүүлэн гаргасан байна гэж үзлээ.
Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг 68,4 хувийн ирцтэйгээр хэлэлцэж, санал хураалтанд оролцсон 19 төлөөлөгчийн олонхи болох 13 төлөөлөгчийн саналаар баталсан болох нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “... сумын Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.” , 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн ... олонхийн саналаар батална.” гэж заасныг зөрчөөгүй байх тул “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.
Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилсон нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “..сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол .. сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж заасныг зөрчөөгүй тул хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.
Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан сумын Монгол Ардын намын хорооны “Дорнод аймгийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04, Б/05 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.”, энэ хуулийн 34 дүгээр 34.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэнд хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн дээр дурдсан шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон нь үнэн боловч нэхэмжлэгч *******г төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан эсэхийг тогтоосон, ““Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хууль бус эсэх талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна гэж үзлээ.
Иймд *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.5.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг дарга, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, иргэн *******гийн ““Захирамж хүчингүй болгох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/456 дугаар захирамж, “Т.*******ийг Чойбалсан сумын Засаг даргаар томилох тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Б/61 дүгээр захирамж, “Засаг даргыг томилох санал уламжлах тухай” Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, ажил хүлээлцэж, тамга гардуулахыг хариуцагчид даалгаж, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны 5572678 төгрөгийн цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ