| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/03200/И |
| Дугаар | 182/ШШ2024/04286 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04286
2024 10 22 182/ШШ2024/04286
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Д.Н-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоот хаягт оршин суух, Ц.Э-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Д.Н
Хариуцагч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Ц.Э-той 2023 оны 07 сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ХХ-р хороо ХХ гудамж, ХХ тоот, ХХ м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан.
Уг газрыг худалдаж авснаас хойш 2023 оны 07 сарын 17-ны өдөр уг газарт тог залгуулах гээд очсон чинь хажуу айлын хүн гарч ирээд энэ газар устай, хашааны ихэнх газар бороо орохоор ус ороод ирдэг, цэвдэг үүсдэг, өвөл цас их тогтдог, булаг шандтай газар гэж хэлсэн.
Энэ байдлыг хариуцагч нь газраа худалдаж авч байх үед надад огт хэлээгүй, эрүүл сайхан газар гэж хэлээд надад худалдсан. Газраа худалдаж авсаны дараа нь хариуцагчийн утас руу залгаж хэлэхэд би завгүй байна гэж хэлээд утсаа авахгүй надтай холбогдохоо больсон. Анх уг газрыг очиж үзэхэд хуурай байсан бөгөөд худалдаж авсаны дараа устай хэсгийг шороо асгаж, шороогоор дүүрэгсэн сул хөрстэй байсныг мэдсэн.
Хариуцагч нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй устай, цэвдэгтэй, бороо орохоор гэр маань усаар дүүрч ямар амьдрах боломжгүй газар худалдсанд гомдолтой байна. Иймд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Чингэлтэй дүүргийн ХХ дугаар хороо, сурагчийн ХХ тоотод оршин сууж байсан. Төрсөн хүү Згийн хамт амьдардаг. Э.З нь 2017-2021 онд Соёл урлагийн их сургуулийг төгссөн. Энэ үед дэлхий нийтэд аюулт тахал корона гарч ажил ч олдохгүй хүнд үе байсан. Сургуулийн төлбөр хийх, төгсөх гээд мөнгөний өр тавьсан. 2023 оны 6 дугаар сарын сүүлээр шөнийн 23 цагийн үед хаалга хүн цохисон. Н-ийн талынхан байсан. Хашаа үзэхээр ирлээ гэсэн. Би яасан орой явж байна. Ийм харанхуй шөнө юу харж, юу үзэхэв дээ гэсэн. Тэд үзэж байгаад маргааш өглөө 7 цагт ирнэ гээд явсан. Өглөө 7:30 минутын үед хаалга цохисон. Н-ийн талынхан ирсэн. Би өмчлөх гэрчилгээгээ аваад өгсөн. Би тэдэнд мөнгөний хэрэгцээ гараад зарж байгаа, манайх 7 жил амьдарч байгаа гэсэн. Энд бол агаар их сайхан, тайван газар. Тэд манай амьдардаг газар бохирын үнэр их үнэртдэг гэж байсан. Сайхан агаартай газар байна гэж байсан. Би тэдэнд хашаагаа 13,000,000 төгрөгт зарна гэсэн. Энд өвөл хойд талд булаг ойж хөлддөг гэж хэлсэн. Тэд өвөл хашаанд машин орж болох уу гэхэд нь хорооноос эксковатараар зам гаргаж өгдөг гэсэн. Тэд хашааны дотор гадаргүй явж үзсэн. Энэ шороо өндөрлөсөн юмуу тиймээ гэсэн. Тэд удаан үзэж байгаад явсан, удалгүй хүү рүү залгаад худалдаж авъя гэж утсаар ярьсан. Би хүүд яаран наймаа хийгээд яахвэ. Энэ хүмүүс орчинтойгоо сайн танилцаж судлаг, хоорондоо зөвлөлдөх хугацааг нь харъяа, яараад хэрэггүй гэж хэлүүлсэн. 3 хоногийн дараа хүү рүү ахиж утасдаад өнөөдөр худалдаж авах гэрээ хийе гэж байна гэхэд нь би бас яарах хэрэггүй маргааш болъё гэж хэлүүлсэн.
2023 оны 07 дугаар сарын 3-ны өдөр Д.Н-ийн тал ахиж утсаар хүү рүү яриад худалдаж авъя гэж ярьсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Д.Н-тэй нотариатаар орж хууль ёсны дагуу худалдаж, худалдан авах гэрээний дагуу татварын 2 хувийг төлж гэрээр хийсэн. Би Д.Н-ийн талд сайн судлах, зөвлөх, орчноо таних хугацаа өгсөн. Би албадаж, тулган шаардах, элдэв бусаар худалдах гэрээг хийгээгүй. Би уг хашааны төлбөрийг буцаан төлөх боломжгүйг харгалзан үзнэ үү гэв.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: 1.2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 11,759,000 төгрөгийг шилжлүүлэх, үүнээс худалдах, худалдан авах үл хөдлөх борлуулсаны 2 хувь буюу 241,000 төгрөгийг суутган авах,
2. Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 50 дугаар гудамж, 604а тоот хаягт байршилтай, 18640318483514 нэгж талбарын дугаартай ХХм.кв талбай бүхий Г-2202015345 дугаарт үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Э-ид 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, нэг талаас нэхэмжлэгч Д.Н, нөгөө талаас хариуцагч Ц.Э нар гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Ц.Э-йид холбогдуулан, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 12,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 11,759,000 төгрөгийг шилжлүүлэх, үүнээс худалдах, худалдан авах үл хөдлөх борлуулсаны 2 хувь буюу 241,000 төгрөгийг суутган авах,
Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, Сурагчийн ХХ дугаар гудамж, ХХ тоот хаягт байршилтай, 18640318483514 нэгж талбарын дугаартай 272м.кв талбай бүхий Г-2202015345 дугаарт үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Э-ид 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-ид холбогдох иргэний хэрэгт талууд 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид 11,759,000 төгрөгийг шилжлүүлэх, үүнээс худалдах, худалдан авах үл хөдлөх борлуулсаны 2 хувь буюу 241,000 төгрөгийг суутган авах,
Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, Сурагчийн ХХ дугаар гудамж, ХХ тоот хаягт байршилтай, 18640318483514 нэгж талбарын дугаартай 272м.кв талбай бүхий Г-2202015345 дугаарт үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ц.Э-ид 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-оос 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ