Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/76

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 22-ны өдөр                    2022/ДШМ              

 М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Н-,

Шүүгдэгч М.Б-,

Хохирогч Ж.Б/цахимаар/,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч  М.Энхмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр М.Б-д холбогдох эрүүгийн 2239002180306 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Б-, ....... оршин суух, ял шийтгэлгүй  

 

Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс Бэрх тосгоны чиглэлийн А-19  дүгээр зам дээр 37-07 УБП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа:

      -  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг,

      - 3.7 дахь хэсэгт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д “..хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг,

      -  7.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө”.. гэх заалтын а/. 1.20 “Засвартай”, б/. 2.1 “Орох хориотой”, в/. 2.24 “хурдны дээд хязгаар”, г/. 5.9.а “Баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй” гэсэн замын тэмдгүүдийг зөрчсөн,

      -  12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл,  хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна” гэж заасныг,

     -    12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Чингис хотоос Бэрх тосгоны чиглэлд 22 дахь километрт байрлуулсан замын хаалтыг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Д.Баянжаргалын эрүүл мэндэд бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Б-ын өмчлөлийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37-07 УБП улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгосон, улсын орлого болгосон эсэх талаар дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хуулийн заалтад хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “шүүгдэгч М.Б-ын өмчлөлийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37-07 УБП улсын дугаартай “Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож эзэмшигч М.Б-д олгосугай” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

           Шүүгдэгч М.Б-, хохирогч Ж.Бнар давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбаргүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр М.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Хэнтий аймгийн Чингис хотын төвөөс Бэрх тосгоны чиглэлийн А-19  дүгээр зам дээр 37-07 УБП улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэг, 3.7 дахь хэсгийн а/, 7.2 дахь хэсгийн  а/-н  1.20, б/-г 2.1, в/-н 2.24, г/-н 5.9.а, 12.1 дэх хэсэг, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замын 22 дахь километрт байрлуулсан замын хаалтыг мөргөн зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Д.Баянжаргалын эрүүл мэндэд бүсэлхийн 1-р нугалмын  их биеийн хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 06 хуудас/,

 

- Зам тээвэр ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 07-14 хуудас/,

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 16-19 хуудас/,

 

- Хохирогч Д.Баянжаргалын өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ний шөнө Хэнтий аймгийн төвөөс Бэрх тосгоны чиглэлд Батжаргалын 37-07 УБП улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр 2 хүүхдийн хамт замд гарсан. ...03 цаг 40 минутын орчим би унтаж явсан бөгөөд ...Бэрх тосгоны замд гэнэт машин хүчтэй харайж замаас гарч буухад сэрсэн. ...2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн орчим эхнэр, хоёр хүүхэд болон намайг эмнэлэгт хүргэсэн. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт томографик зураг авахуулахад нуруу хугаралтай байна гэж гарсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25-26 хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгчээр Д.Баянжаргалын өгсөн: “...Би Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжил” ХХК-д туслах ажилтан хийж сард 800.000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд энэ гэмтлийн улмаас ажлаасаа гарсан. Би одоогийн байдлаар эмчилгээндээ 1.000.000 гаран төгрөг зарцуулсан. Үүнээс 929.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт тусгахаар мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Би ажил хийгээгүй хугацааны цалин, эмчилгээнд зарцуулсан болон цаашид зарцуулах эмчилгээ нийт 4.000.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29-30 хуудас/,

 

- Гэрч М.Сайнзаяагийн өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчим Налайх дүүргээс Хэнтий аймгийн Бэрх чиглэлд явах 37-07 УБП улсын дугаартай саарал өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй Батжаргал гэх хүний унаанд нөхөр Баянжаргал, хүү Жавхлантөгс, Мөнхзул нарын хамт суусан. Би нөхөр 2 хүүгийн хамт тухайн машины арын суудалд сууж явсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Бэрх тосгон явах замд би унтаж явсан бөгөөд энэ үед гэнэт машин хүчтэй харайж замаас гарахад сэрсэн. Ослын дараа нь машин овоолсон шороон дээгүүр харайж замаас гарч буусныг мэдсэн. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өглөө эмнэлгийн машин ирж, нөхөр, 2 хүүхэд болон намайг авч эмнэлэгт хүргэсэн. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт манай нөхөр рентген зураг авахуулахад нуруу хугаралтай байна гэсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 35-36 хуудас/,

 

- Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 406 дугаартай “ Д.Баянжаргалын биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.3-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 57-58 хуудас/,

 

- 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Д.Баянжаргалыг бүсэлхий нурууны компьютер томографи шинжилгээнд хамруулсан талаарх Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт, магадалгаа /1 хавтаст хэргийн 59-65 хуудас/,

 

- Монгол Улсын Зөвлөх багш Г.Пүрэвдоржийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт /1 хавтаст хэргийн 105-106 хуудас/,

- Автотээврийн үндэсний төвийн 37-07 дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 166 хуудас/,

 

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 хавтаст хэргийн 167 хуудас/,

 

             - М.Б-ын яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 130-132 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Прокурорын эсэргүүцлийн тухайд:

 

Прокурор “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Б-ын өмчлөлийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 37-07 УБП улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн хэдий ч уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгосон, улсын орлого болгосон эсэх талаар дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна...” гэжээ.

 

37-07 дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч М.Б-ын өөрийн өмчлөлийнх болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 166 хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 хавтаст хэргийн 113, 168 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор М.Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг прокурорын тогтоолоор битүүмжилснийг шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг прокурорын тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг хураан авсан, өмчлөх эрхэд нь саад болохоор ямар нэг шийдвэрийг мөрдөгч, прокурор гаргаагүй байна. М.Б- нь өөрийн өмчлөлийн 37-07 дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг буцаан эзэмшилдээ авахад хэн нэгэн этгээд саад болох хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байна.

 

Иймд “анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” талаар бичсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭНСМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 Г.БОЛОРМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ