Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 437

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Б*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, 7 дугаар сараас хойшхи хугацааны цалин хөлсийг гаргуулж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:“...Миний бие 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. 7 дугаар сард надад цалин хөлс огт өгөөгүйгээс гадна 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажлаас гэнэт чөлөөлсөн Б/211 тоот тушаалыг өвчтэй байх хооронд гаргасан байсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын уг тушаалыг хүчингүй болгуулахаар миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргасан. Гэтэл гомдолд нэр дурьдагдсан этгээдэд миний гаргасан гомдлыг шилжүүлсэн байх ба энэ талаараа надад болон өмгөөлөгчид мэдэгдээгүй. Гомдодд хариу өгөх хуулийн хугацаа дууссан ч хариу өгөхгүй байсан тул очиж уулзахад "хугацаа сунган, шалгаж байгаа" гэсэн.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга "тушаал хучингүй болгож, намайг төрийн албанаас халах" тухай Б/260 дугаар тушаал 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөролж авсан мөн өдрөө Салбар зөвлөлд хандан гомдол гаргахад "... ажлаас халсан нь хууль бус юм. ... ажлаас халсан шийдвэрийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна" гэсэн ч ажилд эгүүлэн тогтоогоогүй, тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгоогүй байх тул дараах үндэслэлээр уг тушаалд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заатлыг эш татсан байна. Уг заалтыг хэрэглэхийн тулд эхлээд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн албан тушаал бууруулах ёстой. Гэтэл албан тушаал бууруулаагүйгээс гадна дурьдсан зөрчлийг огт шалгаж тогтоогоогүй.

2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар ажлаас чөлөөлсөн байснаа гомдол гаргангуут 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон төрийн албанаас халж байгаа нь хууль хэрэглээний хувьд илт үндэслэл муутай шийдвэр юм.

Иймд Чингэлтэй  дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалыи 2 дахь заалтыг хүчингүй болгож, намайг ажилд минь эгүүлэн тогтоож, 7 дугаар сараас хойшхи ажилгуй байсан хугадааны цалин хөлсийг гаргуулж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“...Иргэн  Б*******гийн  Б*******  нь тус дүүргийн  Засаг даргын  Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 24-өдрийн Б/260 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан байна.

Өөрөөр хэлбэл Б.Б******* нь ажиллах хугацаандаа ажлын цаг ашиглалт хангалтгүй /ажлын цаг эхлэх, дуусахад цагаа бүртгүүлдэг боловч ажлын байрандаа байхгүй/, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй /ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах, тайлан мэдээг гаргах, хугацаатай албан бичгийг шийдвэрлэх/ албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул хамт олны хурлаар хэлэлцэн эхний удаад сануулсан, өөрөө ч алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч алдаа, дутагдлаа засаж сайжруулахгүй хэвээр байсан тул төрийн албанаас халсан байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, 7 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

                    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б******* тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгох, 7 дугаар сараас хойшхи хугацааны цалин хөлсийг гаргуулж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Б******* нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/211 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хагас жилийн тайлан эрүүл аюулгүй байдлын индексийн тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаагүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй байгаа” гэх үндэслэлүүдээр 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар бүхий “Тушаал хүчингүй болгож, Б.Б*******г төрийн албанаас халах тухай” тушаалын 1 дэх заалтаар “архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн хүрээнд захирамжлалын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн дүгнэлтийг харгалзан дээрхи 2015 оны  “Ажлаас чөлөөлөх тухай” Б/211 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож,  уг тушаалын 2 дахь заалтаар Б.Б*******г “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг ашиглалт хангалтгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлүүдээр 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс төрийн албанаас халжээ. 

Нэхэмжлэгч уг тушаалын 2 дахь заалтыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “...зөрчлийг шалгаж тогтоогоогүй...2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн байснаа гомдол гаргангуут 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс тооцон ажлаас халж байгаа нь үндэслэлгүй...” гэж тодорхойлон маргаж, хариуцагч түүнийг эс зөвшөөрч байна.

Хариуцагч Б.Б*******г ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас хална” гэснийг үндэслэсэн боловч түүнийг ямар үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа хэрхэн хангалтгүй биелүүлсэн талаар шалгаж тогтоогоогүй атлаа төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.

Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2-д “сахилгын шийтгэлийг тухайн харьяалах хэлтсийн даргын саналыг үндэслэн Ёс зүйн хороо шийдвэр дүгнэлтээ гаргаж Тамгын газрын даргын тушаалаар ногдуулна” гэж зааснаас үзвэл “...хамт олны хурлаар хэлэлцэж эхний удаа сануулсан...алдаа дутагдлаа засаж сайжруулахгүй хэвээр байсан тул төрийн албанаас халсан...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. 

Тухайлбал, Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...хэлтсийн хурлаар албан ёсоор Б.Б*******д анхааруулга өгч байна, цаашид ажил үүргээ цаг хугацаанд нь биелүүлж өөрийн ажилдаа эзэн болж ажиллахыг анхааруулъя” гэж дурдсан боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах”-аар заасан, сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй тул Б.Б*******д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхгүй.

Мөн Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/31 дугаар бүхий “Өргөдлийн хариу” албан бичигт “Б.Б*******д сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй тул түүнийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25..1.1-д заасныг үндэслэн ажлаас халсан нь хууль бус” гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж тушаал гаргасан атлаа уг тушаалаа хүчингүй болгосон 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тооцон ажлаас халахаар заасан нь утга агуулгын илэрхий зөрчилтэй захиргааны акт болсныг дурдах нь зүйтэй.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож,  Б.Б*******г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Я.О*******, Э.О******* нар оролцож байгаа бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* нь “сонгуулийн хороонд гишүүнээр ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг сонгууль явагдаж дуусах хүртэл хугацаагаар хошйлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг хэрэгсэхгүй болгож Я.О*******гийн гаргасан “өмгөөлөгч авах” хүсэлтийг хангаж хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгч аваагүй, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд Я.О******* нь томилолттой байгаа тул хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж шийдвэрлэсэн, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд Я.О******* нь мөн “сонгуулийн хороонд гишүүнээр ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг сонгууль явагдаж дуусах хүртэл хугацаагаар хошйлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хуралдааныг хийсэн болно. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/260 дугаар тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож,  Б.Б*******г Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын мэргэжилтний ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговорт 7454760 төгрөгийг тооцон гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН