| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00598/И |
| Дугаар | 129/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2024/00490
| 2024 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 129/ШШ2024/00490 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б овогт П.Д-гийн хүсэлттэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Д нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч П.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... П.Д миний бие 1974 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл А аймгийн И сумын Б багийн И гэх газар хувийнхаа малыг маллаж байсан малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс болж Нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа, орон тооны бус зөвлөлийн тогтоол, тэмдэглэл бусад нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн И сумын Б багийн И гэх газар 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд 8 дугаар анги төгсөөд мал дээр гарсан. 1994 онд нөхөртэйгөө гэр бүл болоод түүнээс хойш одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж хувийн мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Манай сумын архив шатсан гээд манай 1996-2000 онуудын малын А данс гарахгүй байгаа. Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргасан боловч 1995 онд мал маллаж байсан байдлыг тогтоож, 1996-2000 онуудыг шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн. Иймд миний А аймгийн И сумын Б багийн И, Б гэх газруудад 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Малчнаар ажилласныг тогтоох тухай 11 тоот албан бичиг,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 01-09 тоот тогтоолд “А аймгийн И сумын иргэн П.Д-г 1995-2000 онуудад мал маллаж байсныг нотлох баримт хангалтгүй тул 100%-ийн саналаар тогтоох боломжгүй гэж шийдвэрлэв” гэсэн,
- А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 63 тоот тодорхойлолтод: Тус багийн иргэн П овогтой Д нь Н гэх газар мал маллаж амьдардаг болохыг тодорхойлов гэсэн,
- П.Д-гийн малчин мэргэжлийн үнэмлэх,
- Үндэсний төв архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03-06/5208 дугаартай архивын лавлагаа,
- Үндэсний төв архивын сан хөмрөгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 03-006/5207 дугаартай архивын лавлагаа,
- М.Ц, М.У, М.Ц нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- П.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
2.2 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Б.Ц-гийн шүүхэд өгсөн “Би 1993 оноос 2023 оныг хүртэл А аймгийн И сумын Б багийн Х гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байсан. П.Д нь 1994 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. П.Д нь 1994 онд нөхөр н.М-тай /манай нутгийнхан Б гэж хочилж дууддаг/ гэр бүл болсноос хойш одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. П.Д-гийнх хувийн малаа маллахдаа А аймгийн И сумын Б багийн Б гэх газраар нутагладаг. П.Д нь мал маллаж байх хугацаандаа малчнаас өөр ажил хийж байгаагүй. П.Д-гийнх А аймгийн И сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. Манайх П.Д-гийнхтэй ойрхон айл саахалт байсан болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч М.Х-ын шүүхэд өгсөн “1991 оноос одоог хүртэл А аймгийн И сумын Б багийн Б гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. П.Д нь 1994 онд нөхөр н.М-тай /манай нутгийнхан Б гэж хочилж дууддаг/ гэр бүл болсноос хойш одоог хүртэл А аймгийн И сумын Б багт хувийн малаа маллаж байна. П.Д-гийнх хувийн малаа маллахдаа А аймгийн И сумын Б багийн И, Б, Т гэх газруудаар нутагладаг. П.Д нь мал маллаж байх хугацаандаа малчнаас өөр ажил хийж байгаагүй. А аймгийн И сумын Б багаас өөр тийшээ шилжиж байгаагүй. П.Д-гийн аав П нь И сумын Б багийн тоо бүртгэгчээр ажилладаг хүн байсан. Манайх П.Д-гийнхтэй саахалт байдаг, мөн нэг багийн хүмүүс болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- П.Д-гийн 1990 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/748 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 03-01/5543 тоот лавлагаанд: А аймгийн И сумын Б багийн хөдөө оршин суух П.Д, эхнэр, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эмэгтэй ... гэсэн,
- Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын дэлгэрэнгүй лавлагаанд “А аймгийн И сумын Б багийн хөдөө оршин суух П.Д, эхнэр, 1974 оны 08 дугаар сард төрсөн, 25 настай, эмэгтэй эрхэлдэг ажил-малчин... ” гэсэн,
- М.Ц-гийн төрсний ХААТР-11 маягтад “2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, П.Д, нийгмийн бүлэг-малчин”,
- М.У-н төрсний ХААТР-11 маягтад “1997 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, П.Д, нийгмийн бүлэг-малчин”,
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Д-гийн А аймгийн И сумын Б багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Малчнаар ажилласныг тогтоох тухай 11 тоот албан бичиг,
- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Даатгуулагчийн малчнаар ажиллаж мал маллаж, шимтгэл төлсөн хугацааг тогтоох тухай” 01-09 тоот тогтоол,
- А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 63 тоот тодорхойлолт,
- П.Д-гийн малчин мэргэжлийн үнэмлэх,
- М.Ц, М.У, М.Ц нарын төрсний бүртгэлийн лавлагаа,
- П.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
- П.Д-гийн 1990 оны 08 дугаар сараас 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан баримт /А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/748 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 03-01/5543 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт/,
- М.Ц-гийн төрсний ХААТР-11 маягт,
- М.У-ын төрсний ХААТР-11 маягт,
-Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Б.Ц, М.Х нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч П.Д нь А аймгийн И сумын Б багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч П.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овгийн П.Д-гийн А аймгийн И суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч П.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН