Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 140/ШШ2024/00418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .... сумын ......... багт оршин суух, ......... овогт ............гийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга .......... оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ........ нь 1969 онд Завхан аймгийн ......... сумд төрсөн, бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, ........ сумын .......-н жилийн сургуулийн 8-р ангийг ......онд төгсөөд ........хөдөө аж ахуйн техникумын ......ийн ангид элсэн орж, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус сургуулиа төгсч, улмаар намайг Завхан аймгийн ...... мэдэлд шилжүүлсэн. Ингээд тус удирдах газрын нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ........ дугаартай тушаалаар намайг Завхан аймгийн ........ сумын .......... нэгдэлд бригадын .........ээр томилсон. Би тухайн үед бригадын зоотехникчээр эрэн очин ажилласан. Учир нь 1988 онд аавын маань бие муудаж, ар гэрийн гачигдлаар тухайн үеийн нэгдлийн даргын зөвшөөрлөөр хөдөө ах О...........оо Завхан аймгийн ......... сумын ......... нэгдэлд аавын суурь дээр байсан малыг малладаг байсан юм. Манай аав, ээж, ах бог, бод нийлсэн 600 гаруй мал малладаг, малаа сайн малладаг малчин хүмүүс байсан. Ингээд аав ........ маань биеийн байдлаас болж Завхан аймгийн ....... сумын .......... нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 5-наас нэгдэл тартал буюу 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл мал малласан. Энэ хугацаанд аав маань 1988 онд бурхан болж бидэнд их хүнд хэцүү байсан.

Одоо би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл энэ талаар хөдөлмөрийн дэвтэр нээж өгч, намайг мал малласаны төлөө цалин хөлс тооцсон байдаг боловч ажилд томилсон, чөлөөлсөн тушаал шийдвэр олдохгүй байна. Архиваас бол намайг Завхан аймгийн ....... сумын ...... нэгдэлд бригадын зоотехникчээр ажилд томилсон тушаал гарч ирсэн. Харин надад хоёр хөдөлмөрийн дэвтэр байдаг бөгөөд нэг нь ........суманд зоотехникчээр ажилласан гэх, нөгөөх нь мал малласан гэх хөдөлмөр хөлс бичүүлж авсан дэвтэр юм. Би өөрийн хөдөлмөрлөж байсан үнэн гэвэл малаа ч малласан, зоотехникчээ завсар хооронд дуудлагаар очиж зөвлөгөө, чиглэл өгчихөөд буцаад мал дээрээ ирж малласан хүн байгаа юм. Тэр үед намайг малаа сайн малласан гэж хүртэл шагнаж байсан.

Иймд би өөрийн ажиллаж байсан ажил хөдөлмөрөө тогтоолгох эрхээ өөрөө сонгож тогтоолгох эрхтэй учраас намайг 1988 оны 7 дугаар сарын 5-наас нэгдэл тартал буюу 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын .......... нэгдэлд мал маллаж байсныг үнэн зөвөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .....гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч ........ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн .... сумын ..... нэгдэлд мал маллаж байсан болох нь түүний 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, тухайн үед мал маллаж байхдаа шагнуулсан баярын бичгүүд зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацаанд мөн Завхан аймгийн ...... сумын ........нэгдлийн зоотехникчээр ажиллаж байсан байдал давхар нотлогдож байгаа хэдий ч мал маллаж байсан байдлыг мөн үгүйсгэх боломжгүй, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч .......гийн өгсөн мэдүүлгийн: ... ......... уг нь ........... төгсч ирсэн. Тэгээд Отгон сум руу томилогдлоо гэж дуулдсан. Тэр чиглэлээрээ ажилласан үгүйг сайн мэдэхгүй. Аав ...... хамт л Завхан аймгийн ......... сумын ........... нэгдэлд мал малласаныг бол сайн мэднэ. Учир нь эднийх .......... зааг дээр зусдаг байсан. Манайхан айл саахалт байсан болохоор сайн мэдэж байна. Бог голдуу мал малладаг байсан. Мөн тэр үеэр аавынх нь бие тааруу байсан учраас ........ байнгын л аавдаа тусалж малдаа явдаг байсан... гэх хэсэг,

гэрч С.........ийн өгсөн мэдүүлгийн: ..........г Завхан аймгийн .........сумын ........... нэгдэлд бог мал малладаг байсныг мэднэ. ...1988 онд аав нь нас барж ах .........ын хамт мал маллаад л үлдсэн. ...эднийх намайг бага байхын л малчин айл байсан. Их аж ахуйч, ажилсаг хүмүүс байдаг... гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч ........гийн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогт ......г 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ........ сумын ...... нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ