Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/78

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 22-ны өдөр                  2022/ДШМ/78        

 О.Д, О.Н--нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Ч--,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр О.Д, О.Н-нарт холбогдох эрүүгийн 2239001920267 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Хувиараа...................шийтгэлгүй..........

 

.............................газар оршин суух, ял шийтгэлгүй

 

 

Шүүгдэгч О.Н--, О.Д нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газраас машин механизм буюу Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Супер Даюун” маркийн мотоцикл ашиглан Ч.Одхүүгийн эзэмшлийн зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай, хойд хөл нь бэлэвсэн хул зүсмийн азарга, зүүн талын гуяндаа сартай дөл тамгатай хүрэн зүсмийн байдас, зүүн талын гуяндаа  сартай дөл тамгатай хээр зүсмийн  байдас, зүүн талын гуяндаа сартай хас тамгатай хүрэн зүсмийн даага болох 5 буюу олон тооны адуунуудыг хулгайлж, Ч.Одхүүд нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч--ээс О.Д, О.Н-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н--, О.Д-нарыг Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Тасран овогт Одончулууны Даваадэлэг, шүүгдэгч О.Н-- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тасран овогт Одончулууны Даваадэлэгийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох, шүүгдэгч О.Н--ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, О.Н-нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Даюун” маркийн мотоциклын үнэ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Д, О.Н-нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Н--, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” бол ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй байгаа нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж,  2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгийг түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна. Мөн хуулийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж хуульчилсан.

Шүүгдэгч О.Н--, О.Д нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл ашиглан гэмт хэргийг үйлдсэн, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч О.Дийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад тухайн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах талаараа дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг хурааж, улсын орлого болгоогүй, мөнгөн дүнгээр гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь мотоциклийг биет байдлаар хураан авах хуулийн зохицуулалттай. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эсэргүүцэлд дурдсан асуудлыг тусгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр О.Д, О.Н-нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч--ээс шүүгдэгч О.Н--, О.Д нарыг машин механизм буюу “Супер Даюун” маркийн мотоцикл ашиглан Ч.Одхүүгийн эзэмшлийн 5 тооны буюу олон тооны адууг хулгайлж, Ч.Одхүүд нийт 5.180.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокурорын зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч О.Н--, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дийг 800.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Н--ыг 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Даюун” маркийн мотоциклын үнэ 1.200.000 төгрөгийг шүүгдэгч О.Д, О.Н-нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 600.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...хэргийн талаархи нөхцөл байдал... шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт... зэргийг тусгана гэж хуульчилсан байна.

  

Хяналтын прокуророос шүүгдэгч О.Н--, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа энэ талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг цаг хугацааны хувьд зөрүүтэй байхад алийг нь ямар үндэслэлээр үнэн зөв гэж, бусад нотлох баримтуудыг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаагаа дүгнээгүй, хэргийн талаарх нөхцөл байдлуудыг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Н--, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Н--, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                                                       

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

 

                                                                                             Д.ГАНЗОРИГ