Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Мал бордох гудамж, 1999 м.кв газрын Б.Бүйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай олгожээ.

2.2.Улмаар Сонгинохайрхан дүүргийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай *** дугаар захирамжаар Б.Б эзэмшүүлсэн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Иргэн Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/ тоот захирамжаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, "Мал бордох" гудамжинд байрлах нэгж талбарын ***** тоот дугаартай 1999 м хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар гэсэн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших болсон ба Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2020 оны 01 сарын 19-ний өдөр гарсан байдаг.

Гэтэл эзэмшлийн нэгж талбарын ******* тоот дугаартай газрыг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны *** захирамжаар хүчингүй болгосныг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б 2023 оны 09 сарын 27-ны өдрийн **** тоот "мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг 2023 оны 09 сарын 29-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийг 2023 оны 09 сарын 26-ны өдөр тус дүүргийн газрын албанаас албан ёсоор гардаж авч биечлэн танилцаад эс хүлээн зөвшөөрч 2023 оны 10-р сарын 23-ны өдөр Нийслэлийн засаг дарга Х.Н гомдол гаргасан боловч 2023 оны 11-р сарын 16-нд Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, газар зохион байгуулалтын албанаас хариу мэдэгдэх хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн ба хариу ирүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Мэдэгдэл хүргүүлэх тухай **** тоотод дурдсанаар: "Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын ******* тоот дугаар бүхий 1999 м газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсэгт ".... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж зааснаар мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн *** тоот захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дахь заалтуудыг хууль зүйн үндэслэл болгон гаргасан байна. Гэвч иргэн Б.Б нь Засгийн газар болон нийслэлийн захирагчийн хэрэгжүүлж буй хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлогыг иргэний хувиар дэмжиж хотын төв гэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутагт үйлдвэр үйлчилгээ эрхлэх зорилго тавьж уг газрын эрхийг шилжүүлэн авсан. Гэсэн хэдий ч захирамж гарсны дараагаар удалгүй дэлхий дахинд тархсан Ковид-19 вирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" ******* тоот тогтоолоор Монгол улсад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж иргэдийн бизнес аж ахуй нэгжийн үйл ажиллагаа хумигдаж, хил гааль хаагдсантай холбоотойгоор, хувиараа аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн адилаар эдийн засгийн хүнд байдалд орж төлөвлөснийхөө дагуу газартаа ямар нэг хөрөнгө оруулалт оруулж үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон.

Уг өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэг 24 сар үргэлжилсний эцэст Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбоотойгоор эдийн засгийн байдал харьцангуй сайжирч өөрийн газраа зориулалтын дагуу эзэмших ашиглах үүднээс дараах үйл ажиллагаа явуулсан. Үүнд: 2022 оны 04 сарын 29-ний өдөр иргэн Г.******* * тоот аж***ил гүйцэтгэх гэрээг байгуулан сайн чанарын хашаа, гоёлын загвартай хаалга зэргийг 17,000,000 сая төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. 2022 оны 05 сарын 16-ны өдөр ****ХХК- тай гэрээ байгуулан Геодезийн судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлсэн. 2022 оны 07 сарын 04-ний өдөр мөн ****ХХК-тай **** тоот барилгын загвар зураг боловсруулах ажлын гэрээг байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг гэрээний хүрээнд зураг хийгдсэн бөгөөд санхүүгийн хүндрэлийн улмаас төлбөрөө бүрэн төлөөгүй байгаатай холбогдуулан гэрээний хэрэгжилт удаашралтай явагдаж байгаа болно.

2.Дээр дурдсан баримтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байгаа ба 2020 оны 2 сарын 12-ны өдрөөс 2022 оны 2 сарын 14-ний өдрийг хүртэл 734 өдөр буюу 2 жилийн хугацаанд үргэлжилсэн Гамшгаас хамгаалах хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан Өндөржүүлсэн бэлэн байдал шилжсэн байсан нийтэд илэрхий үйл баримтын хугацаанд эзэмшлийн газраа ашиглах боломж хязгаарлагдсан, уг нөхцөл байдал арилмагц газраа зориулалтын дагуу ашиглах хүрээнд хөрөнгө оруулан тодорхой арга авч байсан нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсэж байна.

3.*** тоот захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсгийг үндэслэл болгосон байх ба уг заалтыг харахад Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэжээ.

Дээр дурдсанчлан төр засгийн бодлого, Нийслэлээс хэрэгжүүлж буй авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлогыг Улаанбаатар хотын иргэний хувьд дэмжин Сонгинохайрхан дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт хэн нэгнээс тусламж авалгүйгээр өөрийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулахаар хууль зүйн хувьд хүчин төгөлдөр захиргааны байгууллага, албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот захирамжаар уг газрын эзэмших эрхийг шилжүүлж авсан ба уг захирамж нь хуулийн хүрээнд гарсан захирамж болно.

Гэтэл ямар үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрийн гаргасан 2019 оны *** тоот захирамжаа "хууль бус шийдвэр" байсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд миний эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн *** тоот захирамжийн Б.Бхолбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн Б.Бийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны **** тоот захирамжаар олгогдсон Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, Мах бордох гудамжинд байрлах нэгж талбарын *** тоот дугаартай 1999 м.кв хэмжээтэй газрын үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар гэсэн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороонд мал бордох гудамжинд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гарч газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Дэлхий нийтээр COVID-19 цар тахлын нөхцөл байдал илэрч, улс орон даяар хөл хорио тогтоосон үйл явдал болсон. Үүнээс шалтгаалаад Б.Б тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөл бүрдээгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын ******* тоот тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Уг нөхцөл байдал 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот тогтоолоор улс орон даяар тогтоогдоод байсан бэлэн байдлын зэргийг цуцалсан үйл баримт тогтоогдож байгаа. Энэ хугацаанд газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглаж чадаагүй. 2022 оны 02 дугаар сарын 14 тоот захирамж гарсны дараагаар нөхцөл байдал, зах зээл, эдийн засгийн нөхцөл байдал, Б.Б ийн ажилтай холбогдуулан харьцангуй гайгүй болсонтой холбогдуулан тухайн газартаа хашаа барьсан. Хашаа барихдаа **** ХХК-аар хашаагаа бариулж 17 сая төгрөгийн үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж төлбөрөө төлж хашаагаа барьсан. Хашаа барьсны дараагаар геодезийн шинжилгээ хийлгэх зорилгоор аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад төлбөрөө төлөөд гэрээнийхээ дагуу шинжилгээ дүгнэлтээ гаргаж хүлээж авсан.

Барилгын зураг төсөл гаргуулахаар аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу тухайн эзэмшлийн газартаа үйлчилгээний зориулалттай нэг давхар барилга барихаар зураг төслөө гаргаад явж байсан. Гэтэл 2023 оны 09 дүгээр сард эзэмшлийнх нь газрыг хүчингүй болгосон захирамжийг хүлээж аваад холбогдох дүрэм, журмын дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч хүлээж аваагүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Олон нийтэд илэрхий болсон, шүүхээр тогтоох шаардлагагүй үйл явдал болсон. COVID-19 цар тахалтай холбогдуулан хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн 2 жилийн хугацаанд газраа ашиглах боломж гараагүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зүгээс дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан 2 жилийн хугацаанд ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г үндэслэж холбогдох захирамжийг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09-р сарын 18-ны **** дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д*******гийн Э******* нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын ***дугаарт анх газар эзэмших хүсэлт гаргаж, дүүргийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Үйлдвэрлэл зориулалтаар дүүргийн *** дугаар хороонд 700 м2 газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын захирамж гарсан байдаг.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т "Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:" 23.4.2-т "Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;" Гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 11 сарын 22-ны өдөр **** нэгж талбарын дугаартай 2000.0 10.2/ м2 газрыг 15 жилийн хугацаатай **** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2019 оны 11 сарын 22-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Иргэн Д.Э нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр иргэн Б.Ш*******д (*****)-т итгэмжлэл итгэмжлэл олгож, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Б.Б (****)-той хийж, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэхээр талууд 2019 оны 12 сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан байна. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас чиг үүргийн дагуу судлаад шийдвэрийн төсөл боловсруулж ирүүлсний дагуу Дүүргийн Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжаар дүүргийн *** дугаар хороо Мал бордох, нэгж талбарын **** дугаар 2000 м2 газрыг 15 жилийн хугацаатай Б.Б эзэмшүүлж, 2020 оны 01 сарын 19-ний өдөр *** дугаар гэрчилгээ олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч Б.Б нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх заалтыг зөрчсөн тул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 сарын 17-ны өдрийн *** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотыг монгол шууданд * дугаарт хаягаар хүргүүлсэн. Тайлбар хүсэлт ирүүлээгүй. Дүүргийн Засаг дарга 2023 оны 09 сарын 18-ны өдрийн *** дугаар захирамж гарч 2023 оны 03 сарын 17-ны өдрийн *** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан тоотоор монгол шууданд **** дугаарт хаягаар хүргүүлсэн. Маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг анх Д.Э гэдэг хүн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл, хүсэлт гаргаад бүртгэл хяналтын ***дугаарт анх бүртгүүлээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 415 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгох тухай, үйлдвэрлэлийн зориулалтаар *** дугаар хороонд 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар Засаг даргын захирамжаар гарсан байдаг. Үүний дагуу Газрын албанаас 2019 оны 11 сарын 22-ны өдрийн нэгж талбарын дугаар, 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг сунгаж Д.Эд олгосон байдаг. 2019 оны 12 сарын 13-нд Д.Э итгэмжлэл олгоод Б.Б 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэхээр хүсэлт гаргаад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар захирамжаар *** дугаар хороо, мал бордох нэгж талбарын 18016***57 дугаар 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Б.Б эзэмшүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн **** тоот гэрчилгээ олгож, мөн өдрөө иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Үүнээс хойш нэхэмжлэгч Б.Б нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй байсан. Нийслэлийн хэмжээнд улсын хэмжээнд байгаа газартай холбоотой асуудлыг цэгцлэхээр чиглэлүүд ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчийн газрыг судлаад ашиглалтгүй байгаа газар байна гэж үзэн 2023 оны захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар зохион байгуулалтын алба тухайн нөхцөл байдлыг газар дээр нь судлаад газрын зургаар ашигладаг.

Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2******* дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг Монгол шуудан **** дугаарт хаягаар хүргүүлсэн. Үүний дагуу тайлбар санал ирүүлээгүй. Мөн дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны **** дугаарт захирамж хүргүүлэх тухай албан бичгээр Монгол шуудангийн хаягийн *** дугаарт хаягаар хүргүүлсэн. Маргаан бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн 2015 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгагдаагүй нөхцөл байдлууд байгаа. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал бүрдээгүй байхад хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгч Б.Б нь Газрын тухай хуульд заасны дагуу дээрх эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Иргэн Д.Э нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд Сонгинохайрхан дүүргийн ***-р хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 0.02 га газар эзэмших хүсэлтийг гаргасан байх бөгөөд хүсэлтдээ 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** ХХК-аар үйлдүүлсэн 2000 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг хавсаргажээ.

5.Дээрх хүсэлт болон кадастрын зураг, холбогдох материалыг үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай **** дугаар захирамжаар маргаан бүхий газрыг анх иргэн Д.Эд эзэмшүүлсэн байна.

6.Иргэн Д.Э, нэхэмжлэгч Б.Б нарын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай *** дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Мал бордох гудамж, 2000 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Б.Б үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.

7.Дээрх захирамжийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Б.Б маргаан бүхий 2002 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар ашиглах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн *** дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.

8.Мөн нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болон газар зохион байгуулагч нартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай ****дугаар бүхий гэрээг 15 жилийн хугацаатай байгуулжээ.

9.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байхад нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

10.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ.

11.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно., 40.1.6-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.

10.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... Мөн зүйл, хэсэгт заасан  зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.

11.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд маргаан бүхий газрыг бүрэн хашаалсан, цахилгааныг татсан байсан болно.

12.Дээрхээс үзвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

13.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт **** ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний дагуу маргаан бүхий газрыг бүрэн хашаалсан, ****ХХК-аар Геодезийн судалгааны ажил, үйлчилгээний барилгын загвар зураг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхээс маргаан бүхий газарт үзлэг зэргээр тогтоогдож байна.

14.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

15.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн нэхэмжлэгч Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Б.Б холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.