Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/08

 

                                 

 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарт  холбогдох эрүүгийн 1736000000104 дугаартай, 178/2018/0008/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант  сумын Магсаржав багийн Домбот хотхоны 2-р 38 айлын 19 тоотод  оршин суух, , Ганган овогт Чулуунбаатарын Оджаргал

2.Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Мон-Турк сургуулийн 12 дугаар ангид сурдаг, ам бүл 5 , эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 67 тоотод оршин суух, Шарынхан овогт Шонтын Зоригт

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2017 оны  12 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй иргэн Б.Хүрэлхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч нарын  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Б.Хүрэлхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14:30 цагийн үед ангийнхаа Г.Угтахын хамт манайх руу явж байтал урдаас 6-7 хүүхэд тамхи зуучихсан бид хоёртой зөрөөд өнгөрсөн.Тэгснээ Од гэх хүүхэд нь араас “ хөөе тамхи байна уу?” гэхээр нь бид хоёр тамхи татаж явснаа “энэ л байна, өөр тамхи алга” гэхэд Од гэдэг хүүхэд “нааш ир, гарт чинь юу байгаа юм бэ” гэсэн.Г.Угтах бид хоёр өөдөөс нь очоод “май энэ тамхи, авах юм уу” гэхэд Од цүнхээ нэгэндээ өгчихөөд гараа далайгаад Г.Угтахыг “чи яасан том банди бэ” гэхээр нь бид хоёр “больцгооё, хэрүүл уруулгүй салцгаая, та нар олуулаа юм байна” гэхэд  Од Угтахын нүүр лүү цохиод авсан. Намайг 2,3 хүүхэд нэг нь үсдэж доош тонгойлгоод тал талаас нүүр лүү өшиглөсөн. Би нүүрээ дараад ухарч байгаад салахад нэг банди нь “боль” гээд салгасан.Г.Угтахыг бас 2,3 хүүхэд зодоод цаашаа аваад явсан, би яаж зодсоныг харж чадаагүй.Намайг салгасны дараа Од гэх банди гүйж ирээд миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон.Тэгээд тэд нар тэнд үлдэж, бид хоёр Г.Угтахын гэр лүү явсан гэжээ./хх 12-13-р хуудас/  

Насанд хүрээгүй гэрч  Г.Угтах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Хүрэлхүүгийн хамт хичээл тараад явж байтал урдаас 6 хүүхэд бид хоёрын хажуугаар өнгөрч явснаа нэг нь “тамхи байна уу” гэхээр нь бид хоёр “тамхи байхгүй “ гэсэн чинь зөрж өнгөрөхдөө “наадах чинь тамхи байгаа юм биш үү” гэхээр нь “энэ тамхийг авах юм уу? өөр тамхи байхгүй “ гэхэд Од намайг заамдаж авахаар нь би “зүгээр явуулчих” гэж гуйхад тэр банди гараараа нүүр лүү цохиод авахаар нь зөрүүлээд бариад авахад миний ар талаас нэг нь толгой, хоёр чих рүү гараа атгаад цохиод байсан.Од нь миний нүүр лүү 2 удаа, хамар луу 1 удаа цохиж хамарнаас цус гаргасан. Од намайг тавьчихаад гүйж очоод Б.Хүрэлхүүг өшиглөж байсан.Би хамарныхаа цусыг арчаад Б.Хүрэлхүүгийн хаана нь өшиглөснийг хараагүй.Тэгээд харахад Б.Хүрэлхүүгийн хамарнаас цус гарчихсан байсан.Тэгээд бид хоёр гэр гэрлүүгээ явсан.Тэгэхэд Б.Хүрэлхүүгийн хоёр нүд, хамар нь хавдчихсан байсан.Миний хоёр чихний дээд хэсгээр угаараа язарч цус шүүрсэн байсан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, эм тариа авсан 20000 төгрөг, нийт 28000 төгрөг нэхэмжилж байна   гэжээ. / хх-18-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Жамбалсанжид мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:Б.Билгүүнсайхан, Н.Мөнхтөр, Б.Баянмөнх бид нар 14.40 цагийн үед найз Ч.Оджаргал, Ш.Зоригт нар Баян-Өлгий аймгийн Турк сургууль руу шилжиж байсан учир гаргаж өгөхөөр  уулзаад 72 айлын сууцнаас 24 айлын сууц руу явдаг нарийн гудамжны эзэнгүй хашаан дотор зогсож байтал 2 хүүхэд 24 айлын орон сууц талаас тамхи татчихсан бид нарын хажуугаар өнгөрөхөд Ч.Оджаргал дуудаж тамхи байна уу гэхэд тэр хоёр хүүхэд “тамхи байхгүй” гээд цааш эргээд явсан.Ч.Оджаргал дахиж дуудаад “та нар тамхи татаад явж байгаа юм биш үү” гэхэд нөгөө хоёр хүүхэд “энэ тамхинаас өөр тамхи алга, энийг авах юм уу гэхэд” Ч.Оджаргал “наадахаар чинь яадаг юм” гээд Г.Угтах гэх бандийг заамдаж барьж авахад хажууд нь явсан банди “болиоч” гээд Ч.Оджаргалын гарыг барьж аваад “ та нар олуулаа байна. Асуудал үүсгэх гээд байгаа юм уу” гэсэн. Тэгэхэд Ч.Оджаргал  Г.Угтахын хажууд явсан бандийг шанаа руу нь гараараа нэг удаа цохиод Г.Угтахын нүүр лүү нэг удаа цохиод заамдалцаж аваад хашаанаас гараад явсан. Г.Угтахтай хамт явсан Б.Хүрэлхүүг Ш.Зоригт гараараа нүүр лүү нь хоёр удаа цохиж үсдэж байгаад нүүр лүү нь хоёр удаа өвдөглөсөн.Тэгээд тэр хоёрыг манай найз Баянмөнх салгасан.Ч.Оджаргал хашаан дотор Б.Хүрэлхүүг дахиж нүүр лүү нь цохиход бид нар салгасан.Г.Угтах,Б.Хүрэлхүү нарын хамраас цус гарчихсан байсан гэжээ./хх19-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Баянмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...бид нар Б.Хүрэлхүү Г.Угтах нарыг бүлэглэж зодоогүй.Ш.Зоригт, Ч.Оджаргал нар тэр хоёрыг зодсон, харин бид нар зодооныг салгасан гэжээ. / хх20-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүнсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Ч.Оджаргал Г.Угтах гэх бандийг заамдаж аваад хажууд нь зогсож байсан Б.Хүрэлхүүг үсдэж аваад нүүр лүү нь нэг удаа цохиод хашаанас чирээд гарахад Ш.Зоригт Б.Хүрэлхүүг үсдэж аваад нүүр лүү нь өшиглөхөөр нь би Ш.Зоригтын араас тэвэрч авч холдуулаад Г.Угтахыг Ч.Оджаргал сөхрүүлчихсэн байхаар нь Ш.Зоригтыг тавьчихаад тэр хоёр дээр очиж салгах хооронд Ш.Зоригт гүйж очоод Б.Хүрэлхүүгийн нүүр лүү нь нэг удаа цохиж харагдсан. Тэгээд салцгаасан.Б.Хүрэлхүүгийн зүүн хөмсөг нь хавдчихсан байсан.Бид нар бүлэглэж зодоогүй, Ш.Зоригт, Ч.Оджаргал хоёр зодсон гэжээ. /хх 21-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Ч.Оджаргал “ та хоёр ямар том юм бэ” гээд Г.Угтахыг заамдаж барьж авчихаад хажууд нь зогсож байсан   Б.Хүрэлхүүгийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохичихоод Г.Угтахын нүүр лүү цохиод хашаанаас чирж гараад шанаа руу нь нэг цохихоор нь би Ч.Оджаргалыг “одоо болно” гээд Г.Угтахаас салгасан. Би тэр хоёрыг салгачихаад эргээд хашаа руу ороод ирэхэд Б.Хүрэлхүүгийн хамарнаас нь цус гарчихсан байсан гэжээ. /хх-26-р хуудас/

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Угтахын биед баруун чихний дэлбээнд 0.5х 0.5 см , зүүн чихний дэлбээнд 1 см урагдсан өнгөц шарх, баруун гарын 3,4-р хуруунд 0.5х1см , зүүн гарын 2,3,4,5-р хуруунд 0.3х0.5-0.5х1см тус бүр өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Г.Угтахын биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой.Г.Угтахын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д...шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг / биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ. / хх-36-р хуудас/

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 613 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.Хүрэлхүүгийн биед гэмтэл учирсан байна.2. Б.Хүрэлхүүгийн биед тархи доргилт, 2 нүдний дээд зовхинд 2х3 см, 1х0.5 см цус хуралтууд, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн хэсэгт  1х1 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.3.Б.Хүрэлхүүгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх,унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4.Б.Хүрэлхүүгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.6.Б.Хүрэлхүүгийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, харин шинээр үүссэн гэмтлүүд байх боломжтой.Дүгнэлт гаргасан,шинжээч эмч Б.Цэндхүү гэжээ. / хх-41-р хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зодоон хийхгүй, би 12-р анги төгсөх гэж байгаа тул харгалзаж үзнэ үү гэв.

Өсвөр насны шүүгдэгч Ш.Зоригт: би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Би Баян-Өлгий аймагт Мон-Туркийн сургуульд 12-р ангид сурдаг. Удахгүй хичээлдээ орно гэх мэдүүлгүүд зэрэг болно.

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нар нь бүлэглэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт 2017 оны  12 дугаар сарын 12-ны өдөр насанд хүрээгүй Б.Хүрэлхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан болох нь хохирогч Г.Хүрэлхүүгийн мэдүүлэг, гэрч Г.Угтах, Б.Жамбалсанжид, Б.Баянмөнх, Б.Билгүүнсайхан, Н.Мөнхтөр нарын мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 613 дугаартай шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-60,61-р /, өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал нь гэмт  хэрэг үйлдэх үедээ 16 нас 7 сар 5 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл, УК 01250613 регистрийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар, Ш.Зоригт нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 2 сар 12 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл, ПЮ00300136 регистрийн дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогчид 500000 төгрөгний хохирол төлсөн нь ХААН банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа насанд хүрээгүй, дунд сургуулийн төгсөх ангид сурдаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон хувийн байдал зэргийг харгалзан, ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Ганган овогт Чулуунбаатарын Оджаргал, Шарынхан овогт Шонтын Зоригт нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганган овогт Чулуунбаатарын Оджаргал, Шарынхан овогт Шонтын Зоригт нарыг ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарт нь 06 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

                4.Өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа  хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Ч.Оджаргалын эцэг Б.Тэгшбуянт, Ш.Зоригтын эцэг Т.Шонт нарт даалгаусгай.

5.Өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ч.Оджаргал, Ш.Зоригт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form