| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2022/0283/Э |
| Дугаар | 2022/ДШМ/45 |
| Огноо | 2022-11-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Доржсүрэн |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/45
Д.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Доржсүрэн
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Батбаярт холбогдох эрүүгийн 2221000300205 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Еөншөөбүү овогт Дашзэвэгийн Батбаяр, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Гурванзагал сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖЯ75030314/Урьд:
- Дорнод аймгийн 2 дугаар хэсгийн ардын шүүхийн 1992 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,
- Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн Б-д зааснаар 15 жил хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн 2002 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн ялын зарим болох 6 жилийн хорих ялыг нэмж нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 415 дугаар шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 6 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял,
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Д.Батбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Хүлэмж 1-118 тоотод оршин суух хохирогч Д.Эрдэнэбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Конка маркийн 50 инчийн зурагт, хүлээн авагч, удирдлага, хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1 259 940 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1-р багийн нутаг “Үхэрт” гэх газарт оршин суух хохирогч Г.Болдын гэрээс Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 347 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Ногоон байрны 7-2 тоотод оршин суух хохирогч Д.Батмөнхийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2 380 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалт 9-29 тоотод оршин суух хохирогч З.Чинбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч суурин компьютер, 2 ширхэг чемодантай хувцас, хар тагтай цагаан өнгийн будаа агшаагч, 60 ширхэг орчим элдсэн хурганы арьс, хүрэн өнгийн ташуурын мод зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 930 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалт 9-16 тоотод оршин суух хохирогч Ж.Ганцэцэгийн эсгий гэрийн цоожийг эвдэж шар, хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх 2 ширхэг, мөн тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, эмэгтэй хүний хар савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 875 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Сод” зочид буудлаас Redmi note 8 маркийн гар утас, 60 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Баттуулд 272 280 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, Жуковын 04-04 тоотод оршин суух хохирогч Б.Мөнхбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч цахилгаан тастагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, 8-9 ширхэг хос гутал, Элко маркийн 42 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөн хос ээмэг гинж, монетан ээмэг, машин угаадаг помп зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2 258 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Шүүгдэгч Еөншөөбүү овогт Дашзэвэгийн Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Дашзэвэгийн Батбаярыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.Батбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Батбаяраас 4,862,120 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт 1,259,940 төгрөг, З.Чинбатад 723,000 төгрөг, Б.Мөнхбатад 1,810,000 төгрөг, Д.Баттуулд 269,780 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Ангарагт 799,400 төгрөгийг тус тус олгож,
- Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Дашзэвэгийн Батбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.” гэж бичсэн атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 28 хоногоор тогтоосон байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана.” гэж заажээ. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Батбаярт оногдуулсан хорих ялыг ямар хуулийн зүйл заалтаар нэмж нэгтгэж, нийт хэдэн жилийн хорих ял оногдуулах талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хорих ялыг нэмж нэгтгэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Н.Доржсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 288 тоот шийтгэх тогтоолыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэх талаар заасан байдаг. Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, ямар нэг эргэлзээ төрөхгүй байх ёстой талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт дурдсан байдаг. Шүүх шүүгдэгч Д.Батбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 28 хоног гэж бичсэн байдаг. Гэвч энэ тухай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бүрэн бичиж тусгаагүй учраас энэ байдлыг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Батбаяр нь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Хүлэмж 1-118 тоотод оршин суух хохирогч Д.Эрдэнэбаярын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч Конка маркийн 50 инчийн зурагт, хүлээн авагч, удирдлага, хөшгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1 259 940 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын 1-р багийн нутаг “Үхэрт” гэх газарт оршин суух хохирогч Г.Болдын гэрээс Самсунг А-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 347 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, Ногоон байрны 7-2 тоотод оршин суух хохирогч Д.Батмөнхийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2 380 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалт 9-29 тоотод оршин суух хохирогч З.Чинбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч суурин компьютер, 2 ширхэг чемодантай хувцас, хар тагтай цагаан өнгийн будаа агшаагч, 60 орчим ширхэг элдсэн хурганы арьс, хүрэн өнгийн ташуурын мод зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 930 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалт 9-16 тоотод оршин суух хохирогч Ж.Ганцэцэгийн эсгий гэрийн цоожийг эвдэж шар, хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх 2 ширхэг, мөн тоотод байрлах байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, зэс домбо 1 ширхэг, эмэгтэй хүний хар савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 875 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 04 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Сод” зочид буудлаас Redmi note 8 маркийн гар утас, 60 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Баттуулд 272 280 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг, Жуковын 04-04 тоотод оршин суух хохирогч Б.Мөнхбатын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч цахилгаан тастагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, 8-9 ширхэг хос гутал, Элко маркийн 42 инчийн зурагт, 3 ширхэг мөнгөн хос ээмэг гинж, монетан ээмэг, машин угаадаг помп зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2 258 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Ган-Эрдэнэ над руу утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ээж Дуламсүрэн рүү утсаар залгаж асуухад манай гэрт хулгай орсон гэж хэлсэн. Ингээд би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймагт ирсэн. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд манай гэрээс 52 инчийн Конка маркийн зурагт, хүлээн авагч, удирдлага болон нэг цонхны хөшгийг буулгаж аваад явсан байсан...” гэх /1хх 14-19/,
Гэрч Л.Жаргалсайханы: “...Би 2022 оны 02 дугаар сарын сүүлээр цагаан сараас нилээн хойно Хэрлэн сумын 6 дугаар баг, Шүр зах дээр өөрийн гэрийнхээ зурагтыг засуулах гээд тэвэрчихсэн явж байтал Нийска /Батбаяр/-тай таарахад намайг та наад зурагтаа яах гэж байгаа юм, дүү нь зурагтыг чинь цааш, нааш нь зохицуулж болно шүү дээ, олон л зурагт зарж үрж явлаа гэх мэтээр согтуурхаад ярьж байснаа би 1 дүгээр баг, Цэнхэрийн баруун талын хороололд байх айлаас хамгийн том зурагт авч байсан. Даанч хятад зурагт үнэ хүрэхгүйг нь мэдээд таксины жолоочид хямдхан зарчихсан гэх зэрэг юм яриад бахираад яваад өгсөн…” гэх /1xx-51-52/,
Хохирогч Г.Болдын: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Зангиат хороололд явж байтал автобусны буудал дээр Д.Батбаяр жоохон архи уусан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь би очиж уулзаад хонь харах уу гэж асуухад Батбаяр харъя гэж хэлэхээр нь машиндаа суулгаад Гурванзагал сум руу явсан. Тэгээд мал дээрээ очоод байж байтал Батбаяр архи уусан шартаад байна гээд босохгүй хэвтээд байсан. Би гарч малаа хариулж байгаад хажуу айлын Батжаргалтай уулзахад надад Батбаярыг яах гэж малчнаар авч ирсэн юм бэ, аймар хулгайч хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ очоод авдарт байсан гар утсаа үзэхэд байхгүй, авдрыг хүн онгойлгосон байдалтай байсан. Тэгээд би Батбаяраас миний гар утас хаана байна гэхэд мэдэхгүй байна, би архи уухаараа хүний юм авчихаад байдаг юм, өөрөө өөрөөсөө нуугаад байх шиг байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 136-137, 140/,
Хохирогч Д.Батмөнхийн: “...би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үдийн өмнө 10 цагийн орчим өөрийн гэр болох Хэрлэн сумын 1 дүгээр баг ногоон байр 7-2 тоотоос гарч өөрийн найз Лхамсүрэнгийн гэрт очиж хэдэн хөгшчүүлийн хамт хөзөр тоглож байгаад орой 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай байшингийн гэрлүүд асаалттай, урд талын вакум цонх онгойчихсон, мөн миний амьдардаг жижиг өрөөний модон хайрцаг дотроос эмээлийн мөнгөн тоноглолууд сур нь тасарсан мөнгөн хазаар 1 ширхэг, хазаарын төмөр амгайвч, эргүүлэг, хар урт савхин куртик, монгол хром зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Өнөө өглөө 06 цагийн орчим Нийслэлхүү хочтой Батбаяр манай гэрт орж ирээд усанд орчихоод 07 цаг өнгөрөөгөөд гарсан. Өөр хүн манайд орж ирээгүй тул Нийслэлхүүг сэжиглэж байна...” гэх /1хх 184-185/,
Иргэний нэхэмжлэгч Г.Ангарагийн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цаг 30 минутаас 21 хооронд би өөрийн .... эзэмшлийн 65-00 ДОА улсын дугаартай приус маркийн машинд эхнэрээ хүлээгээд сууж байх үед хар өнгийн урт савхин курткатай, туранхайвтар, улаан шар царайтай, 40 гаран насны, 170 см-н орчим өндөртэй, бага зэргийн архи үнэртүүлчихсэн залуу над дээр хүрч ирээд “би эхнэрээсээ салчихаад Гурванзагал сумаас сая орж ирлээ. Үүнийг буюу 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар зэргийг нийлүүлээд 1.000.000 /нэг сая төгрөг/-нд зараад замын зардал хийгээд Улаанбаатар хот руу ах, дүү нар луугаа явмаар байна. Надад үүнээс өөр мөнгө болгож зарах мөнгөний эх үүсвэр байхгүй чи үүнийг худалдаж авч туслаач, эцэг эхээс өвлөж ирсэн ганц юм байгаа юм” гэх зэргээр надтай 1 цаг орчим ярилцаж байгаад 800.000 төгрөгөөр зарахаар болсон. ...Өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр худалдан авсан гэх 4-н ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаарыг цагдаагийн газарт хураалгасан. Иймд би тухайн залуугаас 799,400 төгрөг нэхэмжилж байна…” гэх /1хх 194-195/,
Хохирогч 3.Чинбатын: “...намайг хөдөө гэртээ байхад манай аймгийн төвийн хашаа байшин болох Хэрлэн сумын Ялалтын 9-29 тоот хашаанд байх эзгүй байшинд маань 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хулгайч орж байшингаас маань эд зүйлс хулгайлсан талаар ээж Я.Лхамсүрэн надад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр утсаар хэлж мэдэгдсэн. ...Ингээд би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвд ирээд Ялалтын 9-29 тоот хашаанд байх эд зүйлс алдагдсан гэх байшин руугаа орж эд зүйлсээ бүртгэж үзэхэд 2 ширхэг чемодантай хувцас, элдсэн хурганы арьс, суурин компьютер 1 ширхэг, хүрэн өнгийн ташуурын мод, 9 ширхэг зааны дүрстэй сувинер 1 ширхэг, 2 ширхэг нохойны дүрстэй сувинер, хүрэн өнгийн үстэй малгай зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх /1хх 249, 2хх 01/,
Гэрч Э.Бат-Эрдэнийн: “...миний санаж байгаагаар 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд намайг өөрийн гэртээ буюу Зангиатын 5-12 тоотод Батсайхан ахтай хамт унтаж байхад гаднаас Нийска хочтой Батбаяр ах, бурхан Алтаагийн хамт баараар хэсэж байгаад ирлээ гээд согтуу орж ирэхдээ малгай /хар өнгийн савхин гадартай, хүрэн өнгийн хиймэл үстэй/-г өмсөөд орж ирсэн...” гэх /2хх 9-10/,
Хохирогч Ж.Ганцэцэгийн: “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд хөдөө гэртээ буюу Булган сумын 3 дугаар баг Жавхлантын Цагаан нуур гэх газарт очиж ямаа самнаж мал дээрээ байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эсгий гэрийн хаалга онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч цагдаагийн алба хаагч нартай хамт гэртээ ороход манай гэрийн хаалганы цүүг эвдэж ороод гэрийн хойд талын авдрын цоожийг эвдээд дотроос нь хар болон шар өнгийн гар цүнхийг бичиг баримттай нь бас Хараа нэртэй 0,75 литрийн 4 шил архийг авсан байсан. Өөр гэр дотроос авсан эд зүйл байгаагүй. Мөн манай эсгий гэрийн хойд талд байх 4х6 метрийн харьцаатай модон байшингийн вакум цонхыг түлхэж орсон байдалтай онгорхой байхаар нь орж үзэхэд хөргөгчид байсан хонины 5 кг мах, гал тогооны сервант дотор байсан зэс домбо, шүүгээний шургуулгад байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хар өнгийн савхин куртик зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх /2хх 54-55/,
Хохирогч Д.Баттуулын: “...өглөө үүрээр 04 цаг 40 минутын үед 202 тоот өрөөнд ордог 160-165 см өндөртэй, шар царайтай, хар өнгийн куртиктэй, саарал өнгийн дээгүүрээ эсгий түрийтэй бакалан гуталтай 40-44 орчим насны үл таних эрэгтэй шатаар бууж ирээд надад хандан “манай өрөөнд байгаа хүмүүсийг та бүгдийг нь гарга, надтай муудах гээд байна” гэж хэлэхэд нь би буудлын эд зүйл эвдчихнэ гэж бодоод нөгөө залууг “хоёулаа тэгвэл цуг дээшээ өрөөнд чинь оръё” гэж хэлээд хамт өрөөнд нь ороход зодолдож барьсан зүйлгүй, хэрэлдэж маргалдаагүй сууцгааж байсан. Тэгээд би та хэд хоорондоо маргалдаж, зодолдоод байгаа юм уу, өрөөнөөс гарцгаа гэж хэлээд нэг залуу нь орон дээр унтаж байхыг сэрээх гээд жаахан удсан юм. Харин энэ хооронд намайг дээш нь дуудсан залуу доошоо буугаад текний арын сагсанд байсан 203 тоот өрөө рүү орохдоо барьцаанд тавьсан Redmi note 8 маркийн ягаан өнгийн гар утас болон миний цүнхэнд байсан 1 өрөөний орлого буюу 60,000 төгрөг, 1 удаагийн 10 ширхэг шампунь, 3 нүүр гарын саван зэргийг хулгайлаад аваад гарсан байсан…” гэх /2хх 100-101,104-105/,
Хохирогч Б.Мөнхбатын: “...Манай хүүхдүүдийн хичээл амраад ямаа санахаар хөдөө гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр яваад 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд байшингаа гаднаас нь харахад зүүн талын 2 цонхны урд талын цонх онгорхой, гэрийн гаднах цоож эвдрээгүй байсан. Тэгээд гэрийнхээ цоожийг онгойлгоод харахад үүдний таамбар хэсэгт эд зүйлийг шидлээд шалан дээр гаргачихсан. Үүдний шүүгээнд байсан таслагч дриль, 40 литрийн хэмжээтэй саарал өнгийн бетон, түрийтэй өвлийн гутал хосоороо 1 ширхэг, хавар намрын 3 ширхэг гутал, 2 ширхэг пүүз, эрэгтэй хагас түрийтэй өвлийн гутал, Монгол зузаан ултай гутал 1 ширхэг таамбарын модон шүүгээнээс алга болсон байсан. Тэгээд гэр дотор ороход зүүн талын хананд байсан 42 инчийн Элко маркийн хар өнгийн зурагт, гал тогооны өрөөний урд талын хананд байрлах цагаан өнгийн хувцасны шүүгээг онгичоод доторх эд зүйлийг ухаж үзээд ээмэгний хайрцган дотор 3 ширхэг мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг монетан ээмэг хосоороо, 2 ширхэг бугуйн цаг, дэлгэц нь шатсан Самсунг А-7 маркийн асахгүй гар утас, хавар намрын миний өөрийн өмсдөг 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд алга болсон байсан. Мөн хөргөгчин дотор байсан сүү, банш, мах зэргийг авч явсан. Баруун талын өрөөний зүүн хойд талын буланд байсан хайрцаг дотроос машин угаадаг помп, 5 метр урттай шланк зэргийг аваад явсан байсан. Манай баруун талын өрөөнд байсан ягаан өнгийн том цүнхэн доторх хувцсыг асгаад гэрээс алдсан зүйлийг хийгээд зүүн талын цонхоор гаргаад аваад явсан юм шиг байсан…” гэх /2хх 157-158/ мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 07-10,18-19,176-180,242-246, 2хх 45-49,151-155/, гэрч Д.Шинэбаяр /1хх 22-23/, З.Саранхүү /1хх 26-27/, Д.Ган-Эрдэнэ /1хх 30-31/, Д.Ядамсүрэн /1хх 35-36/, Т.Хатанбаатар /1хх 39-40/, Н.Энхбаяр /1хх 43-44/, Б.Ганбат /1хх 47-48/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 64-71,147-154,203-210, 2хх 19-27,69-76, 120-127,188-196/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 50, 49 тоот дүгнэлтүүд /1хх 74-75,81-82/, Д.Хүрэлтогоо, Д.Шинэбаяр, Д.Гантулга, З.Саранхүү, Б.Ганболд, Ч.Солонго, Б.Гүррагчаа, Э.Бат-Эрдэнэ, Т.Хатанбаатар нарын Хаан банкны дансны хуулга /1хх 94-103/, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 213-214, 2хх 33-34,63-64,197-198/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 215-220, 2хх 35-36,65-66,114-115,199-200/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ял оногдуулжээ.
Шүүгдэгч Д.Батбаярын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 6 сар 28 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Батбаярт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 28 хоногоор тогтоож шийдвэрлэхдээ энэ талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийлгүй орхигдуулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгана.” гэсэн заалтад хамаарах боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй юм.
Учир нь шүүгдэгч Д.Батбаярт /өмнөх тогтоолоор/ Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар биеэр 05 сар 02 хоног эдэлж, 28 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн тухай Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ялын тооцоо 3 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан, уг шийтгэх тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хамаарахгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх нь цаашид Прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг анхаарч шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасныг бүрэн тусгаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, бичихэд анхаарч ажиллавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаярын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаярын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 53 /тавин гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Ж.ДОЛГОРМАА