Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00492

 

 

 

 

 

 

 

 

 

                                 129/ШШ2024/00492

 

 

                                                           Зохигчийн эвлэрлийг баталж

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын. тоотод оршин суух Ш овгийн Л.Б

Хариуцагч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух М овгийн С.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б

Хариуцагч С.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

Иргэдийн төлөөлөгч Ч.Э-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгч Ч.Э-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч С.Ц-д холбогдуулан гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

         2. Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б би 2023 оны 7 сарын 31-ний өдөр Toyota Land Cruiser 300 маркийн авто машиныг 305,000,000 төгрөгөөр худалдаж авсан. С.Ц нь 2023 оны 9 сарын 13-ны өдөр приүс 30 маркийн 05-06 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа миний унаж явсан Toyota Land Cruiser 300 маркийн авто машиныг мөргөж шууд болон шууд бусаар нийт 64,502,875 төгрөгийн хохирол, миний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Иймд С.Ц-с Toyota Land Cruiser 300 маркийн авто машинд учруулсан хохирол болох шууд зардал 60,422,875 төгрөг, шууд бус зардал 4,080,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 3,539,000 төгрөг, нийт 68,041,875 төгрөг, зарагдсан Toyota Land Cruiser 300 маркийн авто машины үнийн зөрүү 48,000,000  төгрөг, үнэлгээ хийлгэсэн 675,000 төгрөг, нийт 48,675,000 төгрөг, бүгд 117,566,875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

         3. Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.Б би хариуцагч С.Ц-д холбогдох гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 59,566,875 төгрөг төлүүлэхээс татгалзаж, 58,000,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч С.Ц нь 58,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэв. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Б хариуцагч С.Цэ-д холбогдуулан гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Б нь гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 59,566,875 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, 58,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Ц төлөхийг зөвшөөрсөн болох нь зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,784 төгрөгөөс 521,809 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Ц-с 111,987.5 төгрөг, улсын орлогоос 11 1,987.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Б гэм хорын хохирол нийт 117,566,875 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 59,566,875 төгрөг төлүүлэхээс татгалзаж, 58,000,000 (тавин найман сая) төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Ц төлөхийг зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,784 төгрөгөөс 521,809 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Ц-с 111,987.5 төгрөг, улсын орлогоос 111,987.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгосугай.

 

3. Энэ тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч энэ тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА

  

                      ШҮҮГЧИД                                                                    Ч.ЖАРГАЛАН

 

                                                                                                           Ц.ДАГИЙМАА