| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04218/И |
| Дугаар | 182/ШШ2024/04353 |
| Огноо | 2024-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 182/ШШ2024/04353
2024 10 24 182/ШШ2024/04353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .... холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.Ою
Хариуцагч Э.Ба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ою нь хариуцагч Э.Бад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.Ою би Э.Батай 2018 онд танилцаад 2020 оноос хамтран амьдарч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан.
2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Бат-Эн төрсөн. Одоо 3 настай. Э.Ба нь архи уусан үедээ хэрүүл, маргаан хийж, намайг хий хардаж байсан учраас би хүүгээ аваад Э.Бааас тусдаа амьдарсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Б.Бат-Энг эх миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 онд танилцаад, 2020 оноос хамтран амьдарч, 2021 онд гэрлэлтээ батлуулж, 2021 оны оны 7 дугаар сарын 09-ний өдөр Б.Бат-Эн хүү маань төрсөн. Би хөдөө явж ажил хийдэг. Энэ үед манай эхнэр өөр хүнтэй болсон байсан. Үүнээс болж хэрүүл маргаан тасрахаа больж, хоёр тийшээ болсон. Одоо А.Ою өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхдийг нь гаргасан байгаа учраас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. А.Оюийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/
3.2 Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-5/
3.3 Б.Бат-Энгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/
3.4 А.Оюийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-7/
3.5 Эмнэлгийн магадлагаа /хх-8/
3.6 Эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл /хх-9-10 /зэрэг баримт авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч А.Ою нь хариуцагч Э.Бад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч А.Оюийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ ...хариуцагч Э.Батай гэр бүлийн хэрүүл маргаан, хий хардалтаас болж бидний салах эх үүсвэр бий болсон. Бид 2021 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Одоо би өөр хүнтэй хамтран амьдраад хүүхэд төрүүлсэн. гэж тайлбарлаж байна.
6. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бидний гэр бүлийн хэрүүл маргаан тасрахаа больж, хоёр тийшээ болсон. Одоо А.Ою өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхдийг нь гаргасан гэх агуулгаар тайлбар гаргажээ.
7.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.Ба, А.Ою нар нь 2018 онд танилцаж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Бат-Эн төрж, эцэг, эхийн үүргийг гүйцэтгэн хамтран амьдарсан болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, үнэнч байх үүргээ биелүүлээгүй, хоорондын таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон нь гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ гэж заажээ.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүйг хэн аль нь илэрхийлж байх тул тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
8. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлийн гишүүдэд ээнэгшсэн дассан байдал, хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаангүй, өсөж дассан орчныг солих нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх эсэх, эхийн хайр халамж зэргийг харгалзан үзээд хүү Б.Бат-Энг эх А.Оюийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэг Э.Баыг энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх А.Ою нь саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг даалгав.
9. Нэхэмжлэгч А.Ою нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн тул үүнийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Э.Бааас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Оют олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү ....-ийг эх А.Оюийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Оюийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бааас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Оют олгосугай.
5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг нэхэмжлэгч А.Ою, хариуцагч Э.Ба нарт мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ