Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Бамбадорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                    *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Ө.Батболд

Шүүгдэгч                                                               *******       

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2221000000242 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1992 оны 01 дүгээр сарын 10ы өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Евро” хашааны үйлдвэрт туслах ажилтай байсан, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 14-19Б тоот өөрийн гэртээ согтуугаар *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас оршуулгын зардал буюу гэм хорын хохиролд нийт 6 007 875 төгрөгийг гаргуулж, хохирогийн хууль ёсны төлөөлөгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Нарлагийн ******* тоотод оршин суух ******* /РД: /-д олгож,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 см урт, ажлын хэсгийн урт нь 11,5  см,  бариул хэсэг нь 12,5 см хэмжээтэй хар өнгийн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ы ******* тоот иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн тогтоол нь хууль бус дэндүү хөнгөн ял шийтгэл оноосон гэж үзэж байна. Би үнэхээр гомдолтой байна. Энэ хүн биднээс уучлалт гуйгаагүй. Энэ хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурор С.Ариунаа өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэж 8 жилийн хорих ял санал болгож, өмгөөлөгч Ө.Батболд *******ыг энэ хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж намайг болон 4 дүү, эхнэр 2 хүүхдийг басамжлан доромжилсон гэж үзэж байна. Энэ хүн хохирлоо анхнаасаа төлөөгүй. Шүүх хурал болохоос өмнө манай өмгөөлөгч З.Нямсүрэн хөөцөлдөж байж 4 сая төгрөг гаргуулсан. Тухайн үед хамт архи ууж байсан Должмаа, Гантулга, Бүрэнхишиг нар нь миний хүүгийн амь насыг хохироосныг мэдсээр байж хэлээгүй. Эдгээр хүмүүс нь тухайн үед харсаар байж миний хүү рүү хутга бариад дайрч байхад нь эсэргүүцэж, хориогүй. Хутгалуулаад амь насаа алдсан байхад нь эцэг, эхэд нь хамгийн түрүүнд хэлэх байтал хэлээгүй нуун дарагдуулсан. Должмаа, Гантулга, Бүрэнхишиг нарт ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Би эдгээрийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж маш их гомдолтой байна. ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй хохирлоо гаргаж өгөхгүй байна. *******ы эд хөрөнгийг мөрдөн байцаалтаас прокурорт илрүүлж хохирол төлүүлж авах ёстой үүргээ биелүүлээгүй явдалд би гомдолтой байна. Бидний зүгээс мөрдөн байцаалтын явцад эд хөрөнгөтэй гэдгийг мэдээд өмгөөлөгчдөө хэлж төрсөн эгч Ариунсувдтай нь уулзсан. Эгч нь манай дүүд газар байшин, мал байгаа тэднийг зараад би хохирлыг нь төлнө гэж хэлээд одоог хүртэл 4 сая төгрөг өгсөн. Бусдыг нь өгөхгүй, хохирогчтой уулзахгүй зугтааж байгаад гомдолтой байна. Шүүх хурал болсноос хойш нэг ч удаа ирж уулзаагүй, нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Миний хүүгийн амь насыг санаатай хороосонд би маш их гомдож, өдөр бүр сэтгэл санаа зовж тайван байж чаддаггүй. Байцаагч Болорбат нь хэргийн үнэнийг олох гэж яваагүй, дутуу ажиллагаа хийсэн гэж үзэж байна. *******ы эхнэр Бүрэнхишиг нь миний хүүгийн ажил явдлын талаар болон хэргийн талаар нэг зүйл нуугаад байна гэж надад бодогдсон. Би шүүх хуралд оруулах хүсэлт гаргаад байхад гол гэрчийг шүүх хуралд оруулаагүйд би гомдолтой байна.

Энэ гэрч үнэнийг хэлнэ гэж би бодож байсан. Иймээс эдгээр хүмүүс үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэж би бодож байна. Хэргийг маш хөнгөн шийдсэн явдалд би гомдолтой байгаа учир хэргийн үнэн зөвийг олж дээрх хүмүүс худлаа ярьж байгаа тул Бүрэнхишигийг дахин мөрдөн байцаалтад асууж хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдолдоо: “... Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын тухайд ******* нь гал асааж гэрээ дулаацуулах зорилготой хутга барин пийшингийн аман дээр мод зорж байхад амь хохирогч ******* нь уурлан согтуурч хундагатай архиа *******ы толгой руу чулуудсан байх бөгөөд энэ явдалд уурлаж бухимдсан гэнэт үүссэн санаагаар амь хохирогчид нэг удаагийн үйлдлээр амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг үйлдсэн байдаг.

*******ы хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох бөгөөд амьдрал ар гэрийн хувьд нэн ядуу амьдралтай хүмүүс юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг 8 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү. Уг хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гомдолтой байна. Энэ хүн төлбөрөө төлөөгүй. Миний хүүг эд нар бүлэглэн алсан гэж хардаж байна. Өмнөх шүүх хуралдааны үед гэрчийг оролцуулаагүй. Бага ял оногдуулсан гэж үзэж байна. Миний хүү дахиж босч ирэхгүй шүү дээ.” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хүн эхлээд над руу архи шидээгүй бол ийм зүйл болохгүй байсан. Алчих юмсан гэсэн санаа байгаагүй. Энгийн л харилцаатай байсан. Өөрийгөө хутгалчихна ч гэж бодоогүй. Бүлэглэж бусдын амь насыг хохироосон зүйл байхгүй. Тухайн үед бид нар бөөнөөрөө л архи ууж байсан.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Илтгэгч шүүгчээс гомдлыг бүрэн эхээр нь танилцууллаа. Үйлдсэн гэм буруугаа шүүгдэгчийн хувьд хүлээн зөвшөөрдөг. ...Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Урьд нь ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хамт архи ууж байх үедээ амь хохирогчийн хувьд шүүгдэгч рүү хундагатай архи шидсэн байдаг. Үүнээс болж тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Хорих ялын доод хэмжээгээр 8 жилийн хорих ялаар шийтгэж өгөхийг ...хүсч байна.” гэв.

Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Амь хохирогч, шүүгдэгч нарын нэг удаагийн хувийн таарамжгүй харилцааны улмаас довтолж амь насыг хохироосон байгаа. Тиймээс бүлэглэж үйлдсэн зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. ...Хохирлын хэмжээтэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй. Ялын хэмжээний хувьд маргаж байх шиг байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол мөн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн учир түүнд хамгийн бага ялыг оногдуулах боломжгүй юм. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 14-19Б тоот өөрийн гэртээ согтуугаар *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: “******* оршуулгын зардалд нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрийн бүхий л зүйлийг зарцуулж хүүгээ гаргасан. Манайх ам бүл 5, манай хүү “Евро” хашааны үйлдвэрт *******, Гантулга нартай ажилладаг байсан. Оршуулгын зардал 12 199 875 төгрөгийн зардал гарсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 4 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үүнээс үлдсэн мөнгийг нэхэмжилж байна. Миний хүү ар гэрээ тэжээдэг байсан. Хүү маань гэр бүл болж амжаагүй 2 хүүхэдтэй бага нь 3 сартай, том нь 6 дугаар ангид орж байгаа. 2 хүүхэд нь өнчирсөн. Маш их гомдолтой байна. ...” гэсэн,

Гэрч Ж.Гантулгын шүүх хуралдаанд өгсөн: “******* галаа асаана гэж зуухны аман дээр хутгаар мод цуулаад зогсож байсан. Баттулга тэр үед угаартах гээд байна гэж уурлаад байсан бөгөөд хундагатай архиа ******* руу цацсан. Тэр үед *******, Баттулгын өөдөөс барьсан хутгатайгаа очиж Баттулгын дээрээс дараад унасан. Тэр үед Должмаа ах бид 2 *******ыг 2 талаас нь татаад босгоход ******* өөрөө босож сандал дээр очиж суусан. Тэр үед Баттулга ах босох гэснээ хутгалчихлаа гэж хэлээд буцаад хэвтсэн. ... харахад Баттулгын цээж цус болсон байсан ба ******* би хүн хутгалчихлаа гэж хэлээд бахираад байсан. Би Бүрнээгийн хамт Баттулгын цусыг тогтоох гэж байхад гаднаас түргэн дуудчихлаа гэж Должмаа ах орж ирээд бүгдээрээ сандралдаад байж байхад түргэн ирсэн. Талийгаач Баттулга нь *******аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй... “ гэсэн,

Гэрч Т.Должмаагийн шүүх хуралдаанд өгсөн: “...******* гал асаана гэж төмөр зуухны аман дээр хутгаар мод цуулж суусан. Тэр үед дахин утаа гарч Баттулга угаартах гээд байна, гэр утаагаар дүүрээд байна, утаа үнэртээд байна гэж уурлан хундагатай архиа ******* руу цацсан. Тэр үед ******* гэнэт уурлаж Баттулгын өөдөөс барьсан хутгатайгаа очиж Баттулгын дээрээс дараад унасан. Гантулга бид 2 *******ыг 2 талаас нь татаад босгоход ******* өөрөө босож сандал дээр очиж суусан. Тэр үед Баттулга босох гэснээ Хүдэрээ намайг хутгалчихлаа гэж хэлээд буцаад хэвтсэн. Тэгээд харахад Баттулгын цээж цус болсон байсан ба ******* би хүн хутгалчихлаа гэж хэлээд бахираад байсан би гар утсаа авч түргэн дуудахаар гарсан...” гэх мэдүүлгүүд, 

Гэрч Ж.Бүрэнхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин болсон хэргийн хувьд гэвэл миний хамтран амьдрагч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирсэн. ... бид хоёр хоол цайгаа идээд байж байхад 22 цагийн орчим *******тай хамт ажилладаг одоо талийгаач болсон Баттулга, Гантулга болон түүний хуурай ах Должмаа нар талийгаач Баттулгын Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Чойбалсан сумаас гэр ачаад ирлээ гээд ирсэн.  Ингээд манай гэрээс холгүй байдаг хүнсний дэлгүүрээс Гантулга хуурай ах Должмаагийн хамтаар “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архинаас 1 шилийг мөн 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” гэх шошготой пиво дэлгүүрээс авчраад задлаад хоорондоо юм ярингаа ууцгаасан, мөн архи дууссаны дараа ахин 1 шил “Хараа” гэх шошготой 0.75 литрийн архи авчраад уусан ... ******* нь надад хандан “би даараад байна, галаа асаа” гэж хэлэхээр би гал түлсэн бөгөөд миний асаасан гал асаж өгөхгүй утаа саагиулаад байхад Баттулга ах надад болон *******д “гэр утаа болгоод байна шүү дээ угаартлаа шүү дээ” гэж хэлээд байсан бөгөөд манай нөхөр тэр үед “би өөрөө галаа асаалаа” гээд зуухны амны хажууд буюу гэрийн баруун талд гартаа хар иштэй хутга бариад мод цуулаад суусан. Энэ үед би ...тамхи татахаар гэрээс гарч хэсэг байж байгаад буцаад орсон. ... Баттулга ах дахин “гэр угаартлаа шүү дээ, би угаартлаа” гэх зэргээр *******тай амаар маргаан хийх шиг болоод архиа ******* руу цацах үед Хүдрээ босож ирээд Баттулга ахын сууж байсан газар руу очиж дээрээс нь дараад хэвтээд боссон. Би тэр үед огт юм бодолгүй хоорондоо юм ярилцах гэж байгаа юм байна гэж бодож байхад босох үед нь харахад Баттулга ах “Хүдрээ намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд доошоо гэдсээ тэврээд хэвтсэн. ...хажууд нь сууж байсан Гантулга, Должмаа ах хоёр *******ыг холдуулах үед Хүдрээ “би хүн хутгалчихлаа” гээд орилоод байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гээд гарт байсан хар иштэй хутгийг аваад үүдний гуталны тавиур дээр тавиад орхисон...” гэсэн /хх 34-36/,

Гэрч С.Ариунсувдын: “...2022 оны 06 сарын 16-ны өдөр манайд шинээр бэр болж буй Бүрэнхишиг манай том эгч Ариунгэрэл рүү утсаар яриад “******* архи ууж байгаад хүн хутгалаад алчихлаа” гэж хэлсэн гэсэн. ...Тухайн үед би *******ы гэрт очих үед гэр нь хүнгүй, пийшингийнх нь эргэн тойрон цус болчихсон байхаар нь би айгаад Цагдаагийн газар ирсэн. Тэр үед ******* цагдаа нарт шалгагдаж байсан. Ингэж л *******ыг хүн алсан болохыг мэдсэн” гэсэн /хх 38-39/ мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч Н.Уянгын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай Талийгаач З.Баттулгын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун урд хэсэгт 2,3-р хавирганы завсраар урдаас арагш чиглэлтэй цээжний хөндийг нэвтрэн баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний баруун хөндийн цус алдалт /1000мл/ гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх химийн шинжилгээгээр цусанд 2 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно. ...Талийгаач нь цээжний баруун урд хэсэгт 2,3-р хавирганы завсраар урдаас арагш чиглэлтэй цээжний хөндийг нэвтрэн баруун уушгийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.” гэх дүгнэлт /хх 46-49/, Шүүх сэтгэц эмгэг судлалын “...******* нь сэтгэцийн хувьд эрүүл байна. ... ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /хх 73/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-15/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч *******ы хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан оногдуулсан 10 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...ял шийтгэлийг 8 жилийн хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “...Шүүхийн тогтоол нь хууль бус дэндүү хөнгөн ял шийтгэл оноосон гэж үзэж байна. ...Должмаа, Гантулга, Бүрэнхишиг нарт ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Би эдгээрийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж маш их гомдолтой байна. ... Бүрэнхишигийг дахин мөрдөн байцаалтад асууж хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2022 оны 09 дугээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Ө.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                    О.БААТАРСҮХ

                                                                                          Ж.ДОЛГОРМАА