| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/03036/И |
| Дугаар | 182/ШШ2024/04113 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04113
2024 10 08 182/ШШ2024/04113
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ....ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ....д холбогдох
91,035,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жамъяндорж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Жавхлантөгс
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Га нь "....ХХК-тай 2022 оны 04 сарын 22-ны өдөр 21\01\97 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Тус Орон сууц захиалгын гэрээгээр ....ХХК нь Баянзүрх дүүрэг, 8- р хороо, Баганат хороолол, 38-р блок 6 давхрын F тоот 40,46 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 4 улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Х.Га нь орон сууцны төлбөр болох 60,690,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
Орон сууц захиалгын гэрээний үүргийн дагуу орон сууцны төлбөр болох 60,690,000 төгрөгийг миний бие Х.Га нь "Мөнгөн саран хас" ХХК -д бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэ талаар "....ХХК нь 2022 оны 12 сарын 22-ны өдөр баталгаа гаргаж баталгаажуулсан байдаг.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1- т Орон сууцыг 2022 оны 4 улиралд багтаан Захиалагчид хүлээлгэн өгнө, мөн 3 дугаар зүйлийн 3.1.3-т Орон сууцыг 100% төлбөр хийсэн захиалагчид Барилгын улсын комисс хүлээн авсны дараа шилжүүлэн өгч, өмчлөх эрхийг нотлох холбогдох бичиг баримтыг шилжүүлнэ гэж тус тус заасан.
Гэтэл "....ХХК нь Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38- р блок, 6 давхрын F тоот 40,46 мкв 2 өрөө орон сууцыг 2022 оны 4 улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс "....ХХК-с орон сууц захиалгын гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, улмаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч Х.Га би "Мөнгөн саран хас" ХХК -д 2023 оны 07 сарын 21-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, тус гэрээг 2023 оны 07 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаас үзвэл Хариуцагч ....ХХК нь орон сууцны төлбөрт хүлээн авсан 60,690,000 буцаан өгөх үүрэгтэй байна. Гэтэл гэрээний дагуу төлсөн төлбөрийг төлөхгүй явсаар байна.
Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 8 дугаар зүйлийн 8.12- т Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа энэхүү гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хойшилсон, 5.1-д заасан хугацаа 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-иар тооцож Гүйцэтгэгч тал Захиалагч талд төлнө гэж заасан байна.
Орон сууц хүлээлгэн өгөх хугацааг "....ХХК нь гэрээнд заасан шалтгаанаар хойшлуулаагүй, орон сууцыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байх тул 2023 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэл үүрэг гүйцэтгэх хугацааг 151 хоног хэтрүүлсэн байна. Улмаар хоног тутамд 303,450 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсэж байгаа бөгөөд нийт алдангийн хэмжээ 45,820,950 төгрөг болж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагчаас 30,345,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч ....ХХК-аас Орон сууц захиалгын гэрээний үүрэг болгон төлсөн 60,690,000 төгрөг, алданги 30,345,000 төгрөг, нийт 91,035,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч Х.Га нь "Орон сууц захиалгын гэрээний төлбөрт 60,690,000 төгрөг төлсөн, алданги 30,345,000 төгрөг, хохирол 5,000,000 төгрөг нийт 96,035,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай" болгон өөрчилж байна гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх, орон сууцны түрээсийн 5,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хишигсүрэн, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.Жавхлантөгс нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Га нь хариуцагч ....ХХК-д холбогдуулан, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх, орон сууцны түрээсийн 5,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гаээс 710,750 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 355,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гат олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.Га нь хариуцагч ....ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баганат хороолол, 38-р блок, 6 давхар, F тоот 40,46 м.кв 2 өрөө орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргаж өгөх, орон сууцны түрээсийн 5,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Гаээс 710,750 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,375 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 355,375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ