Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Б.Батнасан

         Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Р.С-д холбогдох 17160009400064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, нөхөр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .... суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, ДЮ.... регистрийн дугаартай, Б овогтой Р-н С гэв.

Холбогдсон хэргийн талаар: Р.С нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокед пивоны шил шидэж, иргэн Б.Э-н зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүгдэгч Р.С нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй караокед пивоны шил шидэж, иргэн Б.Э-н зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл буюу түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Р.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр манай нэг найзынх хүүхдийн даахь авсан. Бид тав хүүхдийн даахинд оччихоод тэндээс гараад “Аялгуу” бааранд орсон. Манай хажуугийн ширээнд байсан залуучууд хоорондоо маргалдсан. Тэр дотор манай нэг хамаатан залуу байсан. Тэгээд бид хэд гарах гээд тооцоогоо хийхэд бид хэдийн тооцооноос 13.000 төгрөг дутсан тухайн газар нь карт уншуулдаггүй байсан. Тэгэхээр нь буцаад ширээндээ суусан. Тэр үед манай нэг найзыг нөхөр нь ирээд аваад явсан байсан. Нөгөө нэг найз маань карт уншуулах гээд гараад явсан. Би *** гээд найзтайгаа хамт үлдсэн. Хажуу ширээний залуучууд бид хоёрт пиво авчирч өгөөд байсан. Тэгэхээр нь бид хоёр 13.000 төгрөгний өртэй байгаа гээд тухайн пивыг уулгүй буцааж өгсөн. Тухайн үед нэг залуу би нэрийг нь санахгүй байна. Хажууд ирж суугаад тооцоог чинь хийчихнэ хамт буудал орж жоохон юм ярьж, ууж сууя гээд байхаар нь би үгүй, юу яриад байгаа юм бэ? гэхэд нөгөө залуу босохдоо миний утсыг түлхээд унагахад миний утас өөрсдийнх нь ширээний харалдаа очоод унасан. Миний утсыг аваад өг гэхэд нөгөө залуу авч өгөөгүй. Тэгэхээр нь би пивоны шил шидчихсэн. Би найзтайгаа хамт гарч яваад цүнхээ орхисон байсан. Тэгээд манай найз охин чиний цүнхийг аваад ирье гээд буцаад явсан. Манай ээж бие нь муу Улаанбаатар хотод байдаг. Хоёр удаа хагалгаанд орсон. Өнөөдөр бас хагалгаанд орж байгаа. Тухайн хэрэг гараад удалгүй би Улаанбаатар хот явсан. Тэгээд 4 хоногийн дараа Цагдаагийн газраас “***” гэдэг бааранд зодоон болсон юм байна. Өөрийн биед чинь шарх гэмтэл байна уу? гэж ярьсан. Тэгээд тухайн цагдаад ийм гэмтэл байна гэхэд чи шинжээч эмч томилоод үзүүлээдэх гэсэн боловч надад тухайн үед гэмтлийн зэрэг тогтоолгоод явах боломжгүй, би өвчтэй ээжийгээ эмнэлэгт харж байсан. Тэгээд удалгүй би өвчтэй ээжийгээ орхиод энд ирж цагдаатай уулзсан. Хохирогч бол гомдол саналгүй гэсэн байгаа. Хохирогч бол өөрийн буруутай үйлдлийг мэдэж байгаа учраас гомдол саналгүй гэсэн байх. Би зүгээр байсан хүнрүү шил шидэхгүй ямар нэгэн шалтгаантай байсан. Бид нар 13.000 төгрөгийг чинь төлчихье. Бид нартай хамт явчих гэж хэлсэн. Би нойл ороход араас дагаж орж ирээд хананд шахаад, бөгс, хөх базаад бид нартай хамт явчих гээд бид хоёр зодолдож, ноцолдсон. Ширээн дээр ирчихээд бас хэл амаар доромжлоод байсан. Бид хэд зодолдоод гарч ороод нилээд удсан. Тэгээд зөөгч охин цагдаа дуудсан байсан. Тэгэхээр нь бид хоёр гарч зугтаад анагаахын шатны хажууд намайг суулгаад манай найз миний цүнхийг авах гээд явахдаа цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд орсон байсан. Би гэртээ очоод дүүгээ дагуулж яваад найзыгаа эрүүлжүүлэхээс гаргаж авсан. Тухайн баар нь камертай байсан учраас камерийн бичлэг үзэх гэтэл камерийн бичлэг үзэх боломжгүй гэсэн. Хохирогч нь 10 дугаар сарын 16-нд очиж гэмтлийн зэрэг тогтоолгосон байсан. Гэтэл 10 дугаар сарын 13-нд “***” гээд манай найзын ажил дээр хэдэн залуутай муудалцаад зодоон хийгээд тооцоогоо төлөлгүй явсан байсан.  Хохирогч нь өөрөө гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн байгаа. Манай найзын хүүхдийн даахинд очоод 3 хундага архи уусан. Тэндээс гараад кароакед ороод нэг шил архи уусан. Кароакегаас гарч явсанаа санахгүй байна. Би пивоны шил шидсэн учраас би толгойг нь хагалсан байх гэж бодож байна Хохирогчид хохирол барагдуулаагүй. Хохирогчтой зохицсон байгаа....” гэх мэдүүлэг,  

Хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...нөгөө талын ширээн дээр 3 хүүхэн сууж байсан бөгөөд нэг хүүхэн согтуу агсам тавиад би сэхээтэн айлын хүүхэд. Та нар шиг юмнууд тэгдэггүй юм гээд бид нарлуу 5 ширхэг пивоны шил шидсэн бөгөөд тэр шилнүүд нь бүгд газар унаж хагарсан. Нөгөө хүүхэн дахин нэг шил авч шидээд миний толгойг хагалсан юм. Тухайн бааранд миний толгойноос цус гоожсон байсан. Мөн пивоны шил хагарсан байсан учраас Аялгуу баарны зөөгч нь цагдаад дуудсан. Тэр үед миний  толгойг шилээр цохисон хүүхэн нь гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх14-15-рт/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... манай караокед зэрэгцээ мөртлөө тусдаа ширээний нэг талд нь дандаа хүүхнүүд, нөгөө талд нь дандаа залуучууд сууж байсан. Тэгэхэд хүүхнүүдийн сууж байсан ширээний нэг хүүхэн нь өөрийнхөө ширээн дээр байсан пивоны шилийг хажуугийн ширээний залуучуудруу шидээд байсан. Тэр хүүхнийг урт үстэй эмэгтэй хориод байсан боловч нөгөө хүүхэн хүчрэгдэхгүй пивоны шил шидэж байгаад нэг залуугийн толгойг хагалсан. Тэгээд би дуудлага өгсөн юм. Ширээн дээр сууж байсан эрчүүд нь ямар нэг зодоон цохион тэнд байсан хүүхнүүдтэй болон хоорондоо хийгээгүй. Хүүхнүүдийн сууж байсан ширээнээс ганцхан С нь шил шидсэн ...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн:

“1. Иргэн Б.Э-н биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3.цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх №305 дугаартай акт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч  болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Батнасангийн хүсэлтээр: Хх-17-18-рт Р.С-н гэрчээр өгсөн мэдүүлэг,  хх-29-30-рт Р.С-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Р.С-н сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Р.С нь пивоны шил шидсэний улмаас Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Р.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаартай тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Р.С нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Э нь “...Р.С-с нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй...” гэснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.С нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Р.С нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Р-н С-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.С-н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг Р.С-д танилцуулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА