Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/48

 

Г.Батсуурьт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                             Д.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  У.Ураннавч

Өмгөөлөгч                                                           Д.Галтогтох

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     С.Соронзонболд

Шүүгдэгч                                                              Г.Батсуурь   

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавч, шүүгдэгч Г.Батсуурь нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Батсуурьт холбогдох эрүүгийн 2221000000114 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хөгдүүд овогт Гантөмөрийн Батсуурь, Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт  Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, Зүүн сүүж гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: ЖЕ89020770/

Шүүгдэгч Г.Батсуурь нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, Зүүн сүүж гэх газарт байх өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Арслантай үл ялих зүйл дээр маргалдан зодолдож улмаар У.Арслангийн хүзүүн тус газар 3, нуруун тус газарт 9 нийт 12 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөгдүүд овогт Гантөмөрийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Гантөмөрийн Батсуурийг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсуурьт оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсуурийн цагдан хоригдсон 186 /нэг зуун наян зургаа/  хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.Батсууриас 16,383,624 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавчид олгож, хохирлоос өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 2,878,979 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн дээл,  саарал өнгийн ноосон цамц,  хөх өнгийн жинсэн өмд,  ягаан өнгийн ноосон цамц,  саарал өнгийн оруулгатай, шар мөрөвчтэй өмд,  саарал өнгийн мяндсан ногт, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, шар ягаан бариултай хайч 1 ширхэг,  бариулгүй хутга 1 ширхэг,  ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Батсуурийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Батсуурьт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Батсуурь давж заалдах гомдолдоо: “... Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө бичгээр илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх. Манай ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавчийн Хаан банкны 5075501152 тоот дансанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1 сая төгрөг шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хуульд заасан ялын доод хэмжээгээр хөнгөрүүлэн өгч, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батсуурьт ял оногдуулахдаа хэтэрхий хөнгөрүүлсэн гэж үзэж байна.

Г.Батсуурь нь миний дүү Арслангийн амь насыг онц хэрцгийгээр хороочихоод үхсэн малаа гэр хотноосоо холдуулж байгаа юм шиг үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хөлнөөс нь адууны ногтоор оосорлож, мотоциклоор чирч, хээр аваачиж хаясан. Түүнээс гадна гэмт хэрэг үйлдсэнээ цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, ар гэр, ах дүүст нь хэлээгүй, хэргийн газрыг угааж цэвэрлэж, нотлох баримтуудыг арилгаж, үгүй болгосон.

Төрсөн ах нь дүүгээ сураглаж Г.Батсуурь луу утсаар ярихад юу болсон талаар огт хэлээгүй, мэдэхгүй л гэж хэлээд байсан. Аймшигт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж явсан хууль, цагдаагийн ажилтнуудад дарамтлуулсан, эрүү шүүлт тулгасан гэж гомдол гаргаж хэргийг удаашруулж ирсэн.

Г.Батсуурь үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, харамсахгүй байсан бөгөөд ар гэрээс нь болон өөрөө хохирогч талын бидэнтэй огт холбоо бариагүй, уучлалт гуйгаагүй. Шүүх хурал дээр гэмшиж, харамсаж байна гэж хүчээр хэлж байсан. Үнэхээр харамсаж, гэмшиж байсан бол шүүх хурлаас өмнө энэ байдлаа бидэнд мэдрүүлэх байсан болов уу.

Би талийгаач дүүгээ оршуулах явцад гарсан зардлуулыг баримтжуулж мөрдөн байцаалтын шатанд хавсаргаж өгсөн. Нийт 27 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Батсуурь хохирол төлбөрөөс огт төлөхгүй байж байгаад шүүх хурлын өмнө 1,0 сая төрөг төлсөн. Үнэхээр үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн бол хохирол төлбөрийг барагдуулах, болохоосоо болохгүйг нь хүртэл явах байсан болов уу. Г.Батсуурь болон түүний гэр бүл юу ч үгүй хоосон хүмүүс биш гэдгийг бид мэднэ. Ингэж хандаж байгаа байдлыг биднийг доромжилж байна гэж ойлгож байгаа.

Юугаар ч үнэлэх аргагүй үнэ цэнэтэй хүний алтан амь насыг хохироочихоод ар гэрийнхэн, үр хүүхдүүдийг нь өнчрүүлчихээд, сэтгэл санааны асар их гарз хохирол учруулчихаад ядаж оршуулгынх нь зардлыг төлөхгүй байсан хүн шүү дээ.

Бидний зүгээс мөнгө авахдаа гол нь биш. Хамгийн гол нь Г.Батсуурь гэх хүн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй эсэх нь л эндээс харагдаж байгаа юм. Ийм байхад анхан шатны шүүх яагаад ийм бага ял оногдуулав гэж гайхаж байна. Анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би Г.Батсууриас хохирол төлбөрт нийт 27 336 309 төгрөг нэхэмжилтэл анхан шатны шүүхээс 17 393 624 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Би талийгаач дүүгээ нас барсантай холбоотой биднээс гарсан зардлын мэдэгдэж байгаа хэсгээ л нэхэмжилсэн. Өөр мэдэгдээгүй зардлууд зөндөө байсныг сүүлд мэдсэн. Яагаад 10-аад сая төгрөгийг хасаж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Ямар зардлыг ямар үндэслэлээр хассан болохоо шүүх тайлбарлаагүй учир хохирогч надад ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавч гаргасан тайлбартаа: “Энэ хүний хувьд нэг ч удаа “уучлаарай” гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлээгүй. Сая гомдол гаргахын өмнө 1 000 000 төгрөг, шүүх хуралдааны үеэр 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ бүхнээс харахад хурлын өмнө 1 000 000 төгрөг хийгээд байвал ял хөнгөлөөд байна гэж бодоод байгаа юм болов уу? Дүү минь босоод ирэх бишдээ гэдэг бодол л орж ирж байна. Үхсэн хүн босч ирээд үг хэлэхгүй. Алуурчин хүнд эрх нь үйлчлээд байдаг. Үнэхээр онц хэрцгий аргаар дүүгийн минь амийг хохироочихоод байна. Анхан шатны шүүхээс хангалттай бага ял өгсөн. Гэтэл дахиад бага ял авмаар байна гээд байх юм. Өшөө ч их ял өгөх ёстой гэж бодож байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Д.Галтогтох гаргасан тайлбартаа: “... Бусад зардлаас аль хэсгийг хохиролд тооцохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгаа нь тодорхой бус байна. Энэ баримт тодорхой бус байгаагаас болж цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхээ алдаж байна. ... Батсуурийн хувьд хорих ялын хэмжээг бууруулах, дэглэмийг хөнгөлөх талаар санал гаргасан байна. Энэ байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэг гараад нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд үнэхээр чин санаанаасаа гэмшсэн үйлдэл гаргаж байгаагүй. “Уучлаарай” гэж ганц үг хэлсэн. Хохирол төлбөр төлөөгүй, төлнө гэдгээ л илэрхийлсэн бичиг дээр гарын үсэг зурсан. Гэмт хэрэг үйлдэхдээ үнэхээр онц ноцтой үйлдэл гаргасан. Мөн хэрэг үйлдсэнээ нуух гэж оролдсон. Хорих ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Батсуурь гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан тайлбартаа: “Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. ... Их дээрэнгүй харьцсан, цэрэгт байсан цаг үеэ хүртэл ярьж хэлсэн байдаг. Энэ бүхэн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн юм. ... Миний хувьд ял шийтгэлтэй маргах зүйл байхгүй. Тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдаг. Мал махны ханшнаас шалтгаалан хохирлоо төлж чадахгүй байгаа. ... Нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх хүсэлтэй байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хохиролтой холбоотой баримтууд анхан шатны шүүх хуралдаан дээр нилээн хэлэлцэгдсэн. Үнэхээр баримтгүй, үнэлэх боломжгүй зүйлсийг хасаж тооцсон байгаа. Цаашид ч хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ... Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дэглэмийг өөрчлүүлэх саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүх хуралдааны хандлага, өнөөдөр байгаа хандлагыг ч гэсэн харгалзан үзэх нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хувьд ялыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үйлдэлтэй нь тохирсон.  Хохирлын асуудал яригдаж байна. Хохирол болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Батсуурь нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр баг, Зүүн сүүж гэх газарт байх өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.Арслантай үл ялих зүйл дээр маргалдан зодолдож улмаар У.Арслангийн хүзүүн тус газар 3, нуруун тус газарт 9 нийт 12 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгаж, тарчилган зовоож алсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Батсуурийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 209/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна. Миний дүүгийн хүзүүнд нь 3 удаа, нуруунд нь 9 удаа нийт 12 удаа хутгалж  амь насыг нь онц харгис хэрцгийгээр хохироож, хээр хөдөө чирч аваачиж хаясан. ... Хэрэв бид  дүүгээ олоогүй байсан бол өнөөдөр ямар байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна. Г.Батсуурийн ар гэрийнхэн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа бидэнтэй холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Ах нь Г.Батсуурийн гэрт дүүгээ асууж удаа дараа сураглаж очсон байдаг. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр очих үед гэрийнх нь өрх бүтээлгээтэй байсан. Одоо эргээд санахад хаалгаар нь шагайхад гэрт нь хүнгүй, муухай үнэр үнэртэж байсан гэдэг. Тэр дусал цус биш, манай дүү гэрт нь цусаа юүлээд нас барсан. 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой Батсуурийнд ар гэрийнхэн нь ирэхэд гэрээс нь эвгүй цусны үнэр гарсан байж таарна. Энэ гэмт хэргийг Г.Батсуурийн гэрийнхэн мэдэж байсан гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 214/

Шинжээч эмч Б.Өнөрборгилын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Амь хохирогчийн толгойд үүссэн гэмтлийн  талаар мөрдөн шалгах ажиллагаанд нэмэлт тайлбар өгсөн байгаа. ... Гавал тархины хүнд гэмтлийн үед тухайн тархины эдийн хатуу хальсан дээр болон доор хэсэгт цусан хураа  үүсдэг. Гавал тархины гэмтлүүдийн үед дээрх цусан хураа болон цус хуралт үүсдэг. Энэ хүний хувьд уг гэмтэл яагаад үүсээгүй вэ гэвэл амь хохирогчид цус алдалт хурц явагдсан. Үүний араас үүссэн гэмтэл учир тархины эдэд цус алдалтын болон цусан хураа үүсээгүй байсан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 215/

Гэрч Б.Батбаярын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Шөнө Г.Батсуурийг ирэх үед би унтаж байсан болохоор хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Г.Батсуурь хаалга тогшоод нэг хүнтэй яриад байсан. Би хаалга тавьж өгөөгүй учир хэнтэй явж байсан гэдгийг нь хараагүй. Г.Батсуурь нь томоотой, зөөлөн хүн, хааяа архи уудаг. Г.Батсуурийг хүнтэй маргаж муудаж байсныг хараагүй, бид маргалдаж байсан удаа байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 219/

Гэрч Г.Баттулгын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “... Миний дүү Г.Батсуурь хүн алах хүн биш. Би дүүгээ хүний амь насыг хохироосон гэдэгт итгэхгүй байна. ...Тухайн үед бид нар ямаа самнахаар хөдөө гэртээ ирсэн. Биднийг гэрт ирэх үед дүү маань байхгүй, Гурванзагал сум руу эхнэр хүүхдээ авч ирэхээр явсан байсан. Бид У.Арсланг байхгүй талаар мэдээгүй. Маргааш нь биднийг ямаагаа самнаж байхад орой Барсбаатар гэж хүн утсаар яриад манай дүү танайд очсон гэсэн, гэртээ ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ талийгаачийг асуухад манай дүү надад хэлэхдээ “бид 2 архи ууж хоноод өглөө сэрэхэд гэрт Арслан байхгүй байхаар нь гадуур хашаан дотор хайж байгаад эргээд гэртээ ороод унтсан” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 222-223/

Иргэдийн төлөөлөгч Б.Намжилдуламын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “...Тухайн өдөр эдгээр залуус архи уугаагүй байсан бол энэ хэрэг гарахгүй байх байсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. ...” гэсэн дүгнэлт, /2хх 234/

Гэрч У.Барсбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн орчим манай дүү Арслан миний улаан өнгийн мотоциклийг унаад “ахаа би Гомбын гэр рүү яваад ирье, хуучин мотоциклийг нь худалдаж авах гэсэн юм, өөрийн гэсэн унаатай болмоор байна.” гэж хэлсэн. ...Тэр орой Арслан ирээгүй бөгөөд би түүнийг Гомботой наймаа яриад гэрт нь хоносон юм байх гэж бодоод тоолгүй унтсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим  би Гомбо руу утсаар яриад дүүгээ сураглахад танай дүү өчигдөр орой манай гэрт ирээд цэргийн он жав Батсуурийн гэр рүү явлаа гээд гарсан гэж хэлсэн. Тэр орой манай дүү Арслан гэртээ ирээгүй бөгөөд надтай утсаар холбоо бариагүй. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчим тэнгэр онгойхоор нь хүний машин гуйгаад Батсуурийн хөдөө гэр рүү нь очсон. Тэдний гэрт 15 цагт очиход гэр нь эзгүй, хаалга нь цоожгүй, гадаа нь мотоцикл байгаагүй. Тэндээсээ хөдлөөд Дашбалбар сумын төвд ирээд найз Р.Оюунболдтой утсаар яриад “Батсуурь болон дүү Арслан нарыг харсан уу, танай сумаар ирсэн сурагтай байна.” гэхэд Оюунболд надад “Батсуурь эхнэр хүүхдээ авчрахаар Гурванзагал сум руу явсан сураг байна гэж хэлсэн.” Тэгэхээр нь би Арсланг Батсуурийн малыг хараад хөдөө гэрт нь үлдсэн юм байна даа, малд явсан хойгуур нь зөрөөд ирчихэж, Батсуурийг ирэхээр нь харих юм байна гэж бодоод  буцсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим би Батсуурийн дугаарыг олоод түүнтэй холбогдоод “Арслан яасан бэ” гэж асуухад Батсуурь “Арслан манай гэрт байхгүй, гараад явсан, гэртээ очоогүй юм уу, мотоцикл нь энд байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад “чи хүн мотоциклгүй явган гараад алга болж байхад надад болон цагдаад хэлдэггүй юм уу.” гэж загнасан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найзтайгаа хамт  Батсуурийн гэрт нь очоод юу болсон талаар асуухад 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамт архи ууж байгаад 04 цагт унтацгаасан. Өглөө босоход Арслан гэрт байгаагүй, мотоцикл, гадуур хувцас нь байсан. Түүнийг гэртээ харьсан юм байх гэж бодсон гэж хэлсэн. ... Би найз Төмөргарьдын хамтаар дүүгээ Батсуурийн гэрийн ойр орчмоор хайсан. Тухайн үед дүүгээ осгоод хөлдөөд үхсэн байж магадгүй гэж бодоод хайж байсан юм. Тэгээд Батсуурийн гэрийн баруун урд талын өндөр дээр гараад харахад уг толгодын хойд энгэрт нэвсийсэн хар юм харагдахаар нь ойртож очиход манай дүү Арслангийн цогцос байсан. Би машинаасаа буугаад дүүгийнхээ хөл дор очоод уйлсан. Тэр үед манай найз Төмөргарьд надад хандаж  “чи битгий ойрт, дүүдээ хүрч болохгүй, дүүгийн чинь хоёр хөл нь уяагаар тушаатай байна, наадах чинь хүн амины хэрэг байна.” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 55-56/

Гэрч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим би ямаагаа самнахаар ээж, эхнэр, хүүхдийн хамтаар хөдөө гэртээ ирсэн. Бид нарыг ирэхэд Батсуурь гэртээ байгаагүй. Орой 19 цагийн орчим Батсуурь эхнэр, хүүхдийн хамтаар Гурванзагал сумаас ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Барсбаатар манай дүү Батсуурь руу утсаар залгаад өөрийнхөө дүүг асуугаад “гэртээ ирэхгүй байна” гэж хэлсэн. Би Батсууриас юу болсон талаар асуухад “цэргийн найз Арслан 13-ны орой ирээд надаас авдарны архи нэхээд байсан. Би түүнтэй хамт сумын төв орж архи аваад гэртээ ирж уусан. Өглөө сэрэхэд Арслан байхгүй байсан.” гэж хэлсэн. Би эргэн тойрныхоо газруудаар Арсланг хайж яваад саахалт айлын Ганболдтой таарахад тэр надад “танай дүү чинь гэртээ нэг согтуу хүнтэй чанга чанга хэрэлдээд түжигнээд байхаар нь би гэр рүү нь оролгүй явсан.” гэж хэлсэн.  Би энэ талаар дүү Батсууриас асуухад мэдэхгүй гэсэн. 3 дугаар сарын 18-ны өдөр Барсбаатар ирээд манай баруун урд 1 км орчим зайтай газраас дүү Арслангийнхаа цогцсыг олж, удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 38-39/

Гэрч Х.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчим би айлд хоноод гэр рүүгээ харих замдаа Батсуурийн гэрээр нь дайрсан юм. Тухайн үед би Батсуурийн гэрийн гадаа мотоциклтойгоо зогсоод гэр рүү нь орох гэхэд гэр дотор Батсуурь нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байсан. Тэгээд би согтуу хүмүүсийн  маргаан дундуур ороод яахав гэж бодоод шууд хөдлөөд явсан. ... тэндээс хөдлөөд хүргэн дүү Батбаярын гэрт нь очоод түүнд Батсуурь гэртээ нэг хүнтэй чанга дуугаар хэрэлдээд байхаар нь оролгүй хүрээд ирлээ гэж хэлсэн. Тэр үед Батбаяр надад Батсуурийн гэрт нь түүний цэргийн он жав найз нь ирсэн гэнэ лээ. Түүнтэй муудаа юм байгаа биз гэж хэлсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим Батсуурь манай гэрт улаан өнгийн мотоциклтой ирээд малаа асуугаад гарсан. Тэгэхдээ цэргийн найзаа алга болсон талаар надад ямар нэгэн юм хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 64-65/

Гэрч Ө.Эрболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчим Батсуурь манайд улаан өнгийн мотоциклтой ирээд  “би эхнэр хүүхдээ Гурванзагал сумаас  авчрах гэсэн чинь гадаа хүйтэн байна, хоёулаа чиний машинтай яваад ирье.” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч эхнэр хүүхдийг нь аваад орой 19 цагийн орчим Батсуурийн гэрт ирсэн. Тэр үед сумын төвөөс Батсуурийн ээж, ах, бэр эгч нар нь ирчихсэн галыг нь түлээд байж байсан. Батсуурь миний машинд сууж манайд ирээд унаж ирсэн улаан өнгийн мотоциклоо авч явсан. Тэгээд буцаж ирээд өөрийнхөө хул өнгийн мотоциклийг бензин хийгээд авч явсан. Батсуурийн хул өнгийн  мотоцикл нь 03 дугаар сарын 12-ноос 15-ны хооронд манай гадаа бензингүй зогсож байсан. 15-нд Батсуурийг манайд ирэх үед энэ хэний мотоцикл юм бэ гэхэд “манай цэргийн он жав Арслангийнх” гэж хэлсэн. Арслан яасан юм бэ гэхэд “гэртээ харьсан юм байлгүй дээ.” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 70-71/

Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 14-ний шөнө 02-03 цагийн орчим би гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ унтаж байтал  хаалга тогших чимээ гарсан. Би орноосоо босолгүй хэн бэ гэж асуухад “Батсуурь байна аа, хаалгаа” гэж хэлсэн. Би тухайн үед нойрмоглоод хаалгаа тавиагүй юм. Тэр үед Батсуурь өөр хэн нэгэн хүнтэй дүнгэр дүнгэр гээд юм ярилцаад байсан. Би хальт сэрээд унтаад өгсөн учир тэднийг согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Удалгүй мотоциклийн дуу гараад Батсуурь нөгөө хүнтэйгээ яваад өгөх шиг болсон. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 14 цагаас цас орсон бөгөөд орой 18 цагаас салхи ширүүсч шуурч эхэлсэн. Тухайн үед манай адуу олдохгүй байсан учраас 20 цагийн орчим Батсуурьтай утсаар ярьж адуугаа асуухдаа “чи өчигдөр манай гадаа хэнтэй цуг ирсэн бэ” гэж асуухад “би цэргийн найз Арслантай очсон юм” гэж хэлж байсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим би хониныхоо бэлчээр дээр Батсуурьтай таарсан. Тухайн үед Батсуурь морьтой явж байсан бөгөөд надад Арслан 3 дугаар сарын 14-ний өглөөнөөс хойш алга болчихлоо, мотоцикл нь манай гадаа байна, алга болоод 3 хонож байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 73-74/

Гэрч Д.Галсанжамцын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байж байхад Батсуурь нэг найзтайгаа орж ирээд “ахаа дугуйны нөхөөс байна уу, миний мотоциклийн дугуй хагарчихлаа, нөхөх гэсэн юм” гээд надаас нөхөөс авсан. ... ойролцоогоор 30 орчим минут болоод найз гэх залуу нь мотоциклоо жолоодоод явсан. Батсуурьтай явж байсан залууг би танихгүй, 25-28 орчим насны тарган туранхайгаараа Батсуурьтай адилхан залуу байсан. Бараан өнгийн куртиктэй явж байсан. Тухайн үед тэр 2 архи уугаагүй эрүүл, хоорондоо маргалдаж, муудсан зүйл болоогүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 76-77/

Гэрч Б.Батсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цаг 40 минутын орчим намайг ээлжинд гарч байхад улаан өнгийн мотоциклтой 2 залуу ирж бензин авсан. Уг мотоциклийг Батсуурь жолоодоод явж байсан. Түүний ар талд хар куртиктэй, шаргал өмдтэй, танихгүй залуу сууж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 79-80/

Гэрч Р.Отгонболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Батсуурь манайд ирээгүй. Тухайн шөнө манайд гаднаас Ганболд ах, хүргэн Тулгаатайгаа хамт ирээд ямаа самнаад хоносон. Маргааш нь буюу 3 дугаар сарын 14-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Ганболд ах манайхаас гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 85-86/

Гэрч С.Долгорын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Арслангийн ах Барсбаатар манай гэрт ирээд өөрийнхөө алга болсон дүүгээ хайж байгаад цогцсыг нь манай баруун урд талаас олсон. Тэр үед би хүү Батсууриас юу болоод байгаа талаар асуухад Арслан 13-ны орой манай гэрт ирээд “надаас авдарны архиа гарга, он жаваасаа архи харамлалаа гээд архи нэхээд байсан. Тэгээд бид 2 сумын төв рүү явж  архи аваад гэртээ ирж цуг уугаад түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна.” гэж хэлсэн. ... уг мяндсан ногтыг миний талийгаач нөхөр Гантөмөр амьд сэрүүн байхдаа өөрийн гараар сүлжиж хийж байсан. Хүү Батсуурь маань архи дарс уугаад байдаггүй, хүний үгэнд оромтгой гэнэн итгэмтгий зантай, ажилд сайн, хар буруу санаагүй хүүхэд байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 88-89/

Гэрч Д.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим Батсуурь над руу утсаар залгаад одоо чамайг авахаар Эркагийн машинтай очлоо гэж хэлсэн. ... 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой Арслангийн ах Барсбаатар манай нөхөр рүү утсаар залгаад дүүгээ асуусан. Тухайн үед би нөхрөөсөө Арслан манайд ирсэн юм уу гэж асуухад  “нөхөр маань юм ярихгүй байсан бөгөөд Арслангийн мотоцикл, куртик нь манайд байгаа, би хайгаад олохгүй байна.” гэсэн зүйл хэлсэн. Өөр тодорхой зүйл ярихгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Барсбаатар алга болсон дүүгээ хайж байгаад цогцсыг нь манай баруун урдаас олсон. Тэр үед хадам ах Баттулга нөхрийг маань байцаагаад юу болсон талаараа хэл гэхэд нөхөр маань  “2022 оны 03 дугаар сарын 13-ны орой манай гэрт цэргийн он жав Арслан ирээд надаас архи нэхээд авдарны архиа гарга гээд байсан. Тухайн үед архи байхгүй байсан учраас бид 2 сумын төв рүү явж  архи аваад гэртээ ирж цуг уугаад согтсон, түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна.” гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 91-92/

Гэрч Н.Төмөргарьдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цагийн орчим Барсбаатар манайд ирээд “Манай дүү Арслан Дашбалбар сум руу найз Батсуурийнхаа гэр рүү яваад ирэхгүй 5 хонож байна, мотоцикл, хувцас нь уг айлд нь байгаа юм байна, очиж хайхгүй бол болохгүй байна, хоёулаа Батсуурийн гэр рүү явж хайя.” гэж хэлсэн. Ингээд Барсбаатар бид 2 09 цаг өнгөрч байхад Батсуурийн гэрт очиж тэдний ойр орчмоор Арсланг хайсан. ...Бид 2 машинаасаа буугаад Барсбаатар дүүгийнхээ цогцсыг таниад хөлнийх нь хажууд очоод уйлсан. Тэр үед би талийгаачийн хоёр хөлийг уягаар баглаж хүлсэн байгааг олж хараад Барсбаатарт “Цогцост хүрч болохгүй, наадах чинь хүн амины хэрэг байна.” гэж хэлээд Барсбаатарыг аваад тэндээс хөдлөөд цагдаад мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 98-99/

Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Дээрх гавал ясны шугаман хугарал болон цөмөрсөн хугарлын үед  тархины хатуу хальсан дээр, доор цусан хураа, тархины эдийн няцралын үед судас гэмтэж эдийн няцрал үүссэнээс тухайн орчимд  цус хуримтлагдах буюу цус хуралт үүсдэг. Баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт үүссэн байгаа нь орчмын эдийн хялгасан судасны гэмтлээс үүсэж байгаа өөрчлөлт бөгөөд дээрх гавал тархины гэмтлийг учруулахад үйлчилсэн хүчин зүйлийн байрлалыг харуулж байгаа гэмтэл юм. Баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд үүссэн нь орчмын эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсээгүй байгаа зэрэг нь амь хохирогч хурц цус алдалтын улмаас захын судаснуудад эрс цус багадалт үүссэн учраас цус хуралт, цусан хураа, зөөлөн эдийн няцрал зэрэг үүсээгүй байгаа нь нас барснаас хойш үүссэн болохыг харуулж байгаа юм. Хурц ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтлийн үед зовиур /зовлон шаналал/ ихтэй байхыг үгүйсгэхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 171-172/

Шүүгдэгч Г.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны орой 19 цаг 40 минутын үед манай гэрт цэргийн найз У.Арслан ирсэн юм. Тэгээд би Арслантай хамт сумын төв рүү мотоциклтой явж 2 шил 0.75 литрийн архи авчирсан. Бид 2 авчирсан архиа өглөө болтол ууж нилээн согтсон. Согтоод хоорондоо маргалдаж, Арслан хутга бариад намайг хатгах гээд чичсэн. Тэгэхээр нь би хутганых нь ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан. Тэгээд би түүний дээр гараад хутгалж эхэлсэн, хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Хутгалсны дараа Арслангийн бие сул, ухаангүй болчихсон байсан. Би түүнийг гэрээс чирч гаргаад гэрийн довжооны урд талын шороон дээр  гаргаад дахин нэмж хутгалсан. Тэгээд амбаараас мяндсан ногт аваад Арслангийн хоёр хөлийг нь холбож уяад мотоциклийнх нь суудлын ар талын төмөрнөөс уяж чирээд хашааныхаа зүүн урдуур гарч баруун урд зүг рүү чиглээд хөдөлсөн. Мотоциклтой хэр хол явсан гэдгээ мэдэхгүй байна, явж байгаад зогсоод уяаг нь тайлж Арсланг тэнд нь хаяад гэртээ ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 08-09/

“...бид уусан архиндаа нилээн согтсон байсан бөгөөд Арслан надад чи муу цэрэгт байхдаа хүний өгсөн хувцас аятайхан өмсөж чаддаггүй, арчаагүй галч  байсан биз дээ.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цуг алба хаасан он жав байж одоо юу хуцаад байгаа юм” гэж хэлэхэд Арслан чамайг “алнаа” гээд намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлж түүнийг заамдаж аваад хэсэг хормын дараа  барьц тавигдаж салцгаасан. Тэр үед Арслан хутга барьчихсан над руу дайрч миний доогуур намайг хатгах гээд чичсэн. Би хутганы ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 04-05/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээний 30 тоот дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх /нурууны баруун талд дасны шугамаар 5-6, 7-8, 11-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх. Элэгний 7-р сегментэд  хатгагдаж зүсэгдсэн шарх/ Гавлын суурь, дух, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархайн ясны хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан дор цус хуралт. 2.Дотор эрхтний цусны эргэлтийн хямрал, цус багадалт. 3.Дунд зэргийн согтолт, дух зүүн шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд хана, баруун хоншоор ясны хугарал. Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором.

Дүгнэлт: “1.Амь хохирогч У.Арслангийн цогцост цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегментэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх. Гавлын суурь, духны ясны шугаман хугарал, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан дор цус хуралт. Дух, зүүн шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд хана, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал. Хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтлүүд тогтоогдлоо.

2. Цээж, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегментэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ Хүзүүний урд дээд, зүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд, нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтэл хагас зөөлөн зүйлийн үйлчлэлээр, зүүн сарвуунд шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр,  бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3.Цээж, хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх /цээжний хөндийн цус хуралдалт, баруун уушгины доод дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, нурууны баруун талд далны шугамаар 5-6, 7-8, 10-11-р  хавирганы завсраар, 12 хавирганы доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, элэгний 7-р сегментэд хатгагдаж зүсэгдсэн шарх/ гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавлын суурь, дух ясны шугаман хугарал, баруун зулайн ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт гэмтэл нь 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хоншоор ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний урд дээд, дүүн дээд, баруун дээд хэсэг, нурууны баруун талд далны шугамаар 5, 6, 10-р хавирганы түвшинд  нурууны голын шугамаар Th12-р нугалмын түвшинд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн сарвуунд шарх, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, зүүн шанаа, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, хүзүүний дээд хэсгийн хөндлөн дарагдлын ором гэмтлүүд нь бүрдэл  хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Гавлын суурь, дух ясны шугаман хугарал, баруун зулай ар дээд хэсэг, дагз, баруун чамархай ясны цөмөрсөн хугарал. Баруун зулайн ар дээд, чамархай хэсгийн тархины эдийн няцрал, баруун зулайн ар дээд хэсэг, баруун чамархай хэсгийн хуйхан доор цус хуралт, баруун хөмсгөнд язарсан шарх, баруун ухархайн дээд ханын хугарал гэмтлүүд нь нас барсны дараа үүсгэгдсэн байх боломжтой байна.

5.Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас бараад 72-с дээш цаг болсон байх боломжтой байна.

6.7 Цусанд 1,6%, ходоодонд 2% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ. Цус нь B/III/ -р бүлгийн харьяалалтай байна.” гэжээ. /1хх 114-119/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1373 тоот дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн ноосон цамц, саарал өнгийн фудболк, шар өнгийн мөрөвчтэй өмд, саарал алаг өнгийн хос оймснуудад гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

2. Ягаан өнгийн ноосон цамцанд 60мм, 30мм, 21мм, 25мм, 15мм, 20мм, 21мм, 24мм, 22мм,  саарал өнгийн фудболканд 75мм, 35мм, 20мм, 30мм, 35мм, 15мм, 20мм, 25мм, 17мм, шар өнгийн мөрөвчтэй өмдөнд 30мм, 100мм, 20мм, 20мм, үүссэн гэмтлүүд хутгаар үүсгэгдсэн байна.

Ягаан өнгийн ноосон цамцанд 15x10мм, 20x10мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт, саарал алаг өнгийн хос оймсонд 60мм, 65мм, эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалтууд байна.

3. Зүсэгдэлтүүд хувцасны хаана үүссэн болохыг үзлэг ба шинжилгээний явцаас харна уу.” гэжээ. /1хх 156-167/

Дорнод аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 396 тоот дүгнэлтэнд:

“1. Г.Батсуурийн биед баруун гарын алга, зүүн гарын 3, 4-р хуруунд шарх, баруун чамархай, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Баруун гарын алганд шарх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Баруун шуунд зулгаралт, баруун гарын алганд  шарх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Зүүн гарын 3, 4-р хуруунд шарх, баруун чамархайд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

4. Баруун гарын алганд шарх, зүүн гарын 3, 4-р хуруунд шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэжээ. /1хх 174-175/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2130 тоот дүгнэлт, гэрэл зураг, /1хх 128-140/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1380 тоот дүгнэлт, гэрэл зураг, /1хх 145-153/  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 12/  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 15-25/  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 26-34/  У.Арслангийн өмсөж явсан хувцсыг хураан авсан үзлэгийн гэрэл зураг, /1хх 35-38/  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 39-42/  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1хх 46-48/  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 102-109/  цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зураг, /1хх 110-113/  шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот дүгнэлт, /1хх 180/  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, /2хх 10-11, 13-16/  хохиролтой холбоотой баримтууд, /2хх 27-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг /задгай/ хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Хөгдүүд овогт Гантөмөрийн Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Гантөмөрийн Батсуурийг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батсуурьт оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч Г.Батсуурьт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батсуурьт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн  тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгч Г.Батсуурийн “... хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавчид 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,0 сая төгрөг шилжүүлсэн. ... ял шийтгэлийг хуульд заасан ялын доод хэмжээгээр хөнгөрүүлэн, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй байна. Тухайлбал анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн /2хх 34-54 тал/ гэм хорын хохиролд шүүгдэгч Г.Батсууриас 17 383 624 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавчид олгож, хохирлоос өмгөөлөгчийн хөлс 1 500 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 2 878 979 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг анхан шатны шүүх харьцуулан судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Г.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15 /арван тав/ жилийн хорих ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “... Анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү.” гэсэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Батсуурь нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 1,0 сая төгрөг төлсөн болохыг магадлалд дурдахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Баттсуурийн  2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Батсуурь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Ураннавч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Батсуурь нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэм хорын хохиролд 1,0 сая төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Г.Батсуурийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

         ШҮҮГЧИД                                             О.БААТАРСҮХ

                                                                       З.ЭНХЦЭЦЭГ