Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2024/0507

 

 

  2024          06            11                                      128/ШШ2024/0507

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Б.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбасүрэн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “М.Энхтуяа нарын 35 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна.

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл хүсэлт гаргасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн шийдвэрээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банктай байрны урд хэсэгт Ш.Бямбасүрэнд ТҮЦ-ийн үйл ажиллагааны байршлыг баталсан тул эвлэрлийг баталж өгнө үү.” гэжээ.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01а/1565 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичигт “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал орчимд Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Зорчигч тээврийн үйлчилгээ UCS 1601В:2020 стандартын 4.5 дахь хэсэгт Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолоос 50 метр зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй гэж заасныг тус тус зөрчиж байршуулсан түргэн үйлчилгээний цэгийг үе шаттай нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4 дэх заалтад ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах гэж заасны дагуу иргэн Б.Батцэнгэлийн хүсэлтийн дагуу Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хаан банктай байрны урд хэсэгт түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж болох байршлыг баталсан.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Батцэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбасүрэнгээс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Худалдаа үйлчилгээний зохицуулах  зөвлөлөөс тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01а/1565 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичиг, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл зэргээс үзэхэд эвлэрэх хүсэлттэй байгаагаа талууд илэрхийлсэн байна.

          Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, Б.Батцэнгэлийн түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж болох байршлыг баталсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.4-д “... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Б.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                            Д.ЧАНЦАЛНЯМ