Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 136/ШШ2024/00434

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын * дугаар баг, ***** гэх газар оршин суух, Товогт Ц Ө нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Д.Г хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ц.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хнар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: Ц.Ө миний бие Д.Г 2004 онд танилцаж, 2005 оны 10 дугаар сард гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Би Д.Г гэр бүл болоод гэрлэлтээ бүртгүүлээгүй юм. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул бидний дундаас төрсөн хүү Ө.Г 1995 онд, охин Ө.Г 2006 онд, хүү Ө.О 2010 онд төрөхөд нь би өөрийнхөө нэрээр овоглож байсан. Бидний хамтын амьдралтайг манай хоёр талын ах дүүс болон нутгийнхан бүгд мэднэ.

Бид гэр бүл болсон цагаас эхлэн одоог хүртэл хөдөө өөрсдийнхөө өмч хөрөнгийн малаа маллаж амьдарч байгаа билээ.

Миний бие өндөр насны тэтгэвэрт малчнаар гарахаар хөөцөлдөхөд бидний маллаж байсан мал манай нөхөр Д.Г нэр дээр тоологдон бүртгэгдэж, миний нэр орхигдсоноос би Г хамт мал маллаж амьдардаг байсан нь харагдах боломжгүй байгаа тул намайг Д.Г хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-2-3/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-5/, Д.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Г төрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-7/, Г төрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-8/, Отөрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-9/, гэрч Ц.О, Ч.С, нарын тодорхойлолт /хх-10, 12/, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-11, 13/, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.О, Ч.С нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс: нэхэмжлэгч Ц.Ө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Ө нь: ...Д.Г хамтын амьдралтай байгаагаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь хүсэлтээ дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:

Д.Г 2004 онд танилцаж, 2005 оны 10 дугаар сараас нэг гэрт орж хамтдаа амьдарч эхэлсэн.

-Хамтран амьдрах хугацаанд охин Ө.Г, хүү Ө.О нарыг төрүүлсэн.

Гэрч Ц.О шүүхэд мэдүүлэхдээ: Ц.Ө, Д.Г нар нь 2005 оноос нэг гэрт орж хамтран амьдарсан. Тэд хамт амьдрах хугацаандаа охин Ө.Г, хүү Ө.О нарыг төрүүлсэн. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын *-р багт мал маллаж амьдардаг гэжээ.

Гэрч Ч.С шүүхэд мэдүүлэхдээ: Ц.Ө, Д.Г нар нь дундаасаа 3 хүүхэдтэй, охин Г гэдэг. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын *-р багт мал маллаж амьдардаг гэжээ.

-Нэхэмжлэгч Ц.Ө нь Д.Г 2005 оны 10 дугаар сараас одоог хүртэл хамт амьдарч байгаа ба иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-5/, Д.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Г төрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-7/, Г төрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-8/, О төрсний бүртгэлийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн лавлагааны хуулбар /хх-9/, болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Ө, Д.Г 2005 оны 10 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц.Ө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2,135.2.14 дэх хэсэгт зааснаар Т овогт Ц Ө Д овогт Д Г хамтын амьдралтай болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ