Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1141

 

 

 

 

        2022           12            01                                    2022/ДШМ/1141

 

А.А, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Ганхөлөг,           

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч А.Золжаргал, Ш.Мягмарцэрэн нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар А.А, Д.Б нарт холбогдох 2102000000334 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын орчим 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “1586 УБИ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Г.Гын “7630 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаснаа шалган, шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл дотор 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

А.А нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "...2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт "МТ" шатахуун түгээх станцын орчим "15-86 УБИ" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, "76-30 УАН" улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн... гэх иргэн Г.Гоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ"-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 13 дугаар заалтад заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх",

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх" гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил, шүүгдэгч Д.Быг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агоос гэмт хэрэг үйлдэж олсон 200.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч А.Золжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхээс А.Аг хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь дараах үйл баримтаар тогтоогдоно. Үүнд:

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, А.А хэзээ, хаана яаж хахууль авсан болохыг эргэлзээгүй тогтоож чадаагүй бөгөөд хэрэг гарсан гэх нөхцөл байдлыг Д.Бын хэргээ хүлээсэн мэдүүлэг болон түүний эхнэр Э.Агийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хүрээнд л шалгасан байгааг шүүхээс анхаарч үзээгүй. Тэгвэл тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд А.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаагүй, тэр газарт үүрэг гүйцэтгээгүй, мөн А.Ад хахууль өгөхдөө түүний хар өнгийн суудлын машин дотор мөнгийг өгсөн гэх боловч А.Ад хар өнгийн автомашин байхгүй болно. Хэрэгт авагдсан баримтаар бол 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 19 цагийн үед шүүгдэгч Д.Бын эхнэр Э.Агийн Хаан банкны данснаас 200.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн, мөн энэ цаг хугацаанд Д.Б нь А.А руу утсаар ярьсан нөхцөл байдал л тогтоогддог.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-д заасан яллагдагч Д.Бын хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан болсон үйл баримтын талаар харилцан зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадаагүй гэрч Э.Агийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг зөрчсөн байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн талаар:

Авилгын гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж нь ихэнхдээ гэрчгүй, бусдаас далд нууц байдлаар үйлдэгддэг онцлогтой тул шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлгээс үл хамаарах бодитой эх сурвалж бүхий нотлох баримтаар нотлон тогтоох хуулийн шаардлага үүсэх атал шүүх энэ хэрэгт зөвхөн адил эрх хэмжээ бүхий яллагдагч Д.Бын хэргээ хүлээсэн гэх, эх сурвалжаа зааж чадаагүй, тогтоогдоогүй аман мэдүүлгээр, мөн мөнгө төгрөгтэй ямарч холбогдолгүй утсаар ярьсан гэх ярианы бичлэг зэрэг хийсвэр нотлох баримтад тулгуурлан гэм бурууг тогтоож, тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 болон 16.3 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөх тал үзнэ.

Хэрвээ хуулийн дээрх заалтуудыг баримталсан бол өмгөөлөх талын мэтгэлцээнд санал гаргасан эх сурвалжийг олж тогтоох ажиллагаа хийгдэх бүрэн боломжтой ба тухайлбал, хэрэг учрал болсон гэх 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.А нь хаана үүрэг гүйцэтгэсэн байдлыг тогтоох хүсэлтийг хүлээн аваагүй, энэ байдлыг анхан шатны шүүх хуралд гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн хуулиар тогтоосон шударга ёсны зарчимд заасан хууль шүүхийн өмнө адил тэгш байх эрх, ялангуяа ямарч нотлох баримтгүй яллагдагч Д.Бын аман мэдүүлгийг үнэн зөв гэж шууд үзэж, гэм бурууг нотлогдсон гэж үзэх нь хуульд заасан /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2, 4 дахь заалт/ нотолсон баримт хэрэгт авагдаагүй байдлыг шүүх өөрөө байгаа мэтээр шууд зөвшөөрсөн дүгнэлт болж, энэ нь ялгаварлан гадуурхах хэлбэртэй дүгнэлт гэж шууд үзэх үндэслэл болж байна. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугүй болохоо нотлох үүрэггүй /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь заалт/ болно.

Хэрэг учрал болсон гэх байдлыг шүүн шийдвэрлэсэн 735 тоот шийтгэх тогтоол нь бүхэлдээ илт нэг талыг барьсан, гэм бурууг урьдчилан тогтоосон байж болзошгүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хуулийн дагуу гаргасан нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл бүхий санал, хүсэлтийг шууд үгүйсгэж, хуулиар адил эрх, үүрэгтэй нэг яллагдагчийн сурвалжгүй /нотлогдоогүй/ аман мэдүүлэгт үндэслэн нөгөө яллагдагчийг гэм буруутайд тооцсон, гэрч нар мэдүүлгийн талаар урьдчилан үгссэн байж болзошгүй байдлыг үл хэрэгссэн, хэрэг гарсан байдлыг хөдөлбөргүй тогтоосон байх хуулийн шаардлагыг илтэд баримтлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дутуу байдлыг хаацайлсан, шүүгдэгчийн хуульд заасан эрхийг хангаагүй, гэм буруугүй байдлыг нотолсон нотлох баримт яллагдагч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдал, үүрэг гүйцэтгэсэн болон хэрэг гарсан гэх газрыг тогтоолгох талаарх хариуг хэрэгт аваагүй байгаа байдалд ямарч дүгнэлт өгөөгүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2, 4 дэх заалтууд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.6, 1.7, 1.12 дугаар зүйлүүд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйл, 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5 болон 16.3 дугаар зүйлийн 3, 16.4 дүгээр зүйлийн 4, 5 дугаар заалт, 16.5 дугаар зүйл, 16.6 дугаар зүйлийн 1, 16.7 дугаар зүйл, 16.10 дугаар зүйлүүдэд заасан хэргийн үйл баримт, нотлох баримтын талаарх шударга ёсны зарчим, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны журмууд, нотлох баримтад тавигдах шаардлагуудыг илтэд зөрчсөн гэж гомдол гаргах үндэслэл болж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн 735 тоот шийтгэх тогтоолын А.Аг гэм буруутайд тооцсон хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дүгээр заалтууд, 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан зөрчилтэй болохыг тогтоож 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг баримтлан хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар А.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлүүлэхээр энэхүү гомдлыг гаргав. Гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би осол болсон газар очиж жолоочийн байгаа газрыг тогтоож, гэрт нь орохдоо камерын бичлэгээр жолоочийг согтуу болохыг бичиж авсан бөгөөд 1.37%-ийн согтолтын зэрэгтэй байсан. Уг бичлэгийг анхан шатны шүүх хуралдааны явцад үзсэн. Мөн тээврийн хэрэгслийг ачуулж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтан н.Мд хүлээлгэж өгсөн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очиход 5-10 минут зарцуулсан. Энэ хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний архи гарна гэж байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд надтай цуг үүрэг гүйцэтгэсэн хүмүүсээс мэдүүлэг авсан. Хэрэгт 2003 оноос хойш буюу миний цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлснээс хойшхи бүх лавлагааг хавсаргасан байсан. Уг хэрэг гарснаас хойш 1 жилийн дараа намайг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд 2021 оны 10 дугаар сард дуудаж, мөн оны 11 дүгээр сард яллагдагчаар татсан. Гэтэл уг хэрэг жилийн өмнө болсон. Би цагдаагийн байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байна. Уг хэргийн талаар эрх бүхий холбогдох хүмүүсээс тодруулахад цагдаагийн байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газар хэргийг шалгахгүй 1 жилийн хугацаа өнгөрсний дараа шалгасан нь хэний ямар ашиг сонирхол яваад байгаа эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ тухайн цаг хугацаанд хэргийг шалгасан бол Улаанбаатар хотын төв цэг болох Засгийн газрын ордны хажууд олон хяналтын камертай тул камерын бичлэгийг шалгах боломжтой байсан. Тухайн үед цар тахлын улмаас хөл хорио тогтоосон байсан. Мөн байцаагч н.Мд Д.Быг хүлээлгэж өгсний дараа буюу маргааш нь н.М, Б.Мижидсамбуу нар ярьсан байдаг. Гэтэл энэ 2 хүний ярьсан яриа мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаанд тусгагдаагүй атлаа хэрэгт ач холбогдолгүй ярианууд бичигдсэн байсан. Тухайн үед хэргийг шалгасан бол миний гэм бурууг тогтоох боломжтой байсан. Би 2011 оноос хойш хэрэг шалгаж байсан субъектийн хувьд Авлигатай тэмцэх газрын хэрэг шалгаж байгаа процессыг хараад гайхаж байна. Мөн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анх хэргийг шалгахдаа хамт үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс болон Д.Баас мэдүүлэг авч, түүнд  үндэслэн намайг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байхад нь би маш олон удаа хүсэлтүүд гаргасан боловч тэдгээр хүсэлтүүдийг хүлээж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч нараас зөвхөн Д.Б, Э.А нарын мэдүүлэгт үндэслэж А.Аг хахууль авсан гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Тухайн өдөр Д.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг зөвхөн Д.Бын мэдүүлгээр бус А.Атой хамт үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагч нар мэдүүлдэг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол Зөрчлийн тухай хуулиар 1 жилийн хугацаатайгаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулах үйл ажиллагаа явуулах байсан. Гэтэл цагдаагийн мэдээллийн сангаас үзвэл цагдаагаас шалгуулахгүй гэх байдлаар хаагдсан байдаг. А.А “холбогдох эрх бүхий албан тушаалтад шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Хэрвээ холбогдох эрх бүхий албан тушаалтад шилжүүлсэн бол осол гэх байдлаар цагдаагийн “АСАП” цахим санд хаагдах ёстой. Иймд шүүгдэгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Б.Мгийн нөлөөллийн улмаас н.Мд холбогдсон хэрэг хэрэгсэхгүй болсон гэж тайлбарлаж байна. Хэрэгт согтуурлын зэрэг хэмжигчээр үлээлгэсэн үйл баримт байхгүй. Энэ талаар шалгасан боловч тухайн зүйл нь Д.Быг согтуурлын зэрэг хэмжигчээр үлээлгэж, шалгасан зүйл тогтоогдоогүй. Хуульд дүрс бичлэг /CD/ болон зургаар хүний согтуурлын зэргийг тогтооно гэсэн заалт байхгүй. Зөвхөн зориулалтын согтуурлын зэрэг хэмжих багажаар тогтооно. Мөн 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болсон хэрэгт Д.Быг гэрч байсан мэт тайлбар гаргаж байна. Хэрэв Д.Б болсон үйл явдлын талаар худал мэдүүлэг өгвөл өөрийнх нь эрх зүйн байдал нь хүндэрч байгааг мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Б нь хахууль өгчихөөд эрүүгийн хариуцлага хүлээсэн. Мөн Д.Б, Э.А нарын мэдүүлгээр утсаар ярьсан баримт мөн бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авсан баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн батлагдсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “МТ” шатахуун түгээх станцын орчим 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “15-86 УБИ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож, Г.Гын “76-30 УАН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зам тээврийн осол гаргаснаа шалган, шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний тээврийн хэрэгсэл дотор 200.000 төгрөгийн хахууль өгсөн,

Шүүгдэгч А.А нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "...2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр иргэн Д.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт "МТ" шатахуун түгээх станцын орчим "15-86 УБИ" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, "76-30 УАН" улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн... гэх иргэн Г.Гоос ирүүлсэн мэдээллийн дагуу дуудлагаар очиж ажиллахдаа:

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ"-ийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 13 дугаар заалтад заасан “албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл”-ийн 7 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах”,

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчил үйлдсэн бол зөрчлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэх, эсхүл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хүргэх",

Ажлын байрны тодорхойлолтын 4.2-т “Авлига, хүнд суртлаас ангид байж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн шударга ёсыг эрхэмлэн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөх" гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгч Д.Бын зам тээврийн осол гаргаснаа шалган шийдвэрлүүлэхгүй, шийтгэл хүлээхгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахгүйгээр явах нөхцөлийг бүрдүүлж Замын хөдөлгөөний зохицуулах, хянан шалгах журмын 4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “...зөрчлийг хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэх, хэрэв шийдвэрлэх боломжгүй бол зөрчлийг баримтжуулан шаардлагатай бичиг баримт, эд зүйлийг хураан авч холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Д.Баас 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор 200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/, Э.Агийн “Хаан” банкны 5954234245 тоот дансны хуулга /1хх 84-87/, ажлын төлөвлөгөө дэвтэрээс нотлох баримтыг хуулбарлаж авсан үзлэгийн тэмдэглэл /1хх 103-108/, дуудлага лавлагааны хуудас /1хх 121/, жижүүрийн үүрэг гүйцэтгэгчийн мэдээллийн бүртгэл /1хх 149-153/ зэрэг нотлох баримтууд болон

гэрч Э.Агийн “...Манай нөхөр Д.Б дуудлагаар дуудсан архиа авахаар өөрийн 15-86 УБИ улсын дугаартай автомашинаа бариад колонк руу явсан. Тэгээд ирэхдээ нөгөө архи захиалгаар авчирсан хүнийхээ машиныг шүргэсэн гээд ирсэн. Манай нөхрийг гэртээ ирээд хэвтэж байтал нөгөө машины жолооч цагдаа дагуулаад гэрт хүрээд ирсэн. ...Маргааш нь нэлээн асууж сураглаж байгаад машинаа журмын хашаанаас авсан. 2020 оны 12 дугаар сарын 5-ны орой нөхөр маань намайг ажлаас очиж авах замдаа Сүхбаатарын талбайн хойд талын уулзвар гараад цагдаатай уулзсан. Тэр цагдаа нь манай нөхрийг торгоно гэсэн. Иймээс нөхөр Д.Б миний “Хаан” банкны картыг ашиглан АТМ-с 200.000 төгрөг аваад цагдаад өгсөн. ...” /1хх 83/,

гэрч Л.Гын “...архи авах хүнтэй холбогдоод Яргайтын “МТ” шатахуун түгээх станц дээр очсон. Тэгтэл 15-86 УБИ улсын дугаартай Приус загварын тээврийн хэрэгсэлтэй 4 согтуу залуучууд ирээд миний машины зүүн хойд талын кралан, хаалгыг мөргөсөн. ...Согтуу 4-5 залуу гарч ирээд намайг “юун сүртэй юм бэ” гээд зодох гээд байсан. Тэгээд өөрсдөө машиндаа суугаад яваад өгсөн. Би цагдаа дуудсан ба цагдаа ирээд нөгөө хүмүүсийн гэрийг нь заалгаад, машиныг нь ачуулаад, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. ...2 залуу гарч ирээд “учраа олъё, хохирлыг чинь барагдуулаад салъя” гэсэн. Тэгэхээр нь би “30.000 төгрөг өгчих” гээд тухайн мөнгийг аваад салсан. Тухайн үед цагдаа нар ирээд хэмжилт, үзлэг хийгээгүй. “Нөгөө мөргөсөн машин чинь хаана байгай юм бэ” гээд надаар заалгасан. ...” /1хх 91-92/,

гэрч Л.Пын “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын “МТ” шатахуун түгээх станцын хажууд 76-30 УАН, 15-86 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэдэг мэдээллийг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 00 цаг 33 минутад хүлээн авч дуудлагыг хүлээн аваад тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд дамжуулсан байна. Мөрдөгч Агийн ахалсан бүрэлдэхүүнийг дуудлага дээр очоод 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 03 цаг 58 минутад буцаж ирсэн байна. Энэ дуудлыг хошууч А шийдвэрлэсэн байна. ...” /1хх 94/,

гэрч М.Шын “...дуудлагын дагуу мөрдөгч А, техникийн шинжээч Б, шинжээч Билгүүн нарын хамт дуудлага дээр очсон. Очиход мөргүүлсэн гэх машин нь байсан, нөгөө машин нь байхгүй байсан. ...байшинд ороход 6-7 согтуу хүмүүс байсан бөгөөд мөргүүлсэн машины жолооч “намайг мөргөсөн машиныг барьж явсан жолооч энэ хүн байсан” гэж зааж өгсөн. Тэгээд ачигч машин дуудаад машиныг нь ачуулсан. ...согтуу гээд байгаа жолоочийг суулгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж өгсөн. ...” /1хх 96/,

гэрч Б.Бгийн “...Газар дээр очиход 76-30 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч колонкын зогсоол дээр хэргийн газраас хөдлөөд зогсож байсан. Нөгөө автомашин нь байхгүй байсан. ...Хэргийн газрын үзлэг хийгээгүй. ...гэрийг нь заалгаад гэрт нь очиж 15-86 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачуулж, уг автомашиныг жолоодсон жолоочийг Г.Гоор заалгаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргэж өгсөн. ...” /1хх 101-102/,

гэрч Д.Пын “...цагдаа дүү бид хоёроор ямар нэгэн драйгер багаж үлээлгэж, согтуурлын зэрэг шалгаагүй. “Нөгөө шүргэсэн машиныхаа жолоочтой зохицоод яв” гэж хэлсэн. Тэгээд дүү нөгөө жолоочтой нь тохироод бид хоёр явсан. ...Манай дүүгийн найз бид гурав 1 шил 0.75 граммын архи уучихаад, нөгөө дуудлагын жолоочийн авчирсан 0.75 граммын архийг уугаад талд нь оруулсан байхад цагдаа нар ирсэн. ...” /2хх 169-170/,

гэрч Б.Мгийн “...А.Атой утсаар ярьсан. Би түүнтэй ярихдаа “Д.Б гэх хүний тээврийн хэрэгслийг саатуулсан болон гаргасан зөрчлийнх нь талаар асууж, хүргэлтийн үйлчилгээнд явж байсан тээврийн хэрэгсэл юм байна. Машиныг нь өгөх боломжтой юу” гэж асуусан. А.А надад хэлэхдээ Д.Б гэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн тээврийн хэрэгсэл мөргөсөн зөрчил гаргасан болохоор саатуулсан талаар хэлсэн. Мөн “тээврийн хэрэгслийг нь гаргаж өгч болно, харин арга хэмжээ тооцох ёстой” гэж хэлсэн. Тэгэхээр нь “зөрчил гаргасан хүн нь миний таньдаг хүний дүү юм байна. Боломжтой бол тээврийн хэрэгслийг нь гаргаж өгөөд дараа нь арга хэмжээ авч болох уу” гэж асуусан. А.А “би өнөөдөр амарч байгаа, маргаашнаас машиныг нь гаргаж өгье” гэж хэлсэн. Би А.Агоос Д.Бын гаргасан зөрчилд хариуцлага тооцуулахгүй байх талаар ярьж, гуйгаагүй, хэлээгүй, харин саатуулагдсан тээврийн хэрэгслийг нь журмын хашаанаас гаргаж өгөх боломжтой талаар асуусан. А.А нь надад “тээврийн хэрэгслийг нь гаргаж өгөх боломжтой, наад хүмүүсээ надтай яриулчих” гэж хэлсэн. Тэгээд би Пт “машиныг нь журмын хашаанаас гаргах боломжтой юм байна. Атой ярь” гэж хэлсэн. ...Би Д.Б гэх хүнийг танихгүй, уулзаж, утсаар ярьж байгаагүй. Мөн Д.Б, Д.П нарт “А.Ад мөнгө, төгрөг өгөөрэй” гэж хэлээгүй. ...” /2хх 172-173/,

яллагдагч Д.Бын “...2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр гэртээ байж байхад манай найзууд ирсэн. Тэгээд хүн тус бүр 2 пиво уусан бөгөөд “архи дуудлагаар хүргэнэ” гэсэн зарын дагуу архи дуудсан. Архи хүргэгч ирээд манай доод талын “МТ” шатахуун түгээх станц дээр намайг дуудсан. Би тухайн үед өөрөө жолоогоо бариад 3 найзын хамт очсон. Тэнд очоод буухдаа хаалгаараа машиныг нь цохисон. ...Цагдаа нар ирээд миний машиныг ачуулаад, бид нарыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Нөгөө машины жолооч намайг машины будгийн үнэ өгчих гэхээр нь 30.000 төгрөг өгөөд салсан. ...Журмын хашаанаас машинаа авахдаа бэлнээр 60.000 төгрөг өгч машинаа авсан. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 5-ны өдөр А.Атой утсаар нь ярьж байгаад Сүхбаатарын талбайн хойд талын одоогоор Чингис хааны музейн хажуу талын зам дээр нэг машин дотор уулзсан. Тухайн үед А.А шууд миний жолооны эрхийг хасна гэсэн. Тэгэхээр нь би “торгуулаад эрхээ хасуулахгүй өнгөрөх арга байхгүй юу” гэсэн. Тэгтэл А “нэг удаа амьдралыг чинь бодоод явуулъя, хэдэн төгрөг өгчих” гэсэн. Тухайн үед би эхнэртэйгээ явж байгаад эхнэр Э.Агийн дансанд байсан 200.000 төгрөгийг АТМ-с аваад А.Ад өгсөн. Тэрнээс хойш А.Атой уулзаагүй. ...Би А.Агоос “торгуулийн арга хэмжээ авах боломж байна уу” гэж гуйгаад А.Ад 200.000 төгрөг өгсөн. Тухайн үед торгуулж байна гэж ойлгосон. Хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед миний машины гэрчилгээ, жолооны үнэмлэх надад байсан. Мөрдөгч А.А хурааж аваагүй. ...Ах бид хоёр драйгер багаж үлээгээгүй. Нөгөө машиныхаа жолоочтой зохицоод яв гэсэн юм. ...” /2хх 92-93, 195-196/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Нийтийн албан тушаалтан гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд А.А нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хээл хахууль өгч, авснаар бүрдэл төгсдөг тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Аг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, шүүгдэгч Д.Быг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэн, А.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар, Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хүртэлх хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч А.Золжаргал “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдлыг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, яллагдагч Д.Б, гэрч Э.Агийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий,

шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...шүүх энэ хэрэгт зөвхөн адил эрх хэмжээ бүхий яллагдагч Д.Бын хэргээ хүлээсэн гэх, эх сурвалжаа зааж чадаагүй тогтоогдоогүй аман мэдүүлэг ... зэрэг хийсвэр нотлох баримтад тулгуурлан гэм бурууг тогтоосон тул шийтгэх тогтоолын А.Ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах  гомдлуудыг тус тус гаргажээ.

А.Агийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч А.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...би Д.Бтай уулзаж байгаагүй” гэх боловч тухайн цаг хугацаанд Д.Бтай уулзаж 200.000 төгрөгийн хахууль авсан болох нь шүүгдэгч Д.Б, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэргийн бусад нотлох баримтууд болон нууц ажиллагааны магадлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс А.Аг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Улсын Ерөнхий прокурорын тусгай хяналтын хэлтсийн даргын зөвшөөрсөн “харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч хяналт тогтоох” мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах нууц ажиллагааны магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, А.Золжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Агийн өмгөөлөгч А.Золжаргал, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ