Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/04503

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 01

182/ШШ2024/04503

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ..дүгээр хороолол, .. дүгээр байр, .. тоот хаягт оршин суугч ******* овогтой *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Авто зогсоолын төлбөрт төлсөн 16,161,037 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 23,161,037 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХКхолбогдуулан Авто зогсоолын төлбөрт төлсөн 16,161,037 төгрөг, алданги 7,000,000 төгрөг нийт 23,161,037 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч П.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн орон сууцны корпорацтай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авто зогсоолын гэрээ байгуулж, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын В блокт байрлах 484 дугаар авто зогсоолыг худалдан авахаар тохиролцсон. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээний нөхцөл биелүүлж Г-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 тоот Улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг цуцалсан. Улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдох хууль журмыг тодорхой тайлбарлаж авто зогсоолын хохирлыг Төрийн орон сууцны корпораци яаралтай барагдуулах талаар дурдсан байсан. Төрийн орон сууцны корпорацаас төлсөн мөнгөө нэхэмжилсэн боловч шийдвэрлэхгүй. Иймд авто зогсоолын төлбөрт төлсөн 16,161,037 төгрөг, гэрээний 2.1.6-д заасны дагуу алданги 7,000,000 төгрөг, нийт 23,161,037 төгрөг гаргуулна. Авто зогсоолыг ашиглаж байгаа талаар маргахгүй гэв.

 

2.Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.*******тай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр В-484 дугаар Авто зогсоол зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 тоот дүгнэлтийн дүгнэх хэсгийн 2-т Бүртгэл хүчингүй болгосон талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу П.*******, Төрийн орон сууцны корпораци ХХК болон Авлигатай тэмцэх газарт тус тус мэдэгдэх гэж дурдсан байх боловч эрх бүхий байгууллагаас хариуцагчид албан бичиг, цахим хэрэгсэл болон бусад байдлаар П.*******ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдэж байгаагүй. Авто зогсоол худалдаж авахад төлсөн 14,000,000 төгрөг, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүгийн төлбөр 2,161,037 төгрөг нийт 16,161,037 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги 7,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. П.*******т ямар нэгэн хохирол учраагүй гэрчилгээ хүчингүй болгох улсын байцаагчийн дүгнэлт гарсан боловч өнөөдрийн хүртэл Авто зогсоолыг ашиглаж байгаа тул алданги төлөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/500 дугаар албан тоот, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/839 дугаар албан тоот,

Хариуцагчаас нотлох баримтаар Авлигатай тэмцэх газрын 06/17220 тоот албан бичиг, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч П.******* хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХКхолбогдуулан Авто зогсоолын төлбөрт төлсөн 16,161,037 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 23,161,037 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 тоот Улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгосон тул Авто зогсоолын төлбөр 16,161,037 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээний 2.1.6-д зааснаар алданги 7,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Авто зогсоолын төлбөр, хүүгийн төлбөрт төлсөн 16,161,037 төгрөгийг маргах зүйлгүй төлнө. Харин Улсын байцаагч дүгнэлтээ ирүүлээгүй тул гомдол гаргах боломж олгоогүй. Захиалагч П.*******т хохирол учраагүй дээрх гэрчилгээ хүчингүй болсон боловч өнөөдрийг хүртэл Авто зогсоолыг ашиглаж байгаа тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 дугаар дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/500 тоот албан бичиг, Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/839 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 06/17220 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч нь Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын В блокт байрлах 484 дугаар авто зогсоолыг зээлээр худалдах, худалдан авахаар тохирч, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр В-484 дугаар гэрээ байгуулагдсан. Гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

8.Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй байх боловч гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.1-263.2.4-т зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, хүү тохирч хэсэгчлэн төлөх хуваарь гаргаж ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байгаа тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

9.Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь Авто зогсоолын төлбөрт төлсөн 14,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт төлсөн 2,161,037 төгрөг нийт 16,161,037 төгрөг төлөхийг зөвшөөрч маргаагүй.

 

10.Харин нэхэмжлэгч П.*******т хохирол учраагүй дээрх гэрчилгээ хүчингүй болсон боловч өнөөдрийг хүртэл Авто зогсоолыг ашиглаж байгаа тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

11.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Буянт-Ухаа-1 хорооллын В блокын зоорийн давхрын авто зогсоолын захиалагчдын нэрсийн жагсаалт, уг барилгын авто зогсоолын зохион байгуулалтын план зурагт В-484 тоот зогсоолын мэдээлэл тусгагдаагүй, мөн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2014/373 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, план зураг, авто зогсоол захиалагчдын нэрсийн жагсаалтад авто зогсоолын тоо зөрүүтэй байхад зоорийн давхар план зургийн аваарын гарц тусгагдсан хэсэгт 484 гэж гараар бичиж тэмдэглэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 19 дүгээр зүйлийн 19.4.3 дахь заалтад энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, мөн зүйлийн 19.4.10 дахь заалтад улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах-ийн 29.1.3 дахь заалтад мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.7-д Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална гэж заасныг зөрчсөн байна. Хяналт шалгалтын хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/ Наадамчдын зам гудамж, 718 дугаар байрны доор байрлах зоорийн давхрын хэсэгт биечлэн очиж үзэхэд аваарын гарц төлөвлөгдсөн хэсэгт 484 гэж дугаарлан, гарц хааж машин байрлуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд Төрийн орон сууцны корпораци ХХК-аас дээрх аваарын гарц байрлах хэсгийг иргэнд худалдан борлуулж, гэрээ хэлцэл хийсэн, бүртгүүлэхтэй холбоотой тодорхойлолт гаргаж өгсөн, мөн иргэн П.******* нь авто зогсоол төлөвлөгдөөгүй хэсгийг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй... гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/ Наадамчдын зам гудамж, 718 дугаар байрны зоорийн давхрын аваарын гарцны хэсгийг В-484 тоот хаягаар иргэн П.*******ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол /17120/ Наадамчдын зам гудамж, 718 дугаар байрны доор байрлах зоорийн давхрын аваарын гарцны хэсгийг В-484 тоот хаягаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 32-34 тал/

 

12.Хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь дээрх улсын байцаагчийн дүгнэлтээр П.*******ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар огт мэдэгдээгүй тул Захиргааны хэргийн шүүхэд хандах боломж олгоогүй. Өнөөдрийн байдлаар шүүхэд хандаагүй байна гэж тайлбарлав.

 

13.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 7/500 дугаар албан бичгээр Таны гаргасан гомдлын дагуу холбогдох нотлох баримтуудыг шалгаад дараах хариуг өгч байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/10909 дүгээр албан бичгийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо .. дугаар байрны зоорийн давхрын аваарын гарцны хэсгийг В-484 тоот хаягаар иргэн П.*******ын өмчлөлд бүртгэсэн бүртгэлд хяналт шалгалт хийхэд хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хяналтын улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5589 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь улсын бүртгэлийн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд таны гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна. Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болно гэсэн хариуг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргалд хүргүүлсэн байх ба үүнээс үзэхэд хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө мэдсэн бөгөөд дээрх гомдлыг гаргаж байсан нь тогтоогдож байх тул татгалзал үндэслэлгүй. /хавтаст хэргийн 36 тал/

 

14.Нэхэмжлэгч П.******* хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-тай Авто зогсоолыг 14,000,000 төгрөгөөр, Эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрт 2,161,037 төгрөг нийт 16,161,037 төгрөг төлөхөөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг төлбөрийг төлж дуусгаж, Буянт-Ухаа 1 дүгээр хорооллын .. тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгогдсон тухайд хариуцагч маргаагүй. /хавтаст хэргийн 37 тал/

15.Иймд хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас нэхэмжлэгчийн Авто зогсоолыг Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 14,000,000 төгрөгөөр, Эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн төлбөрт төлсөн 2,161,037 төгрөг нийт 16,161,037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгох үндэстэй гэж үзнэ.

16.Харин нэхэмжлэгч нь 2017 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээний 2.1.6-д Захиалагч урьдчилгаа төлбөрөө төлж, энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор Авто зогсоолыг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд хугацаа хэтэрүүлсэн хоног тутамд үндсэн төлбөрийн 0,5 хувийн алданги тооцох-оор заасны дагуу алданги 7,000,000 төгрөгийг шаардсан гэж тайлбарлав.

17.Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

18.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь алданги шаардах эрхгүй бөгөөд түүнд ямар нэгэн хохирол учраагүй одоо хүртэл уг зогсоолыг ашиглаж байгаа гэж маргаж, нэхэмжлэгч П.******* зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

19.Нэхэмжлэгч нь Авто зогсоолын захиалгын гэрээний 2.1.6-д заасны дагуу шаардсан алданги 7,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байх ба тэрээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн В блок-484 дугаар Авто зогсоолын захиалгын гэрээг шүүхэд өгсөн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг ирүүлээгүй боловч хариуцагч тал 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр В-484 дугаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

20.Иймд хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас 16,161,037 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

21.Нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,755 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас 16,161,037 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,755 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238,755 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ