Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00494

 

 

 

 

 

 

 

                                                                                 129/ШШ2024/00494

 

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг . дүгээр хороо . тоотод байрлах Ж ХХК

Хариуцагч: А аймгийн Э сумын . дүгээр баг . тоотод оршин суух Б овгийн Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,508,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь 2023 оны 6 сарын 12-ны өдөр манай компанитай БҮГ-0059/23+03 тоот гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ байгуулан Samsung А54 маркийн гар утас болон 93038800 дугаарын хамт багцлан урьдчилан төлбөргүйгээр 2023 оны 7 сарын 28-ны өдрөөс 2024 оны 6 сарын 28-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 166,900 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Д.А нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,672,103.33 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1,672,103.33 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 836,051.67 төгрөг нийт 2,508,155 төгрөгийг Д.А-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Samsung А54 маркийн гар утас болон 93038800 дугаарын хамт багцлан урьдчилан төлбөргүйгээр 2023 оны 7 сарын 28-ны өдөр авсан нь үнэн болно. Ж ХХК-ийн нэхэмжилсэн нийт 2,508,155 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Д.А-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2,508,155 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

             Зохигчийн байгуулсан 2023 оны 6 сарын 12-ны өдрийн БЗГ-0059/23+03 дугаар гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зээлдэгч гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжилсэн 2,508,155 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,081 төгрөгөөс 27,540.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А-с 27,540.5 төгрөг, улсын орлогоос 27,540.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжилсэн 2,508,155 (хоёр сая таван зуун найман мянга нэг зуун тавин тав) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.А-н зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,081 төгрөгөөс 27,540.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А-с 27,540.5 төгрөг, улсын орлогоос 27,540.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Ж ХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА