Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00023

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-т холбогдох эрүүгийн 1738004620021 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт иргэн Мбусдыг уруу татаж хулгай хийлээ гэж хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас зодож биед нь хүзүү болон ууц хэсэгт цус хуралт, бүсэлхий нугалмайн зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт иргэн Мбусдыг уруу татаж хулгай хийлээ гэж хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...Аавынд очиход М, Уламбаяр хоёр ирчихсэн хадам аав, ээж хоёртой хэрэлдээд хулгайч тонуулчаар дуудаж байсан. Аав энэ хүмүүсийг гарга гэхээр нь Мыг куртикний урд хэсгээс нь заамдаж бариад гэрээс чирч гаргасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Ц.Ц намайг балай авгай чи юу гээд байгаа юм бэ гээд заамдаж аваад гэрээс гаргаж зүүн хацарруу нэг удаа алгадаад ташаа нуруугаар хойш нь дараад түлхэж унагаасан...Би энэ асуудлаас болж наашаа цаашаа явсан гээд нийт 200.000 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М эгч Ц.Цт чи миний хүүг уруу татаж хулгай хийлгэдэг биз дээ гэж хэлсэн чинь Ц.Ц балай авгай минь зайл гээд гэрээс заамдаж аваад гарсан. Намхан хашаан дээгүүр давуулж шидсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Гүндмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмэгтэй хүн хүнд зодуулсан гэсэн дуудлагаар очиход 40 гаран насны эмэгтэй хүн орондоо хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад Ц.Цийн гэрт нь согтуу орсон чинь Ц.Ц намайг ална шүү гээд хутга барьж аваад намайг гэрээс чирч гаргаад миний хоолойг боогоод нэг удаа баруун талын шанаа руу алгадаад авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 тоот

1. М-ын биед хүзүү болон ууц хэсэгт цус хуралт, бүсэлхийн нугалмайн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.  

3. М-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738004620021 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь М хохирол 200.000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1738004620021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ц.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

     4. Эрүүгийн 1738004620021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч            М нь 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч  Ц.Ц-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.               

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР