Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/1142

 

 

 

 

        2022           12            01                                    2022/ДШМ/1142

 

Н.У, Ю.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ч.Батзориг,           

шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

шүүгдэгч Ю.М,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлоор Н.У, Ю.М нарт холбогдох 2202002230206 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.У нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айлд үйл ажиллагаа явуулах “Норов” дэлгүүрийн орчим Ю.Мгээс Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45000 төгрөгөөр, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875.000 төгрөгөөр тус тус хууль бусаар худалдан авсан, мөн Химийн хортой болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодис болон гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Regency Recidence оффисын арын замд байрлуулсан Subaru Outback загварын 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,

Ю.М нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлд үйл ажиллагаа явуулах “Норов” дэлгүүрт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 3 шуудай бодисыг хууль бусаар хадгалсан, өөрийн хадгалж байсан Химийн хортой болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45000 төгрөгөөр, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875.000 төгрөгөөр Н.Уод худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.У, Ю.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ангиа овгийн Нэргүйн Уыг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Гомбо овгийн Юндэнгийн Мг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.У, Ю.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.У, Ю.М нар нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч Н.У, Ю.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ялтнуудын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Н.У, Ю.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 24.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ю.Мгийн гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого болох 920.000 төгрөгийг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа химийн хорт, аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/-н агууламжтай 25 кг савлагаатай 8 шуудай бодис, 5 кг 25 грамм савлагаатай 3 ширхэг гялгар ууттай бодисийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зуйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 24.000.000 төгрөгийг... албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулна гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн энэхүү заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн 16-09 УАК улсын дугаартай Subaru Outback тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Бий өмчлөл /1хх 104, 106/-д байхад шүүгдэгч Н.Уын өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзэж, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийж, улсын орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.

2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрч Г.Бий мэдүүлгээс үзвэл "Би тухайн машинаа худалдсаны төлбөрийг Уоос аваагүй, нэрээ шилжүүлээгүй байгаа учраас энэ нь миний машин хэвээрээ байгаа. Миний машиныг энэ хэргийн улмаас хураалгаж хохироомооргүй байна. Миний машиныг надад буцаан олгоно уу гэж хүсэлт гаргаж байна” гэх мэдүүлэг /1 хх 32/-т авагдсан байх ба шүүх энэхүү нотлох баримтыг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зорилго нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болно. Гэтэл Н.У миний үйлдэл нь бусдад хохирол учруулаагүй, нийгэмд учруулсан хор хохирол байхгүй, гэмт буруугийн шууд санаатай биш үйлдлийн улмаас өөрийн өрх гэрийн амжиргаанд нэмэр болох зорилготой гэсэн болгоомжгүй гэмт үйлдлийн улмаас энэхүү хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхээс миний гэм буруу, бусдад учруулсан хохирол байгаа эсэх зэргийг анхаарч үзэхгүйгээр өөрийн өмчлөлийн биш тээврийн хэрэгслийг ашиглан 24.000.000 төгрөгийг төлүүлэхээр болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн санхүүгийн хувьд эрх зүйн байдлыг илт дордуулж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гаргасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/856 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байх ёстой гэсэн зохицуулалттай. Өмчлөл гэдэг нь тухайн этгээд өөрийн өмчлөлд байгаа өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Гэтэл Н.У нь тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхгүй бөгөөд өөрийнх нь өмчлөлд байдаггүй. Хавтаст хэргийн 104, 105 дугаар хуудсанд ашигласан тээврийн хэрэгсэл нь н.Б гэх найзынх нь өмчлөлд байсан нь тогтоогдсон атал анхан шатны шүүхээс тухайн  этгээдийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгсэл мөн гэж улсын орлого болгосон нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь тухайн гэмт хэргээс үүдэн учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой. Гэтэл Н.У нь нийгэмд ямар нэгэн хор уршиг, хохирол учруулаагүй. Харин тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас мэдэхгүйгээр гар аргаар гэрийн нөхцөлд саван хийх зорилгоор тухайн бодисыг тээвэрлэж яваад баригдсан. Анхан шатны шүүхээс Н.Уыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор өөрийнх нь өмчлөлийн бус тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ю.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх агуулгаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан. Шүүгдэгч Н.У нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хориглосон химийн хорт бодисыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэсэн, хадгалсан үйлдлийг н.Б гэх хүний нэр дээрх 19-09 УАК улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгчөөс “гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авна” гэж тайлбарлаж байна. Хуульд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний өмчлөлд байгаа нь тогтоогдсон тохиолдолд хураан авна гэж заасан. Тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Н.Уын өмчлөл биш болох нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Н.Уын тээврийн хэрэгсэл биш боловч гэмт хэргийг үйлдэхдээ тухайн тээврийн хэрэгслийг ашигласан тул бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг хураахгүйгээр тухайн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 24.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Уоос гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 100 айлд үйл ажиллагаа явуулах “Норов” дэлгүүрийн орчим Ю.Мгээс Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45000 төгрөгөөр, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875.000 төгрөгөөр тус тус хууль бусаар худалдан авсан, мөн Химийн хортой болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодис болон гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Regency Recidence оффисын арын замд байрлуулсан Subaru Outback загварын 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Ю.М нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлд үйл ажиллагаа явуулах “Норов” дэлгүүрт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 3 шуудай бодисыг хууль бусаар хадгалсан, өөрийн хадгалж байсан Химийн хортой болон аюултай бодист хамаарах Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45000 төгрөгөөр, 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус бүр нь 25 кг савлагаатай 5 шуудай бодисыг 875.000 төгрөгөөр Н.Уод худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 эд зүйлд үзлсэг хийсэн тэмдэглэл /1хх 6-8/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 15/, 25 килограмын савлагаа бүхий 5 шуудай бодис, жижиг гялгар уутанд 3 хэсэг савласан нунтаг цагаан өнгийн бодисыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 12, 16/, “Subaru Outback загварын автомашины 24.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 73-84/, 16-09 УАК “Subaru Outback” загварын тээврийн хэрэгслийг Г.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 89/, 16-09 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 104, 106/, дансны хуулгууд /1хх 182-205/ зэрэг нотлох баримтууд болон, 

“...8 ширхэг хуванцар савтай цагаан талст бодисуудаас Натрийн гидроксид /Na OH/-н агуулга илэрч байна. Натрийн гидроксид /Na OH/ нь 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ын 3 дугаар хавсралтанд хамаардаг. Хүчтэй шүлтлэг чанараа алдаагүй байгаа тул ашиглах боломжтой. Хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж ч болно. ...” гэх 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2213 дугаартай /1хх 53-60/,

“...“1” гэж дугаарласан, “2” гэж дугаарласан, “3” гэж дугаарласан хуванцар савтай цагаан талст бодис тус бүрээс Натрийн гидроксид /Na OH/-н агуулга илэрч байна. Натрийн гидроксид /Na OH/ нь Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/356/396 тушаалын 3 дугаар хавсралт “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-нд хамаарна. Хүчтэй шүлтлэг чанараа алдаагүй байгаа тул ашиглах боломжтой. Хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж ч болно. ...” гэх 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 2417 дугаартай /1хх 64-70/ шинжээчийн дүгнэлтүүд,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бын “...Натрийн гидроксид нь химийн хорт болон аюултай бодисын ангилалын жагсаалтад орсон бодис мөн. Тухайн бодисыг уул уурхай, саван үйлдвэрлэхэд, хүнсний үйлдвэрт шугам угаахад ашигладаг. Тухайн бодисыг ашиглах, импортлох, худалдахад тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авах ёстой. ...Нэхэмжлэх зүйлгүй болно. ...” /1хх 27-28/,

гэрч Г.Бий “...миний эзэмшилд 16-09 УАК улсын дугаартай “Subaru Outback” загварын автомашин байдаг. ...”Эхнэрийн хийдэг савангийн бодисыг ачиж явж байгаад цагдаад баригдаад машиныг чинь хураалгачихлаа” гэж надад утсаар хэлсэн. Надаас худалдаж авна гэж хэлээд нэр шилжүүлэлгүйгээр унаж байсан юм. Би тухайн машинаа худалдсаны төлбөрийг Уоос аваагүй, нэрээ шилжүүлээгүй байгаа учраас энэ миний машин хэвээр байгаа. ...” /1хх 31-32/,

гэрч Д.Хын “...Н.У нь манай нөхөр байгаа юм. ...Би бодис худалдаж авсныг мэднэ. Тэгээд судалж үзээд саван хийхэд тухайн бодисыг ашигладаг болохыг нь мэдээд саван хийж үзэх зорилгоор худалдан авсан. Жирэмсэн хүн саван хийж болохгүй гэхээр нь нөхөртөө хэлэхэд “тэгвэл наад бодисыг чинь зарчихъя” гэсэн. Манай нөхөр намайг “зар тавьчих, би зарчихъя” гэсэн. Би нөхрийнхөө фейсбүүкээр зар тавьсан. Тухайн бодисыг зар тавьснаас хойш зараагүй. ...” /1хх 51-52/,

яллагдагч Н.Уын “...Нийт 875.000 төгрөгөөр худалдан авсан юм. Уг бодисуудаар ямар нэгэн зүйл хийгээгүй, яг хэвээрээ байсан ба эхнэр жирэмсэн юм чинь хэрэглээд хэрэггүй гэж шийдээд өөрийн фейсбүүкээр зар тавихаар ажлын газрын хүмүүс гайхах байх гэж бодоод эхнэрийн хаягнаас өөрийн гар утасны дугаарыг тавиад зар өгсөн юм. ...Тэр 3 ширхэг ууттай бодисууд нь 5 шуудай бодистойгоо хамт авсан бодиснууд байгаа юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ю.М гэх хүнтэй утсаар нь холбогдож анх тэр 3 ширхэг гялгар ууттай задгай шүлт гэх бодисыг 100 айл барилгын материалын төвд байрлах “Норов” дэлгүүрээс худалдан авсан юм. 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дахин 5 шуудай бодисыг мөн адил Ю.Мгийн эзэмшлийн 5028007362 дугаарын данс руу 875.000 төгрөг шилжүүлэн “Норов” дэлгүүрээс худалдан авсан юм. ...” /1хх 137-138, 141-142, 145/,

яллагдагч Ю.Мгийн “...Н.У нь 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 45.000 төгрөгөөр манай ажил буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Норов” дэлгүүрээс ирж авсан. Дараа нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мөн дэлгүүр дээр ирж 5 шуудай шүлтийг нийт 875.000 төгрөгөөр худалдан авсан юм. “Норов” дэлгүүрт байдаг лангуундаа хадгалж тэндээ борлуулдаг байсан. Уг бодисыг шугам хоолойн бөглөө гаргах зорилгоор хүмүүс худалдан авдаг. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 154-155/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Н.Уыг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Ю.Мг үргэлжилсэн үйлдлээр химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Н.У, Ю.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Н.У, Ю.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг буруутгах, эсхүл өөрчлөн дүгнэх боломжгүй байна.

Шүүгдэгч Н.Уоос “...шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч Н.Уын хувьд Натрийн гидроксид /NaOH/ агууламжтай тус бүр нь 25 кг савлагаатай 3 шуудай бодисыг, гялгар уутанд хийсэн 5 кг, 25 грамм бодисыг авахдаа гэмт үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Тухайн тээврийн хэрэгсэл нь Г.Бий өмчлөлийнх болох нь тогтоогдсон тул автомашины үнэ /1хх 74-84/ 24.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/856 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/856 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ