Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/00736

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 07 142/ШШ2024/00736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах ******* ******* *******-/РД:*******/-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1966 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн, 58 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 26-р дугаар байр ******* *******од оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ФД66090105, утас:9595*******66/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 9,394,567.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Х. Батдорж нь 2013 оноос эхлэн ******* *******ны Орхон салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс 130600084682 ******* зээлийн гэрээ байгуулан 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4.287.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,317,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18 ны өдөр 2.080.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,660,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж 459 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2023 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,851,058.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 473,421.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 70,088.15, нийт дүн 9,394,567.35 төгрөг байна. Зээлдэгч Х.Батдорж нь нас барсан тул хамтран зээлдэгч С.*******ээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8,851,058.11 төгрөг, зээлийн хүү 473,421.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,088.15 төгрөг, нийт 9,394,567.35 төгрөг гаргуулж өгнө үү....... гэжээ.

 

2.Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨ*******-д 38 жил ажилласан. Тэтгэвэрт гарахын өмнө дулааны байцаагчаар ажиллаж байсан. Талийгаач Х.Батдорж нь ажил дээрээ байж байтал цалингийн зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй гээд байна, чи ороод өгөөч гэсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Х.Батдорж нь надтай хамт яваад гарын үсэг зураад өгөөч, яаралтай мөнгө хэрэг болоод байна, эхнэр салчихсан болохоор гарын үсэг зурах хүнгүй болчихоод байна гэсэн. Манай ажилчин байсан учир би юм бодолгүй очоод гарын үсэг зурсан, хэрхэн зарцуулсан, хэрхэн яаж төлсөн талаар огт мэдэхгүй. Гэнэт шүүхэд нэхэмжлэл гарсны дараа энэхүү цалингийн зээл төлөлтийн асуудал үүссэнийг мэдлээ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хамтран зээлдэгч биш бөгөөд *******ны зур гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үед гэрээг ч тайлбарлаж өгөөгүй. Мөн цалинтай орлоготой хүн цалингийн зээл авсан. Энэ авсан зээлээс ******* надад нэг ч төгрөг өгөөгүй. Би нэг ч төгрөг Х.Батболдоос аваагүй болно. ...Батдорж бид хоёр хамт ажилладаг тухай үед бид нар нэгнийгээ батлан даадаг байсан. Тэгээд Батдорж *******наас 10.000.000 төгрөг авсан... гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцаат зээлийн гэрээ хийгдээгүй байна гэж үзэж байна. Тиймээс тухайн зээлийн гэрээнээс хамтран зээлдэгч гэдэг нэрний хэсэгт ******* гарын үсэг зурсан боловч зээлдэгч байгууллага бол зээлдүүлэгч нарын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй, гэрээний байдлыг тодорхойлох боломжгүй байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс ч тайлбарлаж, тодорхойлж чадахгүй, хариуцагчийн зүгээс ч ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Энэ үүсэж байгаа үндэслэл нь өмнө авсан гэх 14,940,000 төгрөгийн үлдэгдэл зээл гэж нэхэмжлэгч тал тодорхойлж ярьдаг боловч 14,940,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгийг нотлох баримт хэрэгт ирээгүй. Харин хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг харилцагчийн данс руу буюу нас барсан Батдоржийн данс руу шилжүүлсэн, *******ийн данс руу 24,940,000 төгрөгөөс нэг төгрөг ч шилжиж ороогүй. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчид мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үздэг. Тэгэхээр энэ зээлийн гэрээгээр зөвхөн 10,000,000 төгрөгийн асуудал үүсэж байгаа. Тэгвэл энэ 10,000,000 төгрөгт ******* хамтран зээлдэгч болж чадаж байна уу. Гэрээний 5 дахь заалт болох энэ 10,000,000 төгрөгөөс ******* 100 төгрөг ч авч хэрэглээгүй. Үүний шалтгаан нь хамт ажилладаг хүн гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл гарын үсэг зурснаас өөрөөр зээлийн мөнгөнөөс аваагүй, тиймээс 10,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг үүсээгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29/1287 дугаартай итгэмжлэл /хх-ийн 5/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 130600084682 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-9/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 10-18/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 19-23/, зээлдэгч Х.Батдоржийн хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 24-25/, Х.Батдорж, С.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 26/, Х.Батдорж ээжийн хамт *******ин дээр ирж уулзсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 27/, цалингийн зээлийн өргөдлийн маягт /хх-ийн 28/, зээлдэгчийн анкет /хх-ийн 29/, хамтран зээлдэгчийн анкет /хх-ийн 30/, Х.Батдоржийн гараар бичсэн өргөдөл /хх-ийн 31/,

хариуцагчаас: Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨ*******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03/439 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47/, ******* ******* *******-ийн харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 48-56/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 

 

шүүх зохигчийн хүсэлтээр Хаан ******* *******-ийн 5090484454 ******* дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-*******/-ыг нотлох баримтаар бүрдүүлсэн

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Орхон салбар нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,394,567.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай *******наас зээлдэгч Х.Батдорж нь 2013 оноос эхлэн зээл авч эхэлсэн. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 14,940,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Х.Батдорж нь ажлаасаа гарч зээл төлөгдөхгүй болсон бөгөөд тэрээр нас барсан тул хамтран зээлдэгч С.*******ээс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8,851,058.11 төгрөг, зээлийн хүү 473,421.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70,088.15 төгрөг, нийт 9,394,567.35 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: ....би Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨ*******-д 38 жил ажилласан. Талийгаач Х.Батдорж нь ажил дээрээ байж байтал цалингийн зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй гээд байна, чи ороод өгөөч гэхээр нь юм бодолгүй очоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлж авсан мөнгөө хэрхэн зарцуулсан, хэрхэн яаж төлсөн талаар огт мэдэхгүй. ... цалинтай орлоготой хүн цалингийн зээл авсан, ...энэ авсан зээлээс ******* надад нэг ч төгрөг өгөөгүй... иймд би зээлийн төлбөр болох 9,394,567.35 төгрөгийг төлж чадахгүй... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зээлдэгч Х.Батдорж нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* *******-ийн Орхон салбартай 130600084682 дугаартай зээлийн гэрээ байгуулан өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл 14,940,000 төгрөг дээр нэмж 10,000,000 төгрөгийн буюу нийт 24,940,000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд уг зээлийн гэрээнд хамт ажилладаг байсан гэх С.*******ийг хамтран зээлдэгчээр оролцуулж гарын үсэг зуруулсан байна.

 

Зээлдэгч Х.Батдорж нь зээлээр авсан 10,000,000 төгрөгийг өөрийн харилцах дансаар хүлээн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь түүний ******* *******ны болон Хаан *******ны дансны хуулгаар тогтоогдож байгаа ба тэрээр ажлаасаа гарч зээл төлөх боломжгүй болсон бөгөөд мөн нас барснаар зээлийн гэрээний төлбөр төлөгдөх боломжгүй болсон байна.

 

5. Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд ******* 24,940,000 төгрөгийн зээлийг Х.Батдоржийн ирээдүйд авах цалинг барьцаалан түүний хувийн хэрэгцээнд зориулан олгосон байна.

 

6. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээнд хариуцагч С.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж заагаагүй, С.******* нь зээлдэгч Х.Батдоржтой садан төрлийн холбоогүй, гэр бүлийн харилцаа хамааралгүй, нэг гэр бүлд хамт амьдардаггүй, *******наас зээлсэн мөнгийг С.*******т шилжүүлээгүй, тэрээр уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй, гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг үүсээгүй байна.

 

7. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч С.*******ээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүсээгүй байх тул ******* ******* *******-ийн Орхон салбарын хариуцагч С.*******ээс зээлийн төлбөрт 9,394,567.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Орхон салбарын хариуцагч С.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,394,567.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,263 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ