| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00426/и |
| Дугаар | 152/ШШ2024/00438 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Д-ын Н-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1976 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 48 настай. Би 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Увс аймаг дахь Цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс тус Цагдаагийн хэлтсийн хэв журмын тасагт цагдаагийн туслах ажилтнаар томилогдон ажиллаж байгаад цагдаагийн хэлтсийн даргын 2001 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 114 дүгээр тушаалаар 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 3 сарын Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны дамжаа төгсөөд 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дадлагажих ажилтнаар томилогдон Улаанбаатар хотод Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн ахлах хошууч К.Н, мөрдөн байцаагч дэслэгч Н.М нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаанд ажиллаж байгаад 9 дүгээр сарын 10-ны өдөр дадлагажих хугацаа дуусч дэд ахлагч цол авсан болно. Ажиллах хугацаандаа Хүнсний барааны захын цагдаа, эргүүл болон эрүүлжүүлэх, урьдчилан хорих байрны цагдаагаар ажиллаж байсан. 2002 оны Монгол Улсын Засгийн газрын 155 тоот тогтоолын дагуу урьдчилан хорих байрыг цагдаагийн газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх тогтоолын дагуу 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Цагдаагийн хэлтсийн даргын 120 дугаар тушаалаар 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс дэд ахлагч цолтойгоор шилжин ажилласан болно. Иймд Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан үеийн цалингийн цэс, цагдаагийн байгууллагад 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн хүнсний барааны захын цагдаа, эргүүл болон эрүүлжүүлэх, урьдчилан хорих байрны цагдаагаар ажилласан тушаал олдохгүй байгаа тул ажиласан хугацаа болох 1 жил 1 сар 3 хоногийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар Туслах ажилтнаар томилох тухай тушаал, 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 28-09/349 дугаартай лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 28-09/349 дугаартай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тооцоо гэх 2 хуудас баримт, 2 ширхэг фото зураг, гэрч Л.Н, Д.С нарын иргэний үнэмлэхийн болон ажилласан байдлын лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Н, Д.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Нын ХААТР-1 баримт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Нын 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Нын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Д.Нын ажилд томилогдсон тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
2.2. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар Туслах ажилтнаар томилох тухай тушаалаар Д.Ныг 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдаагийн туслах ажилтнаар томилсон байх боловч 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2001 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл Цагдаагийн академийн 3 сарын цагдаагийн анхан шатны дамжаа төгссөний дараа түүнийг 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цагдаагаар томилсон тушаал хэрэгт авагдаагүй байх тул дээрх тушаалыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх боломжгүй байна. Харин тус Цагдаагийн хэлтсийн даргын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар урьдчилан хорих байрны жижүүрийн цагдаа Д.Н-ыг 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэр биелүүлэх албаны мэдэлд шилжүүлсэн байх тул тухайн тушаалыг нэхэмжлэгчийн 2001-2002 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай гэж үзлээ.
2.3. Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 28-09/349 дугаартай лавлагаанд Д-ын Н (.......) нь Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2000.11.23-ны өдрийн 93 дугаар тушаалаар 2000.11.20-ны өдрөөс тус Цагдаагийн хэлтэст цагдаагийн туслах ажилтнаар томилж, Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2001.03.24-ний өдрийн 30 дугаар тушаалаар цагдаагийн дамжаанд суралцах болсон тул 2001.03.24-ний өдрөөр тасалбар бопгон тус цагдаагийн хэлтсийн цагдаагийн туслах ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001.04.24-ний өдрийн 114 дугээр тушаалаар 2001.04.10-ны өдрөөс 3 сарын хугацаагаар Цагдаагийн академийн хэв журмын албаны цагдаагийн анхан шатны сургалтад элсүүлэн суралцуулж, Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2001.12.10-ны өдрийн 111 дүгээр тушаалаар Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн тул 2001.11.20-ны өдрөөс тус цагдаагийн хэлтэст дадлагажих ажилтнаар томилж, Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2002.10.24-ний өдрийн 120 дугаар тушаалаар 2002.09.23-ны өдрөөр тасалбар болгон тус цагдаагийн хэлтсийн урьдчилан хорих байрны жижүүрийн цагдаа (цагдаагийн дэд ахлагч цолтой)-ийн үүрэгт ажлаас чөлөөлж, Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны мэдэлд шилжүүлсэн байна гэжээ. Тухайн ажилласан байдлын лавлагаанд Увс аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 111 дүгээр түшаалаар Цагдаагийн академийн цагдаагийн анхан шатны дамжаа төгссөн тул 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс тус цагдаагийн хэлтэст дадлагажих ажилтнаар томилсон гэх боловч тухайн тушаал хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нь 2001 онд цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
2.4. Д.Нын төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод: Түүний 2002 оны 1 дүгээр сараас 2002 оны 9 дүгээр сарыг дуустал, 2002 оны 12 дугаар сарыг дуустал, ... Увс аймгийн Цагаадгий хэлтэст ажиллаж, ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул тухайн тодорхойлолтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
2.5. Д.Нын цалингийн тооцоо гэх 2 хуудас баримтад хаана, ямар ажил, эрхэлж байсан талаар бичигдээгүй, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаагүй, мөн 2001-2002 онд авахуулж байсан гэх 2 ширхэг фото зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул цалингийн тооцоо, фото зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
2.6. Д.Н-ын ХААТР-1 баримтад 10 жилийн дунд сургуульд суралцаж байх үеийн, гэрлэснийг бүртгэх анкетад 2004 онд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул эдгээр баримтуудыг нэхэмжлэгчийн 2001-2002 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэж үзлээ.
2.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Н, Д.С нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Л.Н Миний бие 2000 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан. Д.Н, Д.С, бид гурав 2000 оны 11 дүгээр сард Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагийн туслах ажилтнаар хамт ажилд орж байсан. Д.Н 2001 оны 3 дугаар сард цагдаагийн курст элсэн суралцаж 2001 оны 7 дугаар сард төгсөж ирээд Увс аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллах болсон. Д.Н нь цагдан байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад 2002 онд цагдан хорих байр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжихэд тус албанд шилжин ажилласан гэж, гэрч Д.С Миний бие 2000 оноос 2020 он хүртэл Увс аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан. Д.Н бид хоёр 2000 оны 11 дүгээр сараас Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагийн тусах ажилтнаар хамт ажилд орж байсан. Д.Н 2001 оны 3 дугаар сард цагдаагийн курст элсэн суралцаж 2001 оны 7 дугаар сард төгсөж ирээд Увс аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллах болсон. Д.Н нь цагдан байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байгаад 2002 онд цагдан хорих байр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжихэд тус албанд шилжин ажилласан гэж тус тус мэдүүлсэн байх ба тэдний Д.Н 2001 оны 3 дугаар сард цагдаагийн курст элсэн суралцаж 2001 оны 7 дугаар сард төгсөж ирээд Увс аймгийн Цагдаагийн газарт цагдаагаар ажиллах болсон гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
3. Нэхэмжлэгч Д.Н 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж эхэлсэн гэх боловч хэрэгт түүнийг ажилд томилсон тушаал авагдаагүй, мөн 2001 онд цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх боломжгүй юм.
4. Харин Д.Н нь 2002 оны 1 дүгээр сараас 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2002 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бархай ургийн овогт Дын Нын 2002 оны 1 дүгээр сараас 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Б ургийн овогт Д-ын Н-ын 2002 оны 1 дүгээр сараас 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Увс аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2001 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ