| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00458/и |
| Дугаар | 152/ШШ2024/00439 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2024/00439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ....., А ургийн овогт Гын Агийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 60 настай. Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамарын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцаж, 1982 онд тракторчин, жолооч мэргэжлээр төгсөөд тэндээ хэдэн сар ажиллаад 1983 онд Увс аймагт ирсэн. Улмаар 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн (УААБУТ) полигон цехэд нормчноор ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанд явсан. 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдаж ирээд ажилгүй байж байгаад 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, мөн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор, 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 122 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 265 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Байгалийн голомтот ба гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын даргын 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлөх болон шинээр ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр Ажилд томилох тухай тушаал, гэрч Д.А, Ц.Д нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.А, Ц.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Г.Агийн ХААТР-1 баримт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Агийн 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор, 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Г.Агийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 115 дугаар зөвлөмжийн хуудсанд: Г.А нь 1987 онд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал Аймгийн архиваас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй, мөн 1990 оноос Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд ажилд орсон, ажлаас гарсан тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар цалингийн тодорхойлолт болно 70 дугаар дансны түүвэрт Гын Агийн 1987 оны 8-9 дүгээр сард Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестэд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.3. 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестээс Г.Ад олгосон хөдөлмөрийн 1987 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тус трестийн ажилд томилсон талаарх бичилт хийгдсэн хэсэгт Их нуур ХК-ийн тамгыг давхацуулан дарсан байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.4. Увс аймгийн Байгалийн голомтот ба гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын даргын 1998 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар Ажлаас чөлөөлөх болон шинээр ажилд томилох тухай тушаал, Увс аймгийн Баягалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр Ажилд томилох тухай тушаалууд нь нэхэмжлэгчийн 1987 он, 1990-1993 онд ажиллаж байсан байдалтай хамааралгүй байх тул тушаалуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Харин Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар Түр ажилчин ажиллуулах тухай тушаалаар Г.Аг 8 дугаар сарын 15-наас полигон цехэд түр ажилчнаар томилсон, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар цэргийн албанд татагдах ажилчдыг 10 дугаар сарын 20-ноос ажлаас чөлөөлсөн, хавсралтын 16. Г.А гэж бичигджээ. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгч Г.Агийн 1987 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.
3.5. Г.Агийн ХААТР-1 маягтад: Овог, нэр Гын А, ажилладаг байгууллага ЗБАТрест, эрхэлдэг ажил бетон цехэд нормчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1990.03.21 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маягтыг нотлох баримтаар үнэлсэн болно.
3.6. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олгосон хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд: Г.А нь БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Увс аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан Ардын армийн 015 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 639756 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ. Нэхэмжлэгч нь 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор ажилласан гэх боловч хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацат цэргийн албанд татагдсан гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгчийг энэхүү өдрийг хүртэл ажилласан гэж үзэх үндэслэлтэй.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.А, Ц.Д нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.А Би 1971-1994 онд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестэд өрмийн мастер, жолооч, даамлаар тус тус ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед Г.А 1987 оны 7 дугаар сард тус трестийн полигон буюу бетон цехэд ажилчнаар /нормчин/ ажилд орж байсан. Тэр үед би өрмийн мастер, бригадын даргаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Г.А бид хоёр 1987-1994 онд хамт ажилласан нь үнэн. Биднийг ажиллаж байх хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргаар н.Авирмэд, н.Дагван, Д.Саманд гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ц.Д Би 1982-1994 онд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд армотурчнаар ажиллаж байхад Г.А 1987 онд тус цехэд ажилчнаар ажилд орж, тэр цагаас хойш бид хамтдаа компани хувьчлагдах хүртэл буюу 1994 оныг дуустал ажилласан. 1994 онд Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трест хувьчлагдаж Энержи импари компани болсон гэж сонсож байсан. Г.А нормчноор ажиллаж байсан, яг хэдэн оноос ажилласныг нь санахгүй байна гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч Г.А нь 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор, 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 376 дугаар цалингийн тодорхойлолт болно 70 дугаар дансны түүвэр, Г.Агийн ХААТР-1 баримт, Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаар Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, 1987 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Алаг адуу ургийн овогт Гын Агийн 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор, 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Алаг адуу ургийн овогт Гын Агийн 1987 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн полигон цехэд нормчноор, 1990 оны 1 дүгээр сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Зам барилга ашиглалтын трестэд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ