Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 152/ШШ2024/00441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Х ургийн овогт З-гийн Б-гийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1968 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Би Тариалан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус сумын Туяа нэгдэлд хоньчноор ажилд орсон. Хоньчноор ажиллаж байхдаа 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд хоньчноор ажилласан. 1992 онд Туяа нэгдэл нь Туяа компани болж өөрчлөгдөхөд тус компанид 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг дуустал тасралтгүй хоньчноор ажилласан. Одоо миний тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл болон Туяа ХК-д 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр 1990 оны ажил дүгнэж, оны аварга тэргүүн шалгаруулж, тэргүүний хүмүүс шагнах тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дүгээр Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа ХК-ийн захирлын 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, З.Бгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийсэн баталгаажилтын хуудас, цэргийн батлахын хуулбар, гэрч С.Н, Х.Т нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Тг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, З.Бгийн ХААТР-1 баримт, хаягийн хуудас, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.Бгийн 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл болон Туяа ХК-д хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч З.Бгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 9 дүгээр сарын 02-ны өдрийн 123 дугаар зөвлөмжийн хуудсанд: З.Бгийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадад 1983-1987, 1989-1993 онд ажиллаж байх үеийн ажилд орсон тушаал Аймгийн архиваас гараагүй тул уг хугацааны ажилласан жилийг тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадын 1990-1993 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Зургаадайгийн Бтай хоблогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа тушаалын баримтаас холбогдох баримт гараагүй болно үзлээ.

3.3. Нэхэмжлэгч З.Б Хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байгаа гэж тайлбарласан тул түүний хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

3.4. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр 1990 оны ажил дүгнэж, оны аварга тэргүүн шалгаруулж, тэргүүний хүмүүс шагнах тухай тушаал, хавсралтаар З.Бг 500 төгрөгөөр шагнасан, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дүгээр Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, хавсралтаар хоньчин З.Бг ажлаас чөлөөлж, Туяа компаний мэдэлд шилжүүлсэн, Увс аймгийн Тариалан сумын Туяа ХК-ийн захирлын 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтаар малчнаар ажиллаж байсан З.Бг 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгч З.Бгийн 1989-1993 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

3.5. З.Бгийн ХААТР-1 маягтад: Овог, нэр Зургаадайгийн Б, эрхэлдэг ажил малчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 2011.01.18 гэж бүртгэгдсэн байна. Баримтад нэхэмжлэгчийн 2011 онд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул маягтыг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

3.6. З.Бгийн хаягийн хуудсанд: Овог, нэр Зургаадайгийн Б, ажилладаг байгууллага 3-р бригад, эрхэлдэг ажил малчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр 1986.01.25 гэж, гэрлэснийг бүртгэх анкетыг 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бүртгэхэд Мянган бригадад малчин гэж тус тус бүртгэгдсэн байна. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгчийг Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байх үед бүртгэсэн, хэрэгт ач холбогдолтой мэдээлэл тусгагдсан байх тул маягтыг нотлох баримтаар үнэлсэн болно.

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Н, Х.Т нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь С.Нг гэрчээр оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан ба гэрч Х.Т Миний бие Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1967-1972, 1974-1980 онд малчнаар, 1980-1987 онд хэвлэл түгээгчээр, 1987-1990 онд худалдагчаар тус тус ажиллаж байсан. З.Б нь 1984 оноос 1987 оны 10 дугаар хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987-1989 онд цэргийн алба хаасан. 1989 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд болон Туяа компанид 1993 он хүртэл малчнаар ажилласан гэж мэдүүлсэн ба түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр 1990 оны ажил дүгнэж, оны аварга тэргүүн шалгаруулж, тэргүүний хүмүүс шагнах тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дүгээр Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа ХК-ийн захирлын 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, хаягийн хуудас, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч З.Б нь 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл болон Туяа ХК-д хоньчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 335 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр 1990 оны ажил дүгнэж, оны аварга тэргүүн шалгаруулж, тэргүүний хүмүүс шагнах тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109 дүгээр Ажлаас чөлөөлж өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, хавсралт, Увс аймгийн Тариалан сумын Туяа ХК-ийн захирлын 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, хаягийн хуудас, гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Х.Тгийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хольдог ургийн овогт Зургаадайгийн Бгийн 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл болон Туяа ХК-д хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х ургийн овогт З-ийн Б-гийн 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сараас 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэл болон Туяа ХК-д хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч З.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ