| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00492/и |
| Дугаар | 152/ШШ2024/00445 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 152/ШШ2024/00445
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, регистрийн дугаар ........., М ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, ... дугаар баг, Галданбошигт хороолол, ... дугаар байр,... тоотод оршин суух, регистрий дугаар ..., Ж ургийн овогт Иын Цд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 1,425,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Ц нь Мобифинанс ББСБ-тай 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 140000569373 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99675820 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. И.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр тус бүр 1 сарын хугацаатай нийт 2 удаагийн 1,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. И.Цийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 359,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,758 төгрөг, нийт 1,425,329 төгрөг болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессэж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч огт төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Мобифинанс ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул И.Цээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,425,329 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч И.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 1,425,329 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,425,329 төгрөгийг 2024 оны 10, 11, 12 дугаар сард 3 хувааж төлнө. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 425,329 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК нь И.Цээс зээлийн гэрээний үүрэгт 1,425,329 төгрөг шаардах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,425,329 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 425,329 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн байна. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч И.Цд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,425,329 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,425,329 төгрөгийг 3 хувааж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 425,329 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч И.Ц илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч И.Ц нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч И.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,755 төгрөгийн тал хувь болох 18,877.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,877.5 төгрөг, хариуцагч И.Цээс 18,877.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1,425,329 төгрөгийг 3 хувааж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 425,329 төгрөгийг төлж барагдуулахыг хариуцагч И.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 18,877.5 төгрөг, хариуцагч И.Цээс 18,877.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, 18,877.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ