Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 152/ШШ2024/00450

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 53-2 тоотод оршин суух, регистрийн дугаар ........, И ургийн овогт Дгийн Игийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.И шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1968 онд төрсөн, 56 настай. Би 1991 онд ЗСБНХУ /хуучнаар/-ын Краснодар хотын Кубаны их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Улмаар 1991 оны 9 дүгээр сард Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны хуулийн хэлтэст кодификаторчаар ажилд орж, 1994 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацааны ажилласан байдлыг 2002 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын үзлэгээр хөдөлмөрийн улсын байцаагч баталгаажуулсан болно. Ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаалыг Увс аймгийн архиваас авах гэсэн боловч тушаал олдоогүй болно. Иймд миний 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүйн хэлтэс болон Увс аймгийн Засаг даргын тамгын газарт кодификаторчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар Газар, хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, 1994 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 119 дүгээр Ажил орлон гүйцэтгүүлэх тухай захирамж, гэрч Ц.Д, Д.Э нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Д, Д.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Игийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Игийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Дгийн Игийн 1994 оны 1 дүгээр сараас 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллаж ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

3.2. Д.Ид 1991 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилд томилсон, 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байна. Хөдөлмөрийн дэвтрийн эдгээр бичилтүүд өөр өөр цаг хугацаанд хийгдсэн атал бичвэр ижил, нэг цаг хугацаанд бичигдсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүйн хэлтэст кодификаторчаас томилогдсон гэх боловч хөдөлмөрийн дэвтрийн байгууллагын нэр хэсэгт Увс аймгийн Засаг даргын тамгын газар гэж бичигдсэн зөрүүтэй байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

3.3. Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр Ажилд авах тухай тушаалаар зааварлагчаар ажиллаж байсан Д.Игийн ажлыг Ц.Дд хүлээлцүүлэхийг тогтоол гүйцэтгэгч С.Авирмэд, Д.Даваажав нарт даалгасан, Увс аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар Газар, хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралтаар Хууль зүйн хэлтсийг татан буулгасан, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалын хавсралтад Д.И нотариатч гэж, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалаар Аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудын 1994 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх ба хавсралтад 10. И, улсад ажилласан жил 3, амралтын хоног бүгд 21 гэж тусгагдсан байна. Эдгээр тушаалууд нь нэхэмжлэгч Д.Игийн 1991-1994 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв. Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр Ажилд авах тухай тушаалаар зааварлагчаар ажиллаж байсан Д.И гэж, Увс аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар Газар, хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтад Д.И нотариатч гэж тус тус тусгагдсан байх тул нэхэмжлэгчийг кодификаторчаас гадна зааварлагч, нотариатчаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Увс аймгийн Засаг даргын 1994 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 119 дүгээр Ажил орлон гүйцэтгүүлэх тухай захирамжийг тус аймгийн Засаг даргын 1994 оны 148 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх тул захирамжийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ.

3.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Д, Д.Э нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Д Би 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хууль зүйн хэлтэст зааварлагчаар ажиллаж байсан. Намайг 1992 онд зааварлагчаар томилогдон ирэх үед Д.И Хууль зүйн хэлтэст кодификаторч /хууль тогтоомжийн системчлэл хариуцсан мэргэжилтэн/-аар ажиллаж байсан. Надад ажил хүлээлгэж өгөх үед Д.И ажлын комисст байсан ба миний ажлын байр буюу Хууль зүйн зааварлагч гэх орон тоо шинээр нэмэгдэж, Д.И нь зааварлагчийн ажлаа надад өгч, кодификаторчийн ажилдаа үлдэн ажилласан. Тэр үеэс хойш би Д.Итэй 1994 оны 6 сар хүртэл нэг хэлтэст хамт ажиллаж байсан учраас бид нэгнээ сайн мэднэ. Д.И нь 1994 оны 6 дугаар сард гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот руу шилжиж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргаар С.Түнтээ, нотариатчаар н.Алтантуяа гэх хүмүүс ажиллаж байсан. Тэр үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоол гүйцэтгэгч нар нь Хууль зүйн хэлтсийн харьяанд ажиллаж байсан гэж, гэрч Д.Э Би 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2005 он хүртэл Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа болон Увс аймгийн Засаг даргын тамгын газарт төрийн байгуулалтын хэлтсийн зохион байгуулагч, Ардын хурлын тэргүүлэгчдийн даргын нарийн бичгийн дарга, Засаг даргын нарийн бичгийн дарга, кодификаторч, төрийн захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Намайг ажилд ороход Д.И хууль зүйн хэлтэст ажиллаж байсан. Би лавлагаа их авдаг байсан тул Д.Иг сайн танина. Д.И хууль зүйн кодификаторч буюу хууль зүйн лавлагааны сан хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Д.И нь 1994 оны 6 дугаар сард гэр бүлийн хамтаар Улаанбаатар хот руу шилжиж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар Газар, хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Д.И нь 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүйн хэлтэс болон Увс аймгийн Засаг даргын тамгын газарт кодификаторч, зааварлагч, нотариатчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 243 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймгийн Хууль зүйн хэлтсийн даргын 1992 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр Ажилд авах тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар Газар, хэлтсийг татан буулгаж, ажилтнуудыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралт, 1994 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57 дугаар Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаал, хавсралт, гэрч Ц.Д, Д.Э нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Их тугт ургийн овогт Дгийн Игийн 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүйн хэлтэс болон Увс аймгийн Засаг даргын тамгын газарт кодификаторч, зааварлагч, нотариатчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Их тугт ургийн овогт Дгийн Игийн 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хууль зүйн хэлтэс болон Увс аймгийн Засаг даргын тамгын газарт кодификаторч, зааварлагч, нотариатчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Игийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ