| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00497/и |
| Дугаар | 152/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2024/00451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах, хувийн хэргийн .... дугаартай, регистрийн .... дугаартай, Төрийн банк ХК-ийн,
Н.Аг эрэн сурвалжлуулах тухай ннэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.А /РД:..../ нь Төрийн банкны Увс салбарын харьяа Улаангом тооцооны төвөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид ажиллаж, амьдарч байхдаа зээл авсан боловч 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ямар ч зээлийн төлбөр хийхгүй алга болсон бөгөөд оршин суугаа хаягаар нь хайж очиход байхгүй, хаашаа явсан нь тодорхойгүй мөн утсаар залгахад утсаа огт авахгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Тухайн үед Н.А нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галданбошогт хороолол, Ө.Бадрахын гудамж .... тоотод оршин сууж байсан ба 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш энэ хаяган дээрээ амьдрахгүй байгаа болно гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 831 дүгээр тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11127 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Н.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Н.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлдэгч Н.Аг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийн эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул Төрийн банк ХК-ийн зээлдэгч Н.Аг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Төрийн банк ХК-аас иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Агийн оршин суугаа газар тодорхойгүй гэж үзэн түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Н.А, Б.Д нар нь Төрийн банк ХК-аас 18,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12,546,000 төгрөгийн зээлийг нэмж авч, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлэн, төлөлт хийгээгүй болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
4.2. Дээрх үйл баримтаас үзвэл Н.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн байна.
4.3. Төрийн банк ХК-аас зээлдэгч Н.Ад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9,408,251.89 төгрөг гаргуулахаар түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11127 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Н.А нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 28 дугаар байрны 8б тоотод оршин сууж байсан боловч одоо байнга оршин суух хаягтаа оршин суудаггүй, хаяг тодорхойгүй болох нь дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ...., Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 28 дугаар байрны 8б тоотод оршин сууж байсан, Т ургийн овогт Н-ийн Аг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1984 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ..., Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 28 дугаар байрны 8б тоотод оршин сууж байсан, Т ургийн овогт Н-ийн А-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.А-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Увс аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ