Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 000013

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.Отгонхүү  

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1725000000272 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Хольдог овгийн Гомбын Дорлигсүрэн, Монгол Улсын иргэн, 1970 оны 08 сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 11 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 19-15 тоот хашааны гадна Д.Отгонхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     1. Хохирогч Д.Отгонхүүгийн “2017 оны 11 сарын 29-ний өдөр манай хашааны гадаа би түрүүлж Д ахыг гараараа нэг удаа шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд намайг хамар болон зүүн талын нүдний орчимд гараараа нэг удаа, шанаа хэсэгт нь цохисон. Бид хоёрыг зууралдаад байж байтал манай хажуугийн хөрш Ганаа гэх залуу гарч ирээд салгасан. Дорлигсүрэн ахыг цохих үед миний хамар гэмтсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

2.Гэрч Ч.Ганзоригийн “Би машинаа оруулчихаад хартал хадам ах Дорлигсүрэнгийн портерийн кузов хөдлөөд хүмүүс орилоод байхаар нь гартал Отгонхүү, Дорлигсүрэн нар зодолдож байхаар нь би боль гээд салгатал Отгонхүүгийн хамраас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9,24-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Д.Отгонхүүгийн биед хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /х/х-ийн 14-р хуудас/

 

4. Шүүгдэгч Г.Дорлигсүрэнгийн “Би өөрийн эхнэр Д.Бүрэнсайханы төрсөн дүү болох Д.Отгонхүүтэй Булган аймгийн нутаг дэвсгэрээс өөрсдийнхөө малыг авч ирэхээр 2017 оны 11 дүгээр сарын дундуур явсан. Явах үедээ Отгонхүүгийн машинаар явсан. Тэр үедээ Отгонхүү бензин тосыг нь өөрөөсөө гаргасан юм. Тэгээд бид хоёр очих газраа хүрч чадаагүй учир би малруугаа явган яваад өөрийн авах ёстой малаа аваад ирсэн. Уг нь Отгонхүүд хандаж малаа ил аваад ир гэж хэлэх гэсэн боловч гар утас нь холбогдоогүй учир Отгонхүүгийн эхнэр Туяад хэлсэн юм. Малынхаа айлаас авах малаа ил гаргаад над руу дөхүүлчих гэж хэлсэн боловч хэлээгүй байсан. Тэгээд Отгонхүү миний малыг авч ирээгүй гэх шалтгаанаар хэрүүл хийсэн. Дараа нь Отгонхүү өөрөө явж малаа авч ирсэн юм. Явсан зардал мөнгө болох 120 000 төгрөг болсон гээд мөнгө төгрөгөө авна гэсэн шалтгааны улмаас 2017 оны 11 сарын 29-ний өдөр бид хоёр хэрүүл маргаан хийсэн. Тэр үед манай эхнэр рүү хүртэл дайраад байхаар нь одоо болиоч ээ гэсэн утгатай зүйл хэлсэн чинь намайг нэг удаа гараараа хамар хэсэг рүү цохисон. Тэр үед Ганзориг гэрээсээ гарч ирээд салгасан. Тэгээд Отгонхүү цагдаад хандсан. Тэр үед Отгонхүүгийн хамар нь нэг эвгүй болсон байх шиг байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/ болон  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дорлигсүрэн мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч  Д.Отгонхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ “Надад гомдол санал байхгүй. Миний хамрын яс гэмтээд тухайн үед нь эмчлүүлсэн. Эмч нар хагалгаанд орох шаардлагатай гэсэн учир 1 сар гаргаад хагалгаанд орно. Бид хоёр үр хүүхдүүдтэй амьдрал тааруу хүмүүс учир хүргэн ах Дорлигсүрэнд гомдолгүй байна. Цаашдаа эмчилгээний асуудлаар бид тохирно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Дорлигсүрэн нь 2017 оны 11 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 19-15 тоот хашааны гадна хохирогч Д.Отгонхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Отгонхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Дорлигсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хольдог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Дорлигсүрэнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС