Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/1132

 

     2022            11            29                                         2022/ДШМ/1132

 

А.Мхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

яллагдагч А.Мгийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1557 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцэлд үндэслэн А.Мхолбогдох 9 дугаар хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 А.М, 

Яллагдагч А.М нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Говь” сауны хойд замд “Тоёота Приүс” загварын 03-27 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: А.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна. Яллагдагч А.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тус гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн гэмт үйлдлийн улмаас ямар хохирол учирсан болохыг зөв тогтоож байж энэ төрлийн гэмт хэрэг зөв зүйлчлэгдэх чухал ач холбогдолтой. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9812 дугаартай дүгнэлтээр хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон боловч 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гаргаж байгаагүй өөр шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ. Прокурорын зүгээс шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан шинжээчийн дүгнэлтийн талаар асууж, тодруулах боломжтой гэх саналыг гаргасан боловч шүүхээс нэгэнт өөр шинжээч томилох шаардлага үүссэн тохиолдолд урьд гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбоотой шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах нь ач холбогдолгүй гэж үзлээ. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9812 дугаартай дүгнэлтээр хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсоноос хойш 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдох шалтгаан нөхцөл үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах нь зүйтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж яллагдагч А.Мхолбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чинзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзнэ гэж ойлгодог. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг шүүх ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, түүнийгээ тайлбарлалгүйгээр, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилснаас үзэхэд шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэх боломжтой ажиллагаа буюу захирамжинд дурдсан шиг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн шуурхай шийдвэрлэх зорилтыг хангах ёстой юм. Хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 630 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтэд “...хохирогчид учирсан гэмтлүүд нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой...” талаар дүгнэсэн байхад дээрх дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулан, хохирогчид учирсан гэмтэл хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн болохыг тодруулах буюу эргэлзээтэй гэж үзэж байгаа нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой талаар санал гаргасан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааны үед шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу шүүхийн шатанд хуралдааныг хойшлуулан шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байхад шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1557 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч А.Мгийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 630 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтийн үндэслэл болгосон байдаг. Уг шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтыг Чулуунбат эмчийн рентген болон бусад баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэрэгт авагдаагүй нь шүүхийн журмаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг дутуу цуглуулсан байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 дугаар хуудаст тусгагдсанаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9812 дугаартай дүгнэлтээр хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсоноос хойш 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 630 дугаартай дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдох шалтгаан нөхцөл үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл тухайн үйл явдал 7 дугаар сарын 10-нд болсноос хойш 7 дугаар сарын 27-ыг хүртэлх хугацаанд өөр нөхцөлөөр гэмтэл авсан уу, шинжээчийн дүгнэлт үндэслэл болоод байгаа Чулуунбат гэх эмчийн рентген зураг хавтаст хэргийн хүрээнд авагдаагүй. Ийм нөхцөл байдал байгаа учраас шүүхийн журмаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Б.Чинзоригийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс А.Мхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9812 дугаартай хүний биед хийсэн шинжилгээгээр “...хохирогч Б.Цын биед дух, баруун шилбэнд шарх, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, баруун тохой, баруун бугуй, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоодлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 52-53/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 630 дугаартай нэмэлт материалаар хийсэн шинжилгээгээр “...хохирогч Б.Цын биед зүүн тахилзуур ясны зөрөөгүй хугарал гэмтэл нэмэлтээр тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 61-62/ тус тус 2 өөр дүгнэлт гарсан боловч 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9812 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үзлэгээр “...зүүн шилбэний доод хэсгээс тавхай хүртэл гөлтгөнө боолттой,...” гэж тэмдэглэсэн ба үүнийг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн С.Чулуунсүх эмчийн бичсэн “...2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2 хөлийн шаант, тахилзуур яс, шагайн үе, гавал ясны 2 байрлалын, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зургаар зүүн тахилзуур ясны дунд хэсэгт ташуу, зөрөөгүй хугаралтай, бусад яс, үенд гэмтэлгүй.” гэх дүрслэл оношилгооны хариуг үндэслэн нэмэлт материалаар дахин шинжилгээ хийж “...дээрх гэмтлүүд нь 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэсэн байх тул дээрхи шинжээчийн дүгнэлт зөрүүтэй буюу эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор, өмгөөлөгч нар хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд оролцох шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Прокурор Б.Чинзоригийн бичсэн эсэргүүцэл агуулгын хувьд үндэслэлтэй байна.

            Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх зайлшгүй нөхцөл байдал үүсчээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2022/ШЗ/1557 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, ...зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй байх тул шүүгдэгч А.Мхолбогдох эрүүгийн хэрэгт прокуророос яллах дүгнэлтээ дахин үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулан хэргийг дахин шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1557 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чинзоригийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 36 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ