Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 000018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба

Улсын яллагч Б.Бүжинлхам  

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1725000000266 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Баньдхүү овогт Э.Б, Монгол Улсын иргэн,  оны  сарын -ны өдөр Орхон ийн Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний РМК-д резин хуяглагч ажилтай, ам бүл 1,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, //

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Баярхүү нь 2017 оны 12 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Панда буудалд Дашпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Дашпүрэвийн “2017 оны 12 сарын 09-ний өдөр Танил техникийн захаас машины сэлбэг авах гээд очсон. Сэлбэг авах гэж явж байгаад Баярхүүтэй таарсан. Баярхүү надтай таараад аав болсон гэл үү машинд суучих гэсэн. Баярхүү миний аав болсныг тэмдэглэнэ гээд бид хоёр бид хоёр Панда буудалд орж өрөө авсан. Панда буудалд орж байхад Баярхүүгийн танил Сүхээ гэж залуу таараад бид хоёр 0.75 граммын архи авч өгсөн. Сүхээ гэж залуу авч өгсөн архинаасаа 2 байна уу 3 хундага уугаад гарсан. Үлдсэн архийг нь Баярхүү бид хоёр хувааж уусан. Тэгээд байж байхад мөн Баярхүүгийн танил Цэрэнбалжир гэх залуу орж ирсэн бөгөөд тэр залуу мөн нэг шил архи, хоол авч орж ирсэн. Тэгээд архи ууж байгаад би хэсэг хугацаанд согтсон юм шиг байгаа юм. Нэг ухаан орсон чинь Анхаа гэж залуу ирчихсэн байсан. Анхаа нь Баярхүүгийн хуурай дүү юм гэсэн. Тэд нар шивээс хийх л юм яриад байсан. Би согтоод нэг хэсэг юу болсныг мэдэхгүй байгаа юм. Нэг ухаан ороод гэртээ харина гээд гарч байснаа санаж байгаа юм. Намайг гарах гэхэд л миний араас хэн нэгэн хүн хавсарч унагаад дээрээс тархи толгой руу өшиглөөд цохиж зодсон. Намайг зодуулж байхад буудлын хүмүүс салгасан. Миний хамраас маш их цус гараад буудлын жижүүр ар гэрээсээ хүн дууд гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө аавыг дуудсан. Буудлын жижүүр цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд Баярхүүг аваад явсан. Эмчилгээ хийлгэж байгаа Баярхүү надтай учраа олсон. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Гэрч О.Цэрэнбалжирын “2017 оны 12 сарын 09-ний өдөр намайг гэртээ амарч байхад миний найз Баярхүү утсаар яриад Панда буудалд байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь Баярхүү буудлын өрөөнд Дашпүрэв болон Баярхүүтэй хамт ажилладаг гээд нэг залуугийн хамт архи уугаад сууж байсан. Баярхүүтэй хамт ажил хийдэг залуугийн эхнэр нь ирээд нөхрийгөө аваад явсан. Баярхүү ууж байгаад хэсэг унтсан. Би Баярхүүг унтаж байхад эхнэртээ машины түлхүүр өгөх гээд гарсан. Дашпүрэв Анхбаяр хоёр архи уугаад үлдсэн. Хэсэг байж байгаад орсон чинь Дашпүрэв буудлаас гарч байсан. Түүний нүд нь улайж хавдсан байх шиг байсан. Би Дашпүрэвээс яасан юу болсон бэ гэсэн чинь Баярхүү намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд дээшээ ороод байж байхад Дашпүрэвийн эцэг эх нь гэх хүмүүс цагдаа дагуулж орж ирсэн. Цагдаа нар хэн нь хэнийгээ зодоод байгаа юм бэ гэхэд Баярхүү Дашпүрэвийг зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

3. Гэрч Ж.Цэцэгмаагийн “Орой 20-21 цагийн хооронд байх 202 тоот өрөөнд орсон хүмүүс хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой дуу чимээ гараад байхаар нь өрөөнд орсон чинь Баярхүү гэж залуутай хамт өдөр буудалд орсон жижиг биетэй залуу хоёр орны дунд хэвтэж байсан. Баярхүү гэж залуу нь газар унасан байсан залууг дээрээс нь дарчихсан найз нь гэх залуу тэр хоёрыг салгах гээд байж байсан. Зүгээр бай гэсэн чинь Баярхүү гэж залуу би дүүдээ юм хэлж байна энэ чинь манай хамаатан гэж хэлсэн. Зодуулсан залуу нь газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтийн “Э.Дашпүрэвийн биед хамрын ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл ба 2017 оны 12 сарын 09-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь гэмтлий зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-р хуудас/

 

5. Шүүгдэгч Э.Баярхүүгийн “2017 оны 12 сарын 09-ний өдөр Танил зах дээр очсон чинь эхнэр нь надтай холын хамаатны залуу болох Дашпүрэв явж байсан. Панда буудалд орж байхад Сүхээ гэх миний танил залуу таараад нэг шил архи авч өгөөд хамт орсон. Нэг хоёр архи уугаад гарсан. Дашпүрэв бид хоёр үлдээд архи уусан. Архиа ууж байхдаа би өөрийн найз Цэрэнбалжирыг хүрээд ир гэж дуудсан. Нэг мэдсэн би согтоод унтсан ба сэрсэн чинь Цэрэнбалжир миний хуурай дүү Анхбаяр нар ирчихсэн юм яриад Цэрэнбалжир Анхбаяр Дашпүрэв нар архи уугаад сууж байсан. Намайг дөнгөж босч байхад Цэрэнбалжир би гараад хүнд түлхүүр өгөөд ирье гээд гарсан. Цэрэнбалжирыг гарсан чинь Дашпүрэв Анхбаяр руу чи намайг мэдэх үү, чи намайг барах уу гээд уурлаад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Дашпүрэв жорлон ороод нэг мөсөн үзье гээд байсан. Дашпүрэв над руу уурлаад Анхбаяртай зодоон хийнэ гээд байсан. Би тэгэхээр нь араас нь очоод хойш нь болгоод сандал дээр суулгасан чинь Дашпүрэв босч ирээд чи ч гэсэн томроод байгаарай гээд намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд түүнийг цохисон чинь нүүрээ дараад доошоо шалан дээр суусан. Анхбаяр намайг салгасан тэр хооронд Дашпүрэв гараад явсан. Би гараараа цохисон” гэсэн мэдүүлэг хх-ийн 26-27-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 35-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Баярхүү нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Баярхүү нь 2017 оны 12 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Панда” зочид буудалд Дашпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Дашпүрэвийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 36 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Баярхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Э.Дашпүрэв нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эмчилгээний төлбөр болон хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баньдхүүхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС