Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 269

 

П.Э-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 334 дүгээр тогтоолтой, П.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, бусдын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж үйлдсэн” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч П.Э г бүлэглэн, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокуророос П.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э г 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар П.Э  болон түүний ар гэрээс 100,000 төгрөгийг хохирогч Ж.Э-д олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокуророос П.Э гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн прокуророос П.Э гийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э-д  1 жил хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э-д  2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д  оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д  оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолоор П.Э-д  1 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалаар 2 жилийн хорих ял болгон хүндрүүлж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 334 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд П.Э-д  холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгуулах, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 334 дугаар тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг.

Хэрэв шүүхийн хэрэглэсэн эсхүл хэрэглэх гэж буй хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр болон үйл ажиллагаа бүхэлдээ хүчингүйд тооцогдох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.    

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн шинжтэй хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг.

Тодруулбал, материаллаг болон процессийн хэм хэмжээ өөр өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлж байдаг, түүнчлэн мөн чанарын хувьд процессийн гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулиар тодорхойлж, зарим үед материаллаг хэм хэмжээг процессийн хуулиар тодорхойлж эдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх тохиолдол гардаг.

Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлдог бол процессийн хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгждэг тул уг процессийн хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн үр дагавар үүсгээгүй, харин эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээтэй холбогдож, эцсийн дүндээ холимог хэлбэрээр хэрэгжиж байдаг өвөрмөц онцлогтой юм.           

Дээрхээс үзэхэд, Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессийн хэм хэмжээ хүчингүй болсон нөхцөл байдлын улмаас эрүүгийн ял, хариуцлагыг дээд шатны шүүхийн шийдвэрээр хүндрүүлсэн нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрх зүйн байдлыг бодит байдалд дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирсан тул хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хууль хэрэглэх хугацааны тухай “nullum crimen sine lege” болон хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зарчмын агуулга, үзэл санаанд нийцнэ.

       Иймд прокурорын бичсэн “П.Э-д  холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтын “...1 жил” гэснийг “...2 жил” болгон өөрчилсөн магадлалын заалтыг хүчингүй болгуулах, хяналтын шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалын ял хүндрүүлсэн болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 334 дүгээр тогтоолын уг заалтыг хэвээр үлдээсэн  хэсгүүдийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                   

   ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                  Ч.ХОСБАЯР