Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 0847

 

2017 оны 12 сарын 05 өдөр                   Дугаар 221/МА2017/0847                          Улаанбаатар хот

        “С Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “С Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5, 43.8-д заасныг тус тус баримтлан “С Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 57 дугаар шийдвэрийн “С Ф” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын Зөгийт нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Шүүх үндэслэх хэсэгтээ “...үйл баримтууд болон эрх зүйн зохицуулалтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс буюу захиргааны байгууллага нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/2107 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, мэдэгдсэнээ баримтжуулаагүй байна ... гэж шүүх үзлээ” гэжээ.

Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг үл биелүүлэн “С Ф” ХХК нь өөрчлөгдсөн хаягаа төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон.

Хоёр. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй болохоос төрийн захиргааны байгууллагаас мэдэгдэл ирүүлсний дараа төлбөрөө төлөхөөр хуульчлаагүй.

Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэн нэхэмжлэгч “С Ф” ХХК-ийн хаягаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн, мөн манай байгууллагад бүртгэлтэй утсаар нь холбоо барьсан болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа болно. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг үл анзааран хэт өрөөсгөл дүгнэлт хийж, хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                  

ХЯНАВАЛ:

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

              Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 57 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” үндэслэлээр “С Ф” ХХК-ийн Төв аймгийн Өндөрширээ сумын нутаг Зөгийт нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

              Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан холбогдох мэдэгдлийг өгөлгүйгээр шууд цуцалсан нь тус компанийн эрх, ашгийг зөрчсөн” гэж, хариуцагчаас “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу нэхэмжлэгч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл бүрдсэн,...тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн болохыг “С Ф” ХХК-ийн албан ёсны хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7/2107 тоот албан бичгээр мэдэгдсэн” гэж маргажээ.

              Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “С Ф” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын XV-012989 дугаартай тусгай зөвшөөрлийн 2016 оны ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, ийнхүү төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл ... тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн XV-012989 дугаартай тусгай зөвшөөрлийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй, энэ хугацааг алданги төлсний үндсэн дээр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухайн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэгтэй байна.

              Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.1-д зааснаас үзвэл, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүсэх үеэс эхлэн захиргааны байгууллагад тухайн хуулийн этгээдтэй харилцах хаяг, цахим шуудан, утас, факсны дугаарыг бүртгүүлэхээр байна. Хэрэв дээрх мэдээлэл нь өөрчлөгдвөл мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т заасны дагуу 14 хоногийн дотор захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, дээрх зохицуулалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/2107 тоот албан бичгээр “С Ф” ХХК-д “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэх” тухай мэдэгдлийг хүргүүлэхээр түүний албан ёсны бүртгэлтэй хаягаар явуулсан байх боловч “заасан хаягт байхгүй” гэх шалтгаанаар Монгол шуудангаас мэдэгдлийг буцаан хүргүүлсэн байна.

Тэрчлэн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тухайн үед Кадастрын хэлтэст бүртгэлтэй хаяг өөрчлөгдөөгүй байсан талаар мэдүүлсэн төдийгүй 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/854 тоот албан бичгийг Кадастрийн хэлтэст бүртгэлтэй “Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26-653 тоот” гэсэн хаягаар хүлээн авч байсан, мөн нэхэмжлэгч нь хаягийн бүртгэлийн өөрчлөлт хийлгээгүй байна. Энэ тохиолдолд бүртгэлтэй хаягаар мэдэгдэл хүргүүлсэн хариуцагч захиргааны байгууллагыг “...мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж буруутгах боломжгүй.

Нөгөөтэйгүүр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлөх үүрэгтэй, уг үүргийг зөрчсөн нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан байх тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгч “мэдээгүй” гэх гомдол үндэслэлгүй төдийгүй мэдээгүй байх нь тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй юм.

              Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.5, 43.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь дээрх 7/2107 тоот албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, албан ёсоор мэдэгдсэнд тооцох хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь буруу байна.

              Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус зааснаас үзвэл, энэ тохиолдолд ямар үндэслэлээр, ямар хугацаанд, хэнд, хэзээ мэдэгдэхийг журамлан тухайлан зохицуулсан зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуульд байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх үндэслэлгүй.

              Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 57 дугаар шийдвэрийн “С Ф” ХХК-ийн Төв аймгийн Өндөр ширээ сумын “Зөгийт” нэртэй талбайд байрлах ашигт малтмалын хайгуулын XV-012989 тоот тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “С Ф” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                     

ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН