| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0012/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/16 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Ж.Ж нарт холбогдох эрүүгийн 1738004180005 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Ж.
Шүүгдэгч Э.Б, Ж.Ж нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой Тосонцэнгэл сумын 2 дугаар багт иргэн Б.С-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б, Ж.Ж нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой Тосонцэнгэл сумын 2 дугаар багт иргэн Б.С-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.С-ийн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн үед Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутагт Б гэдэг айлд очсон. ...шар Банди намайг “ямар гөлөг хүрээд ирсэн юм бэ” гэхээр нь би “чи яагаад гөлөг гэж дуудаад байгаа юм бэ” гэсэн чинь “би бол насаар чинь дарамтална” гэж хэрэлдэж байхад гаднаас Ж орж ирээд “шар Бандиад яагаад томроод байгаа юм бэ” гээд намайг гэрээс чирээд байхаар нь “гэрээс гарахгүй” гээд гэрийн хананаас зуурсан чинь миний гар руу өшиглөн тавиулж, гэрээс гаргаад тэр хоёр миний өмсөж явсан хувцас хунарыг урж тасдаад, газар хэвтэж байхад миний нуруу руу дэвсээд байж байхад Б бид нарыг салгасан. ...Манай найз Б миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон. Мөн намайг гэрийн гадаа зодуулж газар унасан байхад өшиглөсөн. Харин Ж нь миний нуруу, баруун гар руу өшиглөж, намайг хоёр удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Гэрч П.Б-ийн: “...шар Банди С-г “мэндлэхгүй яагаад байгаа юм бэ” гээд тэр хоёр маргалдахаар нь би гэр рүү яваад орсон. ...Ж ах орж ирээд, тэр хоёр С рүү томроод хэрэлдэж байгаад шар Банди нүүрэнд нь нэг удаа цохьсон. С ах бас нэг удаа цохиж харагдсан. Тэгээд С-г гэрээс чирч гаргаад ... шар Банди “наадахаа цохь” гэж байсан. ...С-ийн гар нь хавдсан, баруун талын хацар нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Т.Б-н: “...Ж ах гараад зодолдъё гэсэн чинь С гарахгүй хананаас зуурсан чинь гар руу нь өшиглөөд гэрээс чирч гаргаад Ж ах тонгорч шидээд нуруу руу нь 2-3 удаа гараараа цохиод өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Батмөнхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 703 дугаартай
1.2. Б.С-ийн биед баруун шанаа болон зүүн сарвууны зөөлөн эдэд няцралт болон зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Б.С-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Б.С нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эмчилгээ, эм тариа болон бусад хохирлын төлбөрт 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг авч, цаашид ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэх эвлэрлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан байх тул шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн 1738004180005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Б, Ж.Ж нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тогтсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Ялтан нарын ял эдлэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн 1738004180005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, Ж.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН