Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 0095

 

 

 

 

 

 

 

 

С.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор эсэргүүцлээр шүүгдэгч С.Год холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт С-н Г,

 

С.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр      аймгийн       сумын      багийн       тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.Н-г 2 удаа түлхэж унаган тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: С.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Х овгийн С-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:  

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэн талаар дүгнэлт хийгээгүй, мөн торгох ялыг ямар хугацаанд биелүүлэхийг тогтоогоогүй атал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хэрэв шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй юм.

Шүүх шүүгдэгчийг торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “... гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх ...” -ийг тусгахаар хуульчилсан байхад торгох ял биелүүлэх хугацааны талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Год холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

С.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

 Шүүгдэгч С.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр       аймгийн       сумын        багийн     тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Э.Н-г хоёр удаа түлхэж унаган тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хохирогч Э.Н-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 717 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Гын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэсэн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

            Прокурор Г.Э ... Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ... гэсэн агуулга бүхий  эсэргүүцэл гаргажээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байх бөгөөд прокурор “... гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлж барагдуулсан,... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан ... ” гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авахгүй байх санал үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

            Прокурорын дээрх саналд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, эсхүл хэсэгчлэн төлүүлэхгүй талаар дурдагдаагүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар ял биелүүлэх хугацааг сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт “Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 160 дугаар зүйлд “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүх гэм буруутай этгээдэд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тохиолдолд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143, 160 дугаар зүйлийг заавал тусгах шаардлагагүй ба шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол эрх бүхий албан тушаалтан дээр дурдсан хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юм.

Харин шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч С.Гын урьд ял шийтгэгдсэн эсэх талаар мэдээллийг бичихдээ “...1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ...” гэхийг “... 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан ...” гэж бичиж, тооны буюу техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА