Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/шш2024/00578

 

 

 

 

 

 

 2024 04 04 142/ШШ2024/00578

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1 569 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******

Хариуцагч Г.*******

Иргэдийн төлөөлөгч Ш.Ерханат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос ******* *******оор /*******/ үнэ хөлсөө тохиролцож 55 инчийн зурагт авчруулсан юм. Г.******* нь тээвэрлэх явцдаа зурагтыг эвдэж гэмтээсэн тул зурагтын үнэ 1 499 000 төгрөг, Г.*******ийг эрэн сурвалжлуулсны 70 200 төгрөг, нийт 1 569 200 төгрөгний төлбөрийг төлүүлж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд: нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 42/04-806 дугаартай албан тоот /хх-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Г.*******ид холбогдуулан 1 569 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Г.*******оор үнэ хөлсөө тохиролцож 55 инчийн зурагт авчруулсан юм. Г.******* нь тээвэрлэх явцдаа зурагтыг эвдэж гэмтээсэн тул зурагтын үнэ 1 499 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан 70 200 төгрөг, нийт 1 569 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

2. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

3. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Н.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 55 инчийн зурагтыг 100 000 төгрөг төлж, С.*******оор Орхон аймагт авчруулсан гэдэгтэй хариуцагч маргаагүй бөгөөд талуудын тайлбараар нотлогдож байна.

5. Н.*******, Г.******* нарын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

6. Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах бөгөөд дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.

7. Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1.-д Дагалдах бичигт: дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр, ачаа илгээгчийн нэр, хаяг, тээвэрлэгчийн нэр, хаяг, ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар болон хүргэх газар, хүлээн авагчийн нэр, хаяг, ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ, тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар, ачааны жин буюу хэмжээний талаархи бусад тэмдэглэл, тээвэрлэлттэй холбогдсон зардал /тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж, гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал/, хуульд заасан бусад нөхцлийг тусгахаас гадна шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт мөн хуулийн 387.2.-т заасан зүйлүүдийг тусгана гэжээ.

8. Талууд зурагтыг ачуулахдаа дагалдах бичиг үйлдээгүй бөгөөд С.******* ачааг /зурагтыг/ шалгаж аваагүй, Н.*******ы хүү нь өргөж авчирч машинд ачуулсан нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд зохигчийн хэн аль нь хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй тодруулбал ачааг шалгаж ачуулах, шалгаж хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл зурагтыг ачуулахад хагархай байсан, тээвэрлэх явцад хагарсан эсэх нь нотлогдоогүй болно.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

10. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа нотлох баримтгүй, өөрсдийгөө өмөөрч ярьж байна. Зурагтыг хүлээлгэн өгсөн хүн бүрэн бүтэн байдлыг нотлох ёстой байсан. Зурагтыг хүлээлгэж өгөхөөс өмнө эвдэрсэн үү, хүлээлгэж өгсний дараа эвдэрсэн үү гэдэг нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй тохирч байна.

11. Иймд С.*******оос 1 569 200 төгрөг гаргуулах Н.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 057 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1., 393 дугаар зүйлийн 393.1.-д заасныг баримтлан Г.*******оос 1 569 200 төгрөг гаргуулах Н.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 057 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ