Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
Хэргийн индекс | 114/2024/0016/З |
Дугаар | 114/ШШ2024/0016 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 114/ШШ2024/0016
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2024/0016/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гаас Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С*******т холбогдуулан гаргасан “2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” тухай дүгнэлттэй зөрчлийн хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...тус аймгийн Засаг даргын тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С******* “иргэн Г.У******* эрхийн бичиггүй, бүртгэлгүйгээр радио төхөөрөмж ашигласан гэх” бүртгэлийн 05 дугаартай зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, Ганбаяр овогтой У*******д Зөрчлийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн дагуу шалгалтын хүрээнд хянав. Материалд цугларсан нотлох баримтуудаар Г.У******* эрхийн бичиггүй, бүртгэлгүйгээр радио төхөөрөмж ашигласан” болох нь тогтоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 1.1, 1.2, 1.3 дах заалтад зааснаар хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтан хуулийн заалтыг бичилтгүй торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэсэн байна.
Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт Г.У*******д Зөрчлийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дах заалтад зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Засаг даргын тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С*******ын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гаас тус аймгийн Засаг даргын тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С*******ын “иргэн Г.У******* эрхийн бичиггүй, бүртгэлгүйгээр радио төхөөрөмж ашигласан гэх” бүртгэлийн 05 дугаартай зөрчлийн талаарх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, Ганбаяр овогтой У*******д Зөрчлийн тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж заасан эрхийнхээ дагуу Дархан-Уул аймгийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Э*******гийн “2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай” дүгнэлтийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Ц.С******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ