Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 0096

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                           Ц.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Н.М, Д.О

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Ц-н Э,

 

Ц.Э нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө        аймгийн      сумын      багийн “Х” хотхоны    тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 345.000 төгрөг бэлнээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Ц-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц-н Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Э давж заалдах гомдолдоо:

... Миний эхнэр болох Д-н Э өөрийн гурван хүүхэд, 13 настай Э.Б, 7 настай Э.А, 1 настай Э.Х нарыг хардаг учир хөдөлмөр эрхлэх боломжгүй тул миний шийтгүүлсэн 1 жилийн хорих ялыг миний бага хүү Э.Х-г 2 нас хүртэл түдгэлзүүлж өгнө үү. Би нийт ажлын байрны түрээс, банкны зээл, орон сууцны түрээс, банк бус санхүүгийн байгууллага, ажилчдын цалин, эхнэрийн цалингийн зээлийн үлдэгдэл зэргийг тус тус төлдөг болно. Хэрвээ би 1 жилийн ялыг эдлэх юм бол энэ бүх асуудал миний гэр бүлд маш хүндээр тусах гээд байгаа учир миний эдлэх ялыг түр хугацаанд харгалзан үзэж хойшлуулж өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Э тайлбартаа: Хорих ялыг минь хойшлуулж өгнө үү гэв.

 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: Шүүгдэгч Ц.Эын хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: “Зүйлчлэлийн хувьд зөвшөөрөхгүй байна. Тусгайлан хамгаалсан тэмдэг тэмдэглэгээ, хориг байгаагүй учраас зүйлчлэлийг өөрчлөх саналтай байна ... ” гэв.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Эын давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Ц.Э нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө      аймгийн      сумын     багийн “Х” хотхоны  тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 345.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нь “ ... хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй ... ” гэсэн тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан боловч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Мөн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нь гэм буруутай этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд тухайн этгээд үүнийг мэдсээр байж нэвтэрсэн үйлдэл нь хууль бус нэвтрэлтэд хамаарна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ц.Эын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хасаж хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

              Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хохирол нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд ... анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болохоор заасан бөгөөд шүүгдэгч Ц.Э нь хуулийн дээрх заалтад хамаарах үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гаргасан “... эдлэх ялыг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА