Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,  

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

Хохирогч: Р.О,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгио овогт Ц-ийн Б-т холбогдох 1735001420072 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 21-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, трактор-комбайнчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 3-39 тоотод оршин суух Онгио овогт Ц-ийн Б. регистрийн дугаар: ОЭ66102173.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 5702 УВХ улсын дугаартай тоёота приус загварын авто машин жолоодож явааад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  13.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргасны  улмаас хохирогч Р.О-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 5702 УВХ улсын дугаартай тоёота приус загварын авто машин жолоодож явааад хохирогч Р.О-ыг мөргөсөн болох нь  хохирогч Р.О-ы “2017 оны 10 дугаар сарын 12-ны 19.00 цагийн үед 4 дүгээр багт байх гэрээс өөрийн охин Ч-ийг дагуулаад 7 дугаар багт байдаг Амарсанаа гэдэг айл уруу явж байхдаа 1 дүгээр цэцэрлэгийн урдах засмал замаар яваад музейн 4 замын уулзвараар баруунаас зүүн тал уруу явган хүний гарцаар замын хагасаас өнгөрөөд явж байтал урдаас хойшоо чиглэлд гэнэт машины гэрэл гараад Ч бид хоёрт тулж ирсэн. Би машины гэрлийг харангуутаа охиноо түлхэж холдуулсан. Энэ үед машин намайг мөргөсөн бөгөөд би ухаан алдаж унасан байсан. Намайг ухаан ороход миний хажууд Б болон эмнэлэгийн эмч, цагдаа нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/, насанд хүрээгүй гэрч Н.Ч-ийн “Ээж бид хоёр гэрээс гараад музейн 4 замын уулзвараар явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлд зам хөндлөн гарах гээд замын талаас өнгөрөөд явж байтал урд зүгээс автомашины хурц гэрэл гялбасан бөгөөд энэ үед ээж намайг замын зүүн тал уруу түлхсэн. Би ээжид түлхүүлээд замын зүүн захад унах үед миний ар талд “Пад” гэх чимээ гарсан. Би эргээд харахад ээж зам дээр хэвтэж байсан. Ээжийг мөргөсөн машин ээжээс өнгөрөөд замын зүүн тал уруу шахаад зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/, гэрч Г.Т-гийн “2017 оны 10 дугаар сарын 12-ны орой эргүүлийн цагдаа Ж.Д-ын хамт 7 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 19 цагийн үед музейн 4 замын уулзварын явган хүний гарцны орчмоос эмэгтэй хүүхэд уйлах чимээ гарахаар нь яваад очиход хойд хэсгийн явган хүний гарцнаас хойд зүгт 3-4 метр зайд зам дээр эмэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг эмэгтэй хүүхэд зогсож байсан. Тэр 2 хүний цаана /хойд зүгт/ 5702 УВХ улсын дугаартай цагаан өнгийн машин замын зах уруу шахаад зогссон бөгөөд тэр машинаас нэг эрэгтэй хүн бууж ирсэн. Зам дээр хэвтэж байсан эмэгтэйн толгойны орчмоос цус гарч байсан бас замын зорчих хэсэг цусаар бохирлогдсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/, гэрч Ж.Д-ын “2017 оны 10 дугаар сарын 12-ны орой эргүүлийн цагдаа Г.Т-гийн хамт 7 дугаар багийн нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 19 цагийн үед музейн 4 замын уулзварын явган хүний гарцны орчмоос эмэгтэй хүүхэд уйлах чимээ гарахаар нь Г.Т-гийн хамт яваад очиход хойд хэсгийн явган хүний гарцы орчимд зам дээр эмэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд хажууд нь нэг эмэгтэй хүүхэд “Манай ээжийг машин мөргөчихлөө” гээд уйлаад зогсож байсан. Тэр 2 хүний цаана /хойд зүгт/ 5702 УВХ улсын дугаартай цагаан өнгийн машин замын зах уруу шахаад зогссон бөгөөд тэр машинаас нэг эрэгтэй хүн бууж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/, шүүгдэгч Ц.Б-ийн “2017 оны 10 дугаар сарын 12-ны орой такси үйлчилгээнд явж байгааад 19 цагийн үед гэртээ харихаар Музейн 4 замын уулзвараар урдаасаа хойшоо чиглэлд гарах гээд явж байтал гэнэт 2 хүн урд тулаад ирэхээр нь би сандраад тормозоо гишгэж чадалгүй жолоогоо зүүн гар тал уруугаа дараад чигээрээ 10 орчим метр яваад зогссон. Намайг зүүн гар тал уруугаа  жолоогоо дарах үед машины баруун урд талын хэсэгт нөгөө хоёр хүний нэг нь цохигдоод машины баруун хажуу тал уруу унасан. Би машинаа зогсоогоод буугаад ирэхэд нэг эмэгтэй зам дээр дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд тэр эмэгтэйн хажууд нэг эмэгтэй хүүхэд уйлаад зогсож байсан. Би гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид бэлнээр 2.650.000 төгрөг өгсөн. 1.144.710 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байгаа” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б 57-02 УВХ улсын дугаартай тоёота приус загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц уруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-р тал/-ээр тогтоогджээ.

Хохирогч Р.О энэ зам тээврийн осолд өртөсний улмаас бие махыбодид нь тархины зүүн чамархай хэсэгт цусан хураа, тархины дунд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, баруун хацар ясны нумын битүү хугарал, баруун чамархай, дагзанд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгний үений дотно хэсэг, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хацарт, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-р тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Ба автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Хохирогч Р.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээ болон бусад зардалд 5.326.810 төгрөгийн зардал гарсан. Энд эмнэлэгт байхад болон Улаанбаатар эмчилгээнд явахад шүүгдэгч Ц.Б 2.650.000 төгрөг бэлнээр өгснийг зарцуулаад дууссан. Одоо 2.676.810 төгрөг нэхэмжлэж байна” гэж нотлох баримтууд гаргаж өгснийг үнэлэж дүгнэхэд Хаан банкнаас 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201743173624-1 дугаартай зээлийн гэрээгээр авсан зээл, зээлийн хүү, мөн лизингийн зээлийн төлбөрт 1.186.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ хэрэгт хамааралгүй буюу гэмт хэрэгт өртөгдөхөөс өмнө өөр зориулалтаар авсан зээл байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй, мөн Улаанбаатар хотод байх хугацаанд хэрэглэсэн хоол хүнсэнд 144.600 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн үндэслэлгүй байна. Учир нь хүн гэмт хэрэгт өртөгдсөн эсэх, хаана байгаагаас үл хамааран хоол хүнс хэрэглэдэг тул уг зардлыг шүүгдэгчийн гэм буруугийн улмаас гарсан зардал гэж үзэхгүй. Иймээс  зээл, зээлийн хүү, мөн лизингийн зээлийн төлбөрт 1.186.000 төгрөг, хоол хүнсэнд хэрэглэсэн 144.600 төгрөг, нийт 1.330.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улаанбаатар хотод байх хугацаанд такси үйлчилгээнд зарцуулсан гэх 201.500 төгрөг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан зардалд тооцогдох боловч хавтаст хэрэгт баримт авагдаагүй тул хохирогч баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Улаанбаатар хот, Улаангом хооронд хохирогч өөрөө болон эгч Р.Б, охин Н.Ч нарын хамт явсан зардал, эм, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт 1.144.710 төгрөгийн зардал гаргасныг шүүгдэгч Ц.Б-иас гаргуулан хохирогч Р.О олгох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой энэ хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны дотор төлж барагдуулах талаар тохиролцсон тул шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзнэ.

Хохирогч Р.О нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Ц.Батсууриас нэхэмжлэх эрхтэй болно.

 

2. Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.Б автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Б-т ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хэсэгчлэн арилгасан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн  байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онгио овогт Ц-ийн Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Б-т тэнссэн хугацаанд нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Б-т хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Р.О-ы нэхэмжлэлээс 1.330.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 2-т зааснаар  201.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  1.144.710 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Б төлөхөө илэрхийлснийг тус тус дурдсугай.

 

 6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн 113552 дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Отгоннямд даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ