Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 142

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл,

Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: П.Удвал,  

Шүүгдэгч: С.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харагчууд овогт С-ын Т-д холбогдох 1735000000084 дүгээртэй  эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл-2, эгчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 16-1 тоотод оршин суух Харагчууд овогт С-ын Т, РД:ОЭ73042711

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт  хохирогч Ж.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                1. Шүүгдэгч С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч С.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт  хохирогч Ж.Б-ыг зодсон гэм буруутай болох нь хохирогч Ж.Б-ын “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би ажил дээрээ байж байтал миний урьд нь хамтран амьдарч байсан С.Т гэх залуу миний гар утас уруу залгаж “Би Гансүхийн гэрт байна. Хүрээд ир” гэхээр нь 13.30 цагийн үед очиход тэднийд Г, түүний эхнэр Т, О, Э нар байсан. Төгсөө согтуу байсан ба намайг гэрт ороод суух гэж байтал “Дотуур өмдөө угаадаггүй авгай. ДОХ-той банзал авгай. Нялх амрагтай авгай” гээд хүмүүсийн дунд хэл амаар доромжилоод байхаар нь “Би чиний хажууд хэзээ заваарч явсан юм бэ?”  гэхэд намайг Төгсөө барьж аваад хөл үрүү өшиглөхөөр нь би барьцалдаад авсан. Гансүх “Та нар гэрээс гарч хэрүүл, зодооноо хий” гээд гэрээс түлхээд гаргасан. Би байшингаас гарч байхдаа хаалганы довжоонд бүдрээд унахад Т миний дух, толгой руу гараараа 4 удаа цохиж, хөл үрүү өшиглөсөн. Би босоод ирэхэд авч шидэж унагаад зүүн гарыг мушгисан. Намайг зодоод байхаар нь толгой руу нь гараараа нэг удаа цохьсон. 2017 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл манай гэрт хамтран амьдарч байхдаа намайг цохиж, зодож байгаагүй. Миний хувьд Т-д гомдолтой гэж хэлэхгүй. Хуулийн дагуу хариуцлага хүлээнэ биз” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/, гэрч Н.Г-ийн “Би таксинд явж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед гэртээ ирэхэд эхнэрийн найзууд болох Төгсөө, Оюун, Энхээ нар цай ууж байсан. Би гэртээ цайгаа уугаад сууж байтал эхнэрийн найз Б гэдэг эмэгтэй орж ирсэн. Намайг том өрөөнд байж байтал удалгүй гал тогооны өрөөнд Т, Б хоёр хэрэлдээд байхаар нь яваад ороход тэр хоёр барьцалдаад авчихсан байхаар нь би “Та нар гарцгаа, та нарын хэрэлдэж, зодолддог гэр биш” гээд Т-г хаалгаар гаргахад Т “Балжиннямыг гарга” гээд байхаар нь гаргасан. Удалгүй Т орж ирээд сууж байтал Б орж ирээд “Т намайг зодлоо” гэж хэлсэн бөгөөд дух нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р тал/, гэрч Т.Оюуны “2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай найз Э гар утсаар залгаад “Г-ийн гэрт хүрээд ир” гэхээр нь яваад очиход Г, Т, Э, Т, Б нар байсан бөгөөд гэрт ороход тэд нар “Энд зодоон боллоо. Т Б-ыг зодлоо” гэж байсан. Балжинням гэх эмэгтэй цохьчихлоо гээд толгойгоо дараад байсан бөгөөд дух нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/, шүүгдэгч С.Т-гийн “Т эгч 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б бид хоёрыг эвлэрүүлэх гэж гэртээ дуудсан. Тэдний очихын өмнө дэлгүүрээс 200 граммын Ерөөл нэртэй архи авч ганцаараа уусан юм. 13 цагийн үед Г ахын гэрт очиход Т ганцаараа байсан ба бид хоёр цай уугаад сууж байтал Э гэдэг эмэгтэй, удалгүй Г ирээд бид нар гал тогооны өрөөнд цай уугаад сууж байтал Б орж ирээд надтай хэрүүл маргаан үүсгээд бид хоёр барьцалдаж авахад Г бид хоёрт хандаж “Та хоёр хэрүүл маргаанаа гэрээс гарч хий” гэхэд би Б-ыг хувцаснаасаа салгаад цааш түлхэхэд хана мөргөж унасан. Би байшингаас гарахад Б араас гарч ирээд намайг заамдаад авахаар нь гарыг нь мушгиад үүрч шидэхэд газарт уначихаад босож ирээд дахин намайг заамдаж авах гэхээр нь дух уруу нь гараараа цохьчихоод Г-ийн гэрт орчихсон. Араас Б орж ирээд суусан. Б-ыг зодож цохисон буруугаа хүлээж байна. Түүнээс уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулж өгсөн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Т нь хохирогч Ж.Б-ыг зодсоны улмаас хохирогч Ж.Б-ын бие махбодид тархины доргилт, зүүн хөмсөгний гадна дээд талп, зүүн гарын чигчий хуруунд хар хөхөрсөн, баруун өвдөгний үений дээд хэсэгт зулгаралт гэмтэл  учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 730 дугаартайдүгнэлт /хх-ийн 24-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч С.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч С.Т-гөөс нэхэмжлэх хохирол байхгүй талаараа тодорхойлолт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

    

 2. Шүүгдэгч С.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно. 

Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Харагчууд овогт С-ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

            4. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ