Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

 

 

 

2022         11         16                                         2022/ДШМ/23

 

       С.А, Г.З нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Н.Энхтулга,

Шүүгдэгч: С.А, Г.З,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг, Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.З, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч нарт холбогдох 2238000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Онход овогт С-ийн А, 19.... оны .... дүгээр сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн ...................сумын ..... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн .......... оны ........ дүгээр сарын ........-ний өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2....... оны ..... дугаар сарын 30-ны өдрийн ....... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн ......... оны ..... дугаар сарын 15-ны өдрийн ...... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн ........... оны 12 дугаар сарын .......-ний өдрийн ....... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар бүгд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 9 дүгээр сарын .......-ны өдрийн .......... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн .......... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн /регистрийн  дугаар ............/.

2.Монгол Улсын иргэн, Эрхий Мэргэн овогт Г-ын З, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, аав, ээж, охины хамт Хөвсгөл аймгийн .............. сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......... оны 8 дугаар сарын ....-ны өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн ....... оны ....... дугаар сарын 10-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос үлдэгдэл ялтай нэмж нэгтгэн 2 жил 2 сар 4 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар ............./.

Шүүгдэгч С.А нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 9-07 тоотод байрлах Д.Гын эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч луун хээтэй, хурган дотортой дээл 1 ширхэг, үхрийн хааны мах 1 ширхэг, үхрийн гуяны мах 1 ширхэг, хонины бүтэн мах 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,292,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч С.А, Г.З нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-02 тоотод байрлах Л.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч хуйхалсан хонины өвчүү, 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 817,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн байшинд орохдоо цонхыг хагалж 230,000 төгрөгийн хохирол, нийт 1,047,000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Онход овогт Сгийн А, Эрхий Мэргэн овогт Гал-------ын З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Онход овогт Сгийн Анх-Эрдэнийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Эрхий Мэргэн овогт Гын Зыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Г.Зт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Анх-Эрдэнийн цагдан хоригдсон нийт 248 хоног, шүүгдэгч Г.Зын цагдан хоригдсон 66 хоногийг тус тусын эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэс 515,000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 42 инчийн Sony загварын телевизорыг хохирогч Л.Бт буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.З давж заалдах гомдолдоо:  ...оногдуулсан хорих ял надад хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Л.Бт учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгээ бүрэн төлж барагдуулсан. Надад хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжтой байсаар байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд миний зүгээс гомдолтой байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: 

Нэг. ...анхан шатны шүүхийн шүүгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэх зохицуулалтыг үл хайхарч, иргэн миний амьдралдаа урьд алдсан алдаагаар дахин яллаж, “...урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж байсан...” гэх үндэслэлийг заан ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Мөн С.А надад ял шийтгэл оногдуулахдаа холбогдох гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг бодитойгоор харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхаарч үзээгүй гэж ойлгож байгаа.

Иймд С.А миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье.

Хоёр. ...хохирогч Л.Бт хулгайлагдсан эд зүйл болох, эд мөрийн баримтаар хураагдсан байсан 42 инчийн Sony загварын зурагтыг өмчлөгчид нь буцаан өгсөн байх тул уг хохирлыг нөхөн төлөгдсөн гэж үзэн, 2 ширхэг вакум цонхны шилний үнэ 230,000 төгрөгийг шүүгдэгч Г.Зтай хувь тэнцүүлэн тооцож хуваан шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг залруулан “...шүүгдэгч С.Аэс 115,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бт олгосугай” гэж өөрчлөлт оруулж өгнө үү.

Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А надад Монголын хуульчдын холбооноос өмгөөлөгч томилон оролцуулсан бөгөөд тухайн цаг мөчөөс өмнө миний хувьд өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл, С.А миний хувьд боловсролгүй буюу уншиж, бичиж чадахгүй гэдгээ мөрдөгч, прокурорт удаа дараа илэрхийлж байсан.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад миний эрхийг ноцтойгоор зөрчин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “...монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...” гэх заалтыг ноцтойгоор зөрчин хагас жилийн хугацаанд үндэслэлгүйгээр цагдан хорьж, эрхээ хамгаалуулах боломжгүйгээр мэдүүлэг тайлбар өгч явсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйг мөн харгалзан үзэж, иргэн миний зөрчигдөж буй эрх ашигт нийцэх хууль ёсны шийдвэрийг гаргаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Г.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад сүүлчийн удаа боломж олгож хорих ялын доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хулгайлагдсан эд зүйл болох зурагтыг өмчлөгчид нь буцаан өгсөн байхад 515,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хагарсан цонхны үнэлгээ 250,000 төгрөг гарсан байсныг би бүрэн төлж барагдуулна. Миний энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан бол хохирол төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлоо бага хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг харгазаж үзээсэй гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчүүлэгч дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Хохиролд 525,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын хамгийн доод хэмжээгээр шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч С.А нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 9-07 тоотод байрлах Д.Гын  эзэмшлийн байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч луун хээтэй, хурган дотортой дээл 1 ширхэг, үхрийн хааны мах 1 ширхэг, үхрийн гуяны мах 1 ширхэг, хонины бүтэн мах 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,292,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А, Г.З нар нь бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-02 тоотод байрлах Л.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий байшинд нэвтэрч хонины өвчүү, 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 817,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн байшинд орохдоо цонхыг хагалж 230,000 төгрөгийн хохирол, нийт 1,047,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.А, Г.З нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Зын “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Л.Бийн хохирлоос өөрт ноогдох хэсгээ бүрэн төлж барагдуулсан байхад надад хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжтой байсаар байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэх,

Шүүгдэгч С.А, өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын “...гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар ... зэргийг анхаарч үзээгүй. ... 2 жилийн хугацаагаар ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье. ...эд мөрийн баримтаар хураагдсан 42 инчийн Sony загварын зурагтыг өмчлөгчид нь буцаан өгсөн учир вакум цонхны шилний үнийг хувь тэнцүүлэн тооцож хуваан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, ... өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангагдаагүй, ...эрхээ хангуулах боломжгүйгээр мэдүүлэг тайлбар авсан” гэх агуулга бүхий гомдлыг үндэслэн хэргийг хэлэлцээд давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь:

1.Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарт  хуульд заасан хорих ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна

Түүнчлэн шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  ял оногдуулах бөгөөд оногдуулах ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир шүүгдэгч нарт хорих ялын доод хэмжээгээр болон хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

2.Хэрэгт авагдсан гэрч Б.Оргилманлайгийн “...цагдаагийн машин очоод зогсонгуут барьж явсан зурагтаа шидчихээд  цаашаа гүйчихсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн “...зурагтны суурийн хэсэг хугарсан, дэлгэцийн баруун дээд хэсэг хагарсан, тогонд залгахад дэлгэц асахгүй байсан” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 100-р хуудас/ зэрэг нотлох баримтад хохирогч Л.Бийн эзэмшлийн Sony брендийн 42 инчийн LCD  дэлгэцтэй зурагт ажиллахгүй болсон нь тусгагдсан. Иймд хохирогч Л.Бийн хохирлыг шүүгдэгч нараас  хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Ад өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг тайлбарлаж, өмгөөлөгч сонгох боломжоор хангасан байх боловч яллагдагч нь тогтоосон хугацаанд өмгөөлөгчөө сонгоогүй, “...төлбөрийн чадваргүй учир улсын өмгөөлөгч авах бодолтой” талаараа мэдүүлжээ.

Хөвсгөл аймгийн прокурорын газар яллагдагчид өмгөөлөгч томилуулахаар Монголын хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарт хандсан  /1-р хх-ийн 143-р хуудас/ байх ба  өмгөөлөгч Б.Манлайбаяр түүнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болж, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулах хүртэлх хугацаанд болон мөрдөн байцаалт, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч  Г.З,  С.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.З,  С.А, өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                                        ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Б.СОСОРБАРАМ