Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0483

 

 

 

 

 

 

 

   2024           06           04                                  128/ШШ2024/0483

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ГХО ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Т.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О нарын хооронд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Т, Т.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэл гаргагч “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн МV-0 дугаар ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгах” гэжээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл анх Сүхбаатар аймгийн Э******* сумын нутагт орших “Х нэртэй, 36.46 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын МB- дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын  албаны дарга/хуучин нэрээр/-ын 2006 оны 12 дугаар сарын 12-ны  өдрийн 1270 дугаар шийдвэрээр “Хилийн -р анги” ТӨААТҮГ-т анх олгож Геологи уул уурхайн кадастрын  хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “А” ГХОХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

2.2. Ашигт малтмал газрын тосны газраас “А” ГХОХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/181 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 18 дахь жилийн төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” албан бичгийг хүргүүлсэн байна.

2.3. Нэхэмжлэгч А ГХОХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 24/02 дугаар албан бичгээр “...манай компанийн тусгай зөвшөөрөл хариуцсан менежер ажилтай Д овогтой О /ЦЕ/ нь өвчний улмаас А эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зүрхний хаван, зүрхний хэм удааширсан оноштойгоор эмчлүүлсэн энэ хугацаанд манай эзэмшлийн ашигт малтмалын ашиглалын MV/0 тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн тул Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг үндэслэн 2024-2025 оны төлбөрийг хүлээн авна уу” гэж хандсаны дагуу Ашигт малтмал газрын тосны газар 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10/767 дугаар албан бичгээр “...ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж бүртгүүлээгүй байна. Иймд уг албан бичигт дурдсан Сүхбаатар аймгийн Э******* сумын нутагт орших Х нэртэй 36.46 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-0 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж татгалзсан байна.

2.4. Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын  хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр А ГХО ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаартай шийдвэрийн А ГХОХХК-д холбогдох  ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.  А ГХОХХК Монгол, Хятадын хамтарсан Сүхбаатар дүүргийн техник төлөөлөгчийн хурал 49 хувийг, Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн  51 хувийг эзэмшдэг хуулийн этгээд байгаа. Жанг Ч******* /Z/ захирал 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гүйцэтгэх захирлаар бүртгэгдэж томилогдож хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн. А ГХОХХК тусгай зөвшөөрлөө 18 дахь жилийн төлөх хугацаандаа гүйцэтгэх захирал Хятад улсад байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг зөвшөөрөл хариуцсан ажилтан тухайн Д.О ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд зүрхний хаван, зүрхний хэм удаашралтай оноштой ажлаас чөлөө авч эмчлүүлж байсан бөгөөд тухайн үед тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Сүхбаатар аймагт 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд их хэмжээний цаг агаарын аюултай нөхцөл бий болж давагдашгүй хүчин зүйл болсон учир уурхайгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн хаагдсан. Зам хаагдсан байсан тул уурхай дээр ажиллаж байсан хүмүүс ирж тухайн зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал байсан. Мөн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тухайн үед А ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Жанг Ч******* /Z/ Бүгд найрамдах Хятад ард улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй гэдэг үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 72 дугаартай тус актын бидний зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасан. Захиргааны акт гаргахаас өмнөх хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллагын зүгээс төлсөн байсан. Тодруулж хэлбэл 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тухайн тусгай зөвшөөрлийн төлбөр болох 264,400 төгрөг, алданги 25,000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байхад тусгай зөвшөөрлийг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон захиргааны акт хүчин төгөлдөр бус гэж маргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхэлж тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан. Жил бүр урьдчилан төлөх хугацаа жил бүрийн тэдний өдөр төлнө гэсэн хугацаа Ашигт малтмалын тухай хуульд байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар энэ хуулийн  34.2-т зааснаар төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жил төлөх төлбөрийн 0.3 хувьтай тэмцэх хэмжээний алданги төлнө гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх төлбөрийг хугацаанд нь төлөөгүй ба алдангийг төлсөн үйл баримт хэргийн материалд авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Тухайн жилийн төлбөрийг урьдчилан төлнө. Урьдчилсан төлөх үүргийг биелүүлээгүй бол хоног тутамд алданги тооцохоор зохицуулсан заалтуудыг үндэслэж төлсөн байхад гаргаж байгаа захиргааны актыг бидний зүгээс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн.

Төлбөрийг хүлээж авч бүртгэх боломжгүй талаар хариу өгсөн байдагт бидний зүгээс гомдолтой байгаа. Төлбөр төлөгдсөөр байтал танай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гэж байгаа гэдэг үндэслэлээр захиргааны акт гараагүй байхад хүчингүй болгох гэж байгаа гэдэг хариу өгч бүртгэх боломжгүй гэж 18 дахь жилийн төлбөрийг гэрчилгээ дээр бичилт хийхээс татгалзсан үйлдэл нь хууль бус. Энэ эс үйлдэхүйг хууль бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлж байгаа даалгах шаардлага бүртгэхээс татгалзсан үйлдэлтэй холбогдуулж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Төлбөрийг банкны дансанд хийсэн хугацаагаар төлбөр хийсэн хугацаагаар төлбөр хийсэн гэж тооцох бөгөөд хариуцагч байгууллагад төлбөр хийснээр төлбөр бүрэн төлсөнд тооцно гэсэн Ашигт малтмалын тухай хуульд зохицуулалт байдаг. Гэтэл банканд төлбөр төлчхөөд хариуцагчид төлбөр төлсөн талаар баримтыг хүргүүлсээр байхад төлбөрийг хүлээн авч бүртгэх боломжгүй гэдэг байдлаар төлбөрийг хүлээн авч бичилт хийхээс татгалзсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д зааснаар бүртгэхээс татгалзах эрх зүйн зохицуулалт захиргааны байгууллагад байхгүй гэж маргаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын акт зорилгодоо нийцээгүй үндэслэл бүхий байж чадаагүй. Бодит байдалд үндэслээгүй гэдэг агуулгаар нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа. Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байх ёстой. Захиргааны актыг гаргах үеийн бодит нөхцөл байдал, бодит нөхцөл байдлыг заах ёстой байсан. Бодит нөхцөл байдлыг буруугаар заасан. Төлбөр төлсөн байхад төлөөгүй мэтээр тайлбарлаж айгаа нь бодит нөхцөл байдлыг зааж чадаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчиж байна. Бодит нөхцөл байдалд нийцсэн байх зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож 18 дахь жилийн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл түүний үндэслэлд  холбогдох хариу тайлбартаа:  “...Нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хариу тайлбар гаргаж өгсөн. Хариу тайлбараа дэмжиж байна. Сүхбаатар аймгийн ******* сумын нутагт орших 36.46 метр талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-0 дугаар тусгай зөвшөөрлийг Кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1270 дугаар шийдвэрээр анх хилийн дүгээр төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт анх олгож байсан. Үүний дараа Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 18-ны 207 дугаар шийдвэрээр А ГХОХХК-д шилжүүлсэн бүртгэсэн. Төлбөр цуцлахтай холбоотой харилцаа Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нарийвчлан зохицуулж өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхэлж тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан байдаг. Энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй. Хугацаа хэтэрсэн алдангийг мөн адил төлөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар 30 хоног хүртэл хугацаагаар сунгасан. Энэ хугацаанд мөн адил төлөөгүй тул Кадастрын даргын шийдвэрээр 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримталж тусгай зөвшөөрлийг цуцалсан. А ГХОХХК 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлбөр төлөх ёстой байсан. 30 хоногоор сунгаж 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эцсийн хугацаа байсан. Тэр хугацаанд төлбөр төлөгдөөгүй байдаг. Кадастрын газрын даргын шийдвэр Ашигт малтмалын тухай хууль зөрчөөгүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан. Цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдэл болон тусгай зөвшөөрөл цуцалсан талаар мэдэгдлийг тухай бүрд нь А ГХОХХК-д хүргүүлж байсан. Шууданд хийж явуулсан ба шуудангийн буцалтаар ирээгүй байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар төлбөрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцож холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг тооцно гэж тодорхой зааж өгсөн байгаа. Холбогдох баримтыг тус компаниас ирүүлээгүй. Хуулийн хугацаа дууссаны дараа буюу 3 хоногийн дараа төрийн сангийн холбогдох дансанд төлбөрийг алдангийн хамт тушаасан байдаг” гэжээ.

          ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

3. Хариуцагчаас “...А ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор төлбөрөө төлөх үүрэгтэй байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу төлбөр төлөх эцсийн хугацаа 02 дугаар сарын 02-ны өдөр байхад энэ хугацаанд төлбөрийг алдангийн хамт төлөөгүй,  учраас Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын  хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцалсан” гэж маргажээ.

4. Харин нэхэмжлэгчээс “...18 дахь жилийн төлөх хугацаандаа гүйцэтгэх захирал Хятад улсад байсан бөгөөд тусгай зөвшөөрлийг зөвшөөрөл хариуцсан ажилтан тухайн Д.О ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан боловч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд зүрхний хаван, зүрхний хэм удаашралтай оноштой ажлаас чөлөө авч эмчлүүлж байсан, мөн А ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Жанг Ч******* /Z/ Бүгд найрамдах Хятад ард улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэж маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд:

-нэхэмжлэгч Ашигт малтмал газрын тосны газраас “А” ГХОХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/181 дүгээр албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 18 дахь жилийн төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна” албан бичгийг хүргүүлсний дагуу нэхэмжлэгчээс

-2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрийн сангийн ******* дугаар дансанд /А ХХК 5051116 МV******* төлбөр/ гүйлгээний утгатай 264,400 төгрөгийг, /А ХХК 5051116 МV******* алданги/ гүйлгээний утгатай алдангийг тус тус төлж,

- 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 24/02 дугаар албан бичгээр тус компанийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарласан хүсэлт холбогдох эмнэлгийн магадлагааны хамт хүргүүлсэн,

-Мөн Сүхбаатар аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  81 дүгээр албан бичгээр А ГХОХХК-д “...Сүхбаатар аймгийн нийт нутгаар 2023 оны 11-р сарын 01-ний өдрөөс 2024 оны 02-р сарын 29-ний өдрийг хүртэл нийтдээ 38-42 удаа, нийлбэр хэмжээгээрээ 14.2-29.6 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 8-12 метр, зарим үед 14-18 метр хүрч ширүүсэж, цасан болон явган цасан шуурга шуурсан тохиолдол 63-81 өдөр ажиглагдсан байна. 2024 оны 02-р сарын 3 дугаар 10 хоногийн байдлаар цасны дундаж өндөр хэмжилтээр 31-38 см, хунгар гуу жалганд 40-90 см, цасны нягт 0.34-0.41 г/см 3 байгаа нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан авто тээврийн хөдөлгөөнд хүндрэл учирсан байна. Тухайн үзэгдэл нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтын дагуу цаг агаарын нэн аюултай, гамшигт үзэгдэл буюу мөсөн зудын хэмжээнд хүрсэн” талаар тодорхойлолтыг хүргүүлж,

-улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ мөн болохыг нотолж force majeure /гэнэтийн давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1.2, 2.2 дахь хэсгийг үндэслэн  2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/117 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/Force majeure/-ийн гэрчилгээг А ГХОХХК-д олгосон,

-И******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/24-ний өдөр А ХХК-д хүргүүлсэн албан бичгээс үзвэл “...гэвч байгаль цаг уурын онцгой үзэгдлээс шалтгаалан интернет нийлүүлэх үйлчилгээний тоног төхөөрөмжид эвдрэл саатал гарсан тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчилгээг түр хугацаагаар зогсоох болсонд хүлцэл өчье” гэжээ.

6. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугаца оны анд А ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал Жанг  дүгээр сарын Ч******* /Z/ Бүгд найрамдах Хятад ард улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, мөн тус компанийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Д.О нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, компанийн бүх ажилтан Сүхбаатар аймагт ажилладаг, тухайд үед интернетийн сүлжээ байхгүй цас зудтай байсан тул сүлжээг засах боломжгүй хууль заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан зэрэг нь тайлбарууд нь холбогдох эмнэлгийн магадлагаа, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ын гэрчилгээ, Сүхбаатар аймгийн ус, цаг уур орчны шинжилгээний төвийн тодорхойлолт, И******* ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

7. Гэвч Ашигт малтмал газрын тосны газраас “А” ГХОХХК-д 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10/181 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг төлөх шаардлагатай талаар мэдэгдсэн атлаа 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн хайгуулын төлбөр, хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа тайлбарласан хүсэлт холбогдох баримтыг үнэлэлгүй татгалзсан хариу өгсөн байгаа нь учир дутагдалтай.

8. Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл нь маргаан бүхий акт гарах үед бодитоор арилсан, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүлээн авахаас татгалзсан атлаа төлбөр алдангийг буцаан олгоогүй зэрэг үйлдэл тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын хүрээнд нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохоор байх тул нэхэмжлэгч А ГХОХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

9. Хэдийгээр Монгол Улсын Дээд Шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/*******, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2022/0038, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/*******, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2019/0167 дугаар тогтоолуудаар “...нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй шалтгааныг компанийн хувьцаа эзэмшигч өвчтэй байсан холбож тайлбарлаж байгаагаа захиргааны байгууллагад мэдэгдээгүй, төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй, ...хүсэлтүүдийг шийдвэрлэж албан бичгээр хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, ...хуульд хувь хүн, хуулийн этгээдийг ялгаж, зөвхөн хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог нь тусгай зөвшөөрлийг эзэмших, түүний дагуу үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахад шаардагдах хүний нөөц, төсөв санхүү, зохион байгуулалт зэргийг хариуцах чадвартайг харгалзсан хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хангахад шаардагдах үүрэг, хариуцлагыг хуваарилах, цаг тухайд нь биелүүлж ажиллах нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн үүрэг байна. Иймд зөвхөн нэг албан тушаалтан өвчтэй байсан гэх үндэслэл нь хуулийн этгээдийг тухайн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байгаа боловч энэ хэргийн тухайд тус хэргүүдэд заагдсан нөхцөл байдлаас өөр нэхэмжлэгч хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон.

10. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж” юуг үзэх талаар заасан бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгаа хэрэгжүүлэх боломжгүй талаар тайлбар баримтууд нь энэ хуулийн  6.1.41.б-д “эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар энэ хуулийн 6.1.41.a-д заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнийг асарсан”, 6.1.41.д-д “хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг” гэж заасанд хамаарч байна гэж шүүх үзлээ.

11. Нэгэнт шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн МV-0 дугаар ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн хариуцагчаас нэхэмжлэгч А ХХК-ийн төлсөн тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг буцаан олгоогүй нь тогтоогдож байгаа тул  А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41, 6.1.41б, 6.1.41д,  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар шийдвэрийн А ГХОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг хүлээн авч, тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ОДМАА