Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1412

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2020.06.29                                                 1412                                        Улаанбаатар

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Ичинхорлоо шүүгч даргалж, С.Энхтөр шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01053 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.О-ийн хариуцагч Ж.Ж-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б,

Хариуцагч: Ж.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 1999 оны 05 дугаар сард бид анх танилцаж байсан. Би бага насны 3 ба 6 насны хүү, охин хоёртой байсан бөгөөд Ж.Ж тухайн үед гэр бүлгүй байсан. Хамтын амьдралын 20 жилийн турш үргэлж архи ууж, агсан тавьж, гэр бүлээс гадуур дотно харилцаатай байж, удаа дараа баригдаж нотлогдож байлаа. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн бизнес болон аж ахуйд анхаарал халамж байхгүй, миний бие сүүлийн 6 жил онош нь тогтоогдохгүй хүнд хагалгаанд орж 2019 оны хавар цусны хорт хавдар хэмээн оношлогдсон. Амьдарч буй 20 жилийн хугацаанд үргэлж цагдаагийн дуудлага өгч, эрүүлжүүлэгдэж, 111-т баривчлагдаж байсан боловч засраагүй ба үргэлж тэр тухай ярьж заналхийлдэг төдийгүй 25, 28-тай хүүхдүүдийн минь хажууд хэл амаар доромжилдог. Одоо насанд хүрсэн хүүхдүүд маань ээжийгээ өмөөрч гэмт хэрэгт холбогдох ч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэр бүлд минь аюултай байдал үүссэнийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасны дагуу гэр бүл цуцлуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2000 онд Н.О-тэй гэр бүл болж амьдарсан. Энэ үеэс эхэлж 20 жил энэ амьдралын төлөө өнөөдрийг хүртэл зүтгэж ирсэн. Харин хүүтэйгээ нийлээд намайг зодож байсан. Би зүрхний өвчтэй болоод одоог хүртэл эмнэлэгт хэвтэж байна. Бүх бизнесийг би авч явсан. Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүд бүгд насанд хүрсэн гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.О, Ж.Ж нарын гэрлэлтийг цуцалж, зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.О-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ж-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлд зааснаар шүүх гэр бүлийн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох шаардлагатай байна. Гэрлэлт цуцлуулах шалтгаанаа нэхэмжлэгч байнгын хүчирхийлэл дарамтанд байдаг гэж нэхэмжлэлдээ тайлбарласан бол хариуцагч хариу тайлбартаа нэхэмжпэгч өөрийн нас биед хүрсэн хүүтэйгээ нийлэн хариуцагчийг зоддог байсан дурьджээ. Талууд 1999 онд танилцан 2000 онд гэр бүл болж нийт 20 жил хамт амьдарсан, дундаасаа төрсөн хүүхэд байхгүй, эхнэрийн дагавар хүү, охинтой, тэд одоо нас биед хүрч тусдаа гарцгаасан байдаг. Гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгүүдийн тухайд Хан-Уул дүүргийн 11 хороо, Гэрэг вилла хотхоны 402 байрны 402 тоот 210 000 000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байр, Чингэлтэй дүүргийн 5 хороо, 2а байрны 51 тоот 120 000 000 төгрөгийн үнэлгээтэй 3 өрөө байр, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачууртад 500 000 000 төгрөгийн өртөгтэй 4 айлын газар, нэг амины орон сууц, 2 гэр, 2 гарааш, мөн 2010 оны 40 000 000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Хайландер маркийн автомашин, 30 000 000 төгрөгийн үнэлгээтэй Лексус суудлын тэрэг, 5 000 000 төгрөгийн үнэлгээтэй Портер ачааны машинтай, Зайсан дахь гэртээ Итали Австри улсаас авчирсан тансаг зэрэглэлийн брэнд хувцасны дэлгүүр ажиллуулдаг, уг дэлгүүрийн бараануудын зах зээлийн үнэлгээ 800 000 000 орчим ингээд нийтдээ 1,7 тэрбум төгрөгийн дундын эд хөрөнгөтэй болно.

Нэхэмжлэгч Н.О  гэрлэлт цуцлуулахаас өмнө Чингэлтэй дүүрэгт байрлах орон сууц, нэг автомашиныг хариуцагч Ж.Ж-д өгөх талаар талууд амаар хэлэлцэн тохирсон байдаг. Өөрөөр хэлбэл, гэрлэгчдэд дундын эд хөрөнгийн талаар амаар тохирсон зүйл байсан боловч шүүх хурлын дараа нэхэмжлэгч хэлсэн амнаасаа буцаж хариуцагчид байр, автомашин өгөх байтугай хуучин хувцасыг нь өгөөгүй, 2020 оны 2 сард гэрээсээ хөөгдөж гарахдаа өмссөн хувцаснаас өөр эд хөрөнгөгүй болсон. Шүүхээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацаанд буюу хариуцагч Ж.Ж 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 10-ны хооронд 10 хоног Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн бөгөөд зүрхний өвчтэй байж болзошгүй гэсэн тул Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандахад зүрхний хэм алдагдал гэх онош тогтоогдож улмаар 2020 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн. Мөн дээр нь чихрийн шижин буюу сахарын өвчинтэй болох нь тогтоогдсон, цаашдаа зүрхний хагалгаа хийлгэх заалттай хүн юм. Зүрхний хэм алдагдал, чихрийн шижинтэй хавсарсан тохиолдолд архаг хууч хүнд өвчтэй гэж үзэх бөгөөд хариуцагч хариу тайлбартаа энэ талаараа дурьдсан байдаг.

Нөгөөтэйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийгөө хүнд өвчтэй гэсэн атлаа энэ талаараа нотолсон баримт шүүхэд огт гаргаагүй, зөвхөн цагдаад дуудлага өгсөн жагсаалт гаргасан нь хариуцагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх хангалттай нотолгоо болохгүй гэж үзэж байна. Дээрх 9 дуудлагын тухайлбал эхнийх нь хоосон, дараагийнх нь эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан, очиход нь гараад явсан байсан, дуудлагаа буцаасан зэрэг хуурамч дуудлагууд байдаг. Энэ талаар цагдаагийн байгууллагаас хуурамч дуудлагын талаарх лавлагааг шүүлгэн авах боломжтой юм. Гэтэл шүүхээс энэ талаар тодруулаагүй, үнэн бодит байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч шүүх хуралдааны үеэр зүрх нь дэлсэж, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийнхээ учир шалтгааныг ойлгоогүй байдаг бөгөөд өмгөөлөгчтэй орохоор нэг удаа хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч гэрээсээ өмссөн хувцастайгаа хөөгдсөн, эдийн засгийн хувьд баталгаагүй байдлаасаа болж товлосон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож чадаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлд зааснаар гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй тусламж шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэсэн байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй оролцсон, тэр өмгөөлөгч өмнө нь гэр бүлийн өмгөөлөгч байсан буюу нэхэмжлэгч, хариуцагч нарыг эртнээс сайн таньдаг байсан. Тиймээс хариуцагч нэг талаар эд хөрөнгийн хувьд маргаангүй хоорондоо тохирсон гэх нэхэмжлэгчийн үгэнд хууртаж, нөгөө талаар өмнө нь гэр бүлийнх өмгөөлөгч байсан хүндээ итгэж найдсан байдаг. Гэтэл шүүгч хариуцагчийг яагаад өмгөөлөгчгүй орж байгаа талаар асууж тодруулаагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа талаар нотлох баримтууд гаргаж өгсөн нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, тэрчлэн хариуцагчийн гэм буруугийн талаар шүүхээс тогтоогдоогүй. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч үүссэн нөхцөл байдал, гарах үр дагаврыг бүрэн ойлгож ухамсарлаагүй, хүсэл зоригоосоо өөр зүйл ярьсан байдаг бөгөөд дээр нь зүрхний хэм алдагдалтай, нөгөө талаас өмгөөлөгчтэй оролцсон, бодитоор мэтгэлцээн явагдаагүй буюу хэргийн оролцогчдын тэгш эрхийн зарчим хангагдаагүй, үүний улмаас хариуцагчид илтэд хохиролтой шийдвэр гарсан байдаг.

Иймд хэргийн үйл баримт, бодит байдалтай нийцэхгүй шүүхийн шийдвэр гарсан, хариуцагч хүнд өвчтэй, талууд хоорондоо эд хөрөнгийн үлэмж маргаантай байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.О  нь хариуцагч Ж.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

Зохигчид 2000 онд гэр бүл болсон байх ба хоорондын таарамжгүй харьцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн байгаа боловч хариуцагч давж заалдах гомдолдоо дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай талаар дурдсан байна.

Хэргийн баримтаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

Шүүх 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ж.Ж-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай Н.О-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гардуулан, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлан өгсөн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхээс хийсэн ажиллагааны баримтуудыг хариуцагчид танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан баримтгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэв.

Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй болно.

 

Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай.

 

Шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасантай нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2020/01053 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ИЧИНХОРЛОО

                ШҮҮГЧИД                                             С.ЭНХТӨР

                                                                                 А.МӨНХЗУЛ