Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1450

 

МАГАДЛАЛ ТӨСӨЛ

2020.07.01                                               1450                                              Улаанбаатар

 

 

 

 

 

 

 

“СВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Нямбазар шүүгч, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “СВ”    ХХК-ийн хариуцагч Б.У-т холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У, Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “СВ” ХХК нь “ГХ” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, тус компанид 2 800 м3 хэмжээтэй 150, 300, 350, 400 маркийн чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлсэн. Талууд гэрээний 2.2-т зааснаар үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг орон сууц худалдан авах гэрээний дагуу захиалагчаас авах орон сууцны үнэд суутгахаар тохиролцсон. Бид гэрээний 2.3-т заасны дагуу захиалагчаас бартераар авч буй орон сууцны байршил, давхрыг сонгох эрхтэйгээр тохирч, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн зүүн талд орон сууцны зориулалттай байр гэж хүсэл зоригоо тодорхой илэрхийлсэн. “СВ” ХХК нь 59 дүгээр байрны 1 дүгээр орц, 3 дугаар давхрын 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 136 994 000 төгрөгөөр тооцож авахаар болсон. “ГХ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн ба тус компаниас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “БП” ХХК-нд Баянзүрх дүүрэгт байрлах, Өргөө хотхон, Б блокын 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоотод байрлах 62.27 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэхийг зөвшөөрсөн. Үүний дагуу “БП” ХХК нь биднийг орон сууцны борлуулалтыг хариуцдаг “КД” ХХК-тай холбож өгсөн. Манай компани 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх компанитай орон сууц захиалах гэрээ байгуулж, Б блокын 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоотод байрлах 62.27 м.кв талбайтай орон сууцыг авахаар болж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түлхүүрийг хүлээн авсан. Гэвч өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй гэсэн шалтгааны улмаас орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй. Бид орон сууцны заслыг муутгахгүй байх үүднээс хаалгыг нь цоожлоод хүнд ашиглуулаагүй. Гэтэл нэхэмжлэгч компанийн менежер н.С-ыг  2019 оны 06 дугаар сард орон сууцыг шалгахаар очиход хаалгыг нугасаар нь авч солиод хариуцагч Б.У  нь гэр бүлийн хамт амьдарч байсан, түүнд байрыг чөлөөлөхийг шаардахад худалдан авсан гэсэн тайлбар өгсөн. Хэрэгт авагдсан хариуцагч Б.У ийн Г.Д-тэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээнд 4 дүгээр давхар гэж тодорхой заасан байхад хариуцагч нь 3 дугаар давхарт амьдарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О 2012 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ЭӨ” ХК-тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг компаниас 113 000 000 төгрөгийн төлбөрт, Өргөө хотхон орон сууцны Б блокт 62.27 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн авахаар тохирсон байсан. Үүний дагуу 2012 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, “ЭӨ”         ХК-иас Өргөө хотхон орон сууцны Б блок, 4 дүгээр давхар, 13 тоот хаягт орших 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.О-д хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн байсан. Гэвч Д.О-ээс тухайн орон сууцыг аваагүй, харин түүний эхнэр Г.Д-өөс  авсан. “ЭӨ” ХК-иас орон сууцыг авах эрхийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эхнэртээ шилжүүлсэн байсныг үндэслэн Г.Д-тэй 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, тухайн орон сууцанд амьдарч байна. Намайг тус орон сууцанд нүүж очиход хүмүүс байгаагүй, харин “ЭӨ” ХК-иас надад түлхүүрийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “СВ” ХХК-ийн гаргасан хариуцагч Б.У-т холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, 59 дүгээр байр, 1 дүгээр орц, 3 дугаар давхар, 13 тоот хаягт орших 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Өргөө хотхон 59 дүгээр барилгын өмчлөгчөөр “ЭӨ” ХК нь анх 2008 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Б-ын өмчлөлд шилжүүлсэн байдаг. “ЭӨ” ХК нь өөрийн өмчлөлд байхдаа буюу 2012 оны 04 дүгэээр сарын 15-ны өдөр Д.О-тэй орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан гэрээний 1.1-д заасны дагуу 59 дүгээр байрны 4 давхрын 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцсон байдаг. 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Д.О , Г.Д нарын хооронд эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний 1.1-д заасны дагуу Өргөө хотхоны 4 давхрын 62.27 м.кв талбайтай 2 өрөө сууцыг шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “ЭӨ” ХК болон Г.Д нарын хооронд Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан гэрээний 1.1-д Өргөө хотхоны 3 давхрын 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууц гэж тусгаж өгсөн байдаг боловч Г.Д хариуцагч Б.У нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх гэрээгээр Өргөө хотхоны 4 давхрын 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б.У-т худалдсан, мөн анхан шатны шүүх хуралд Б.У нь Б.Д-өөс 4 давхрыг худалдан авсан гэсэн тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх “...Д.О-ээс Г.Д-д , түүнээс хариуцагч Б.У-т тус тус шилжсэн байгаа тул хариуцагч Б.У ийг давхар андуурсан буюу Д.О , “ЭӨ” ХК болон Г.Д нарын гэрээнд зааснаас өөр орон сууцыг эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүй болох нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, “ЭӨ” ХК нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй байхдаа буюу 2012 оны Өргөө хотхоны 4 давхрын 62.27 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Д.О д худалдсан болохоос 3 давхрыг худалдаагүй, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс тухайн орон сууцны барилгын өмчлөгчөөр Б.Б бүртгэгдсэн бөгөөд "ЭӨ” ХК нь 2019 онд Өргөө хотхоны 59 дүгээр байрны 3 давхрыг худалдан борлуулах эрхгүй байхад анхан шатны шүүх хариуцагч Б.У ийг Б.О /Г.Д/ тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрээр шаардах эрхийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу шударга эзэмшигч гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч болон “ГХ” ХХК-тай байгуулсан гэрээ, тус гэрээг үндэслэн байгуулсан Өргөө хотхонд орон сууц захиалан бариулах ӨХ/50/16 тоот гэрээ, 23, 24 дүгээр талд нотлох баримтаар авагдсан “БП” ХХК-ийн албан бичгүүдийг анхаарч үзэлгүй. Нэхэмжлэгч “СВ” ХХК нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн орон сууцны шударга эзэмшигчийн хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан гэрээг дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талын гэрээг дүгнээгүйгээс гадна нэхэмжлэгч компанийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч биш тул өмчлөгчийн хувьд энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Нэхэмжлэгч “СВ” ХХК нь хариуцагч Б.У-т холбогдуулан орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 13-16, 17-24 дугаар талд авагдсан “СВ” ХХК-ийн, “ГХ” ХХК-тай байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”, “КД” ХХК-тай байгуулсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий “Өргөө хотхон” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

“СВ” ХХК нь 2015 онд “ГХ” ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 150, 300, 350, 400 маркийн 2,800 куб.м хэмжээтэй бетон зуурмагийг худалдах, төлбөрийн 50 хувийг мөнгөөр, 50 хувьд нь 1 м.кв талбайг 2 200 000 төгрөгөөр тооцож, орон сууц авахаар харилцан тохирчээ. /хх 13-16/

 

Тэрээр “ГХ” ХХК нь дагуу КБны орон сууцны борлуулалт хариуцдаг “БП” ХХК, “КД” ХХК-тай  “СВ” ХХК-д Баянзүрх дүүрэг, Өргөө хотхон, Б блок, 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоотод байрлах 62.27 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлэн өгөх талаар тохиролцон “СВ” ХХК, “КД” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулжээ.

/хх 17-22/

Дээрх гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийг тухайн орон сууцыг эзэмших, өмчлөх эрхтэй өмчлөгч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь уг орон сууцны барилгын өмчлөгч нь гуравдагч этгээд Б.Б  болох нь хэргийн 60-62, 91 дүгээр талд авагдсан Улсын бүртгэлийн газрын лавлагаа, өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. “БП” ХХК, “КД” ХХК “КБ” ХХК-аас тус барилгын борлуулалтын эрхийг авсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь шууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл үүсгэх нөхцөл биш юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх тухай Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн шаардах эрх үүсээгүй байна.

  

Харин нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ болгож байгаа хэргийн 13-21, 22, 23, 36-47 дугаар талд авагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, орон сууц захиалан бариулах гэрээ, мэдэгдэл, зэрэг баримтууд нь “ГХ” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхэд хамааралтай байна.

 

Хариуцагч Б.У ийн орон сууц эзэмшлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байхын зэрэгцээ түүнийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.     

 

          Дээрх дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                            А.МӨНХЗУЛ