| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2017/0168/э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2017-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Хохирогч: Ж.З,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хоо морьт овогт Ж-ын Б-д холбогдох 1735001640099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 07-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5 эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багийн 3-4 тоотод оршин суух Хоо морьт овогт Ж-ын Б. РД:ОЭ85060713.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Ж.З-ыг зодсон болох нь хохирогч Ж.Зын шүүх хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 11 дугаар сарын 01-ний өдөр 14:30 цагийн үед Мөнхөө гэдэг залуу над уруу утсаар “Та хаана байна. Та өөрийнхөө машинаар миний машиныг чирээд Чандманьд хүргээд өгөөч” гэж ярихаар нь би 15:00 цагийн үед өөрийн 47-24 УБА улсын дугаартай делика загварын автомашинаар Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг хуучин гандангын дээд талын хашаанд очсон. Намайг тэнд очиход М, Б /Б/, мөн танихгүй нэг залуу байсан. Тэгээд хашаан дотор М-гийн микро автобусны тэнхлэг доор нь мод хийгээд 4 дугуйг нь газраас хөндийрүүлсэн байдалтай байсан. Тэгээд Бааска нь намайг “Та машинаараа чирээд М-гийн машиныг модноос буулгачих” гэж хэлсэн юм. Тухайн үед Б нь халамцуу байсан. Би Б-д миний машинаар чирч болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б надад дахин дахин “Та машинаараа чирээд буулгачих” гэж хэлээд байхаа нь би Б-д уурлаад “Чи хүний үг яагаад сонсдоггүй юм бэ?” гэж хэлээд газраас чулуу авчихаад буцаагаад газарт хаячихаад Б-г заамдаад автал Б нь толгойгоороо миний ам хэсэгт нэг удаа хүчтэй мөргөсөн тэгтэл миний урд талын дээд шүд хугарч унаад амнаас цус гарч эхэлсэн. Тэгээд би Бааскад “Чи яаж байгаа юм бэ?” гэж хэлтэл Б надад “Юу ч чадахгүй юм байж яах гэж томроод байсан юм” гэж хэлээд хашаанаас гараад явсан. Тэгээд би цусаа тогтоочихоод гартал Бааска явчихсан байсан. Б надаас уучлалт гуйж эвлэрсэн, надад учирсан хохиролд 200000 төгрөг төлж миний хохирлыг барагдуулсан.Одоо надад Ж.Б-тэй холбогдолтой ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Г.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн микро автобус машиныг Г /М/ гэгч хүнд зарсан юм. Миний зарсан машины тэнхлэг доор мод хийж 4 дугуйг нь газраас хөндийрүүлсэн байсан. Тэгээд Ганзориг өөрийн танил хүнийг хүрч ирээд машин чирээд өгөөч гээд дуудсан. Тэгтэл делика маркийн машинтай З гэгч ганцаараа ирэхэд Б нь З-т “Таны машинаар чирээд модноос буулгачихья” гэж хэлсэн юм. Тухайн үед Б нь халамцуу байсан. Тэгээд Б-, З 2 маргаж эхэлсэн. Тухайн үед би машин данхраадаж байснаа нэг харахад З, Б 2 заамдалцчихсан байсан бөгөөд Б нь толгойгоороо Зын нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгтэл Зын нэг шүд хугарч унаад амнаас цус гарч эхэлсэн. Тэгээд З нь Б намайг мөргөөд шүд хугалчихлаа цагдаа дууд гэсэн тэгтэл Б гараад хашаанаас гараад зугтаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч Ж.Г /М гэх/ мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Би Одонхүү гэдэг хүнээс микро маркийн машин худалж авсан юм. Уг машин асдаггүй засвартай машин тул Б-гийн хамт Улаангом сумын 4 дүгээр багийн иргэн Одонхүүгийн хүргэн ахын хашаанд очсон. Тэнд Г.О ганцаараа байсан. Тэгээд би өөрийн танил З ахыг та өөрийнхөө машинаар миний машиныг чирээд Чандманьд хүргээд өгөөч гэж хэлэхэд удалгүй З ах ирсэн. Б халамцуу байсан тул З ахыг та машинаараа чирээд микрог модноос буулгачих гэж хэлсэн юм. З ах Б-д миний машинаар чирч болохгүй гэж хэлсэн. Тэгтэл Б З ахад дахин дахин “Таны машинаараа чирээд буулгачихья” гэж хэлээд байхаар З уурлаад газраас чулуу авахад Б зугатаад микроны араар орсон. З ах чулуугаа буцаагаад газарт хаячихаад Бгийн араас гүйж машины араар орсон удалгүй заамдалцчихсан машины араас гарч ирсэн. Би О-д данхраадны мод дөхүүлж өгчихөөд эргээд хартал З ахын урд шүд хугарчихсан цус гарч байсан. Тэгээд З ах Б намайг мөргөөд шүд хугалчихлаа цагдаа дууд гэж хэлсэн. Гэтэл Б хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/, шүүгдэгч Ж.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би З ахад Ж.Г-ийг машиныг та машинаараа чирээд модон дээрээс буулгачих гэж хэлэхэд болохгүй гээд байсан. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдаад намайг заамдаад авахаар нь урдаас нь нэг удаа нүүрэн хэсэгт нь мөргөчихсөн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. З ахаас уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Би жирэмсэн эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Миний амьдрал байдлыг харгалзаж үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Ж.З-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид дээд эрүүний үүдэн нэг шүд булгарч унасан, буйл нь шархалсан, дээд уруулын доод талын салст язарсан шарх гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 723 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.З “Шүүгдэгч Б-гээс эмчилгээний зардал болох 200.000 төгрөг авсан тул ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон жирэмсэн эхнэр, 4-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.
Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Хоо морьт овогт Ж-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ