| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 2222000000118 |
| Дугаар | 2022/ДШМ/36 |
| Огноо | 2022-12-07 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ДШМ/36
Д.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам, Т.Дашцэрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч Д.*******
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Баттулга, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын гомдлоор шүүгдэгч Д.*******д холбогдох 2222000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт ******* *******, ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгэлтэй буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан РД:/*******/.
Шүүгдэгч Д.******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн *******тай /хойд аав/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа маргалдсаны улмаас зодож алах гэмт хэрэгт холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон 92 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 13.941.000 /арван гурван сая есөн дуун дөчин нэгэн мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын нэхэмжлэлээс 11.122.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 737.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс ... шүүгдэгч Д.******* нь амь хохирогч *******ыг зодсоны улмаас амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч ухаан орохгүй байсаар амь насаа алдсан энэ тохиолдлыг хүнийг алах гэмт хэрэг гэж үзнэ.
... “Хохирогчийн бие махбодод учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учрахгүйгээр хохирогч нас барах боломжгүй. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг нь хохирогчид амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан боловч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч: эрүүл мэнд нь сайжирч, тодорхой хугацааны дараа уг гэмтлийн улмаас нас барсан тохиолдол" гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Мөн анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн материалаар нотлогдоогүй “ талийгаачийг амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл" учрахгүйгээр нас барах тохиолдол байхгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Ижил төрлийн төсөөтэй гэмт хэргийг ялган зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэгчийн санаа, зорилго, үйлдлийн шинж байдал, объектив талд хууль зүйн дүгнэлт хийж зөв зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэргээр ялган зүйлчлэгдэхээр хуульчлагдсан.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд буюу амь хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн баримтууд, өвчний түүх эмчилгээний явц, шинжээчийн дүгнэлтүүд, мэргэжлийн эмчийн /клиникийн/ онош зэргээс үзэхэд амь хохирогч нь тухайн гэмтлийг авснаас хойш эмнэлгийн тусламж авч, яаралтай хагалгаанд орсон, эмчлэгч эмчээс биеийн байдал сайжрах талаар хэлж байсан, 3 хоног эмчлүүлсэн, цэр нь ховхроод уушгиа чөлөөлж чадахгүй, архаг хууч өвчтэй байсан, амь хохирогч хүнд гэмтэл авсан боловч өөр өвчин хавсарч /уушгины бөглөрлийн бактерийн хатгалгаа/ нас барсан нь клиникийн дүгнэлт боловч эмчлэгч эмч О.Гантогтохыг Төгсгөлийн дүгнэлтээр тогтоогдож байна. Ийм байхад клиникийн оношинд бүрэн хариулт өгөөгүй шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т энэ хэргийн улмаас хохирогч нас барсан үйл явцыг үгүйсгэхгүйгээр хуульчилсан байдаг. Нас барсан гэх хор уршгийг энэ зүйл ангид хуульчилсан нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэх шалтгаант холбоог тогтоосон хэрэглээний асуудал юм.
Шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн амь насыг хохироох субьектив санаа зорилго тогтоогдоогүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан байдаг Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан. Д.******* нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэний улмаас хохирогч нас барсан гэм буруутай нөхцөл байдал тогтоогдож байна.
Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх сэдэлт, санаа зорилго байсан эсэх нь тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ж.Чимэддулам өмгөөлөгчийн байр суурьтай санал нэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүнийг алах гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үйлдэл шинжээчийн дүгнэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг биш харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-т зааснаар зүйлчлэх боломжтой байсан. Амь хохирогчийн төрсөн хүү Адилбиш мэдүүлдэг. Амь хохирогч, Д.******* нар өөр хоорондоо ямар нэг байдлаар таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл үүсээгүй. Хоорондоо маргалдсан нөхцөл үүссэн бол гэрт байсан хүмүүс сэрэх ёстой байсан. Гэрч Сэрээтэрийн мэдүүлгээр гэрийн зүүн урд талд талийгаач дээшээ харсан байдалтай байсан Д.******* хажууд нь зогсож байсан. Очоод юу болсон гэж асуугаад Улаанбаатар хот руу амь хохирогчийг авч явцгаасан байдаг. Шууд энэ хүнийг алах субьектив санаа зорилго байгаагүй. Хаагуур явснаас үл шалтгаалж, амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр Улаанбаатар хот руу авч явсан. Энэ явж байгаа үйлдлээс харахад санаатай алсан гэж үзэх боломжгүй. үйлдэл бол амь хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан . Хүнийг алах гэмт хэрэг бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас нас барах гэмт хэргийн гол ялгаа нь хохирогч уг гэмтлийн улмаас шалтгаалан бусад хүндрэл үүссэн үйл баримт байна. Хавтаст хэргийн 64-69-р талд авагдсан 1689 дугаартай шинжээчийн дүгнэлт асар эргэлзээтэй. Клиникийн эмчийн онош буюу уушгины бөглөрлийн бактерийн хатгалгаа оношоор нас бараад байна уу? гавал тархины битүү гэмтлээр нас барсан уу? гэдэг нь туйлын эргэлзээтэй. Клиникийн эмч О.Гантогтохын оношоор тархинд мэс засал хийгдсэн. Эмчилгээний явцад өвчтөний биеийн байдал дээрдэхгүй, амьсгалын замын идээт үрэвслээр хүндэрч өвчлөлийн байдалд шилжсэн ба амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан гэж дурдсан. Дурдсан хэдий ч шинжээч үүнийг үгүйсгээд байгаа юм уу? үндэслээд байгаа юм уу? гэдгийг тодорхой оруулж ирээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэж хуульчилсан байдаг. Амь хохирогч өөрөө уушгины бөглөрлийн бактерийн хатгалгаа, амьсгалын замын идээт үрэвслийн улмаас нас бараад байна уу? Тиймээс Д.******* шууд санаатай үйлдлээр амь насанд нь хүрсэн үү? гэдэг нь эргэлзээтэй. Амь хохирогчийн нас барсан шалтгаанд шүүх дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хагалгаа хийсэн эмч хагалгаа амжилттай болсон гэж хэлж байсан. Хагалгаанд орсон цагаас нь хойш би сахиурын өрөөнд байсан. Надад анхнаасаа алъя гэсэн зорилго байгаагүй. Архи уусны улмаас муудалцсан түүнийг хүлээн зөвшөөрнө гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны шаардлага хангасан гэж үзэж байна. Амь хохирогч ын хувьд 2022 оны 06 сарын 14-15-нд шилжих шөнө Дэлгэрцогт сумын нутагт хамтран амьдрагчийн хүү Д.*******д зодуулж амь нас нь хохирсон. 2022 оны 06 сарын 15-ны өглөө Д.******* нар ыг Улаанбаатар хотод хүргэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ам хохирогчийн охиныг нь гэмтлийн эмнэлэг дээр очиход машины ард аавыг нь гулууз ачсан юм шиг авч явсан байсан гэж хэлдэг. Дэлгэрцогт сум Аймгийн төвөөс 45 км байхад анхан шатны тусламж үзүүлэхгүй цаг алдсан. Мэс засал хийсэн ч талийгаач ухаангүй, биеийн байдал нь дээрдэхгүй байсаар нас барсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдулам мэдүүлэхдээ эмч найдваргүй шүү, сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралд шинжээч эмч орохдоо битүү гэмтлээс болж нас барсан гэж тодорхой хэлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Талийгаач нь 3 хоног хиймэл амьсгалаар амьсгалсан учраас эмнэлгийн гаралтай уушгины үрэвсэл нь үхэлд нөлөөлөхгүй гэж тайлбарладаг. Талийгаачийг гавал тархины битүү гэмтлээр шууд үхэлд хүргэсэн. 3 хоног эмчлүүлсэн ч үр дүнд хүрээгүй учраас нас барсан байдаг. Иймд хөнгөрүүлэн зүйлчлэх боломжгүй. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоол хуулийн үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын гомдлын дагуу эрүүгийн 2222000000118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын үндэслэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан бүхэлд нь хянан үзсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь Дундговь аймгийн гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө иргэн *******тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсаны улмаас зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
холбогдсон хэрэгт прокурорын байгууллагаас мөрдөх ажиллагаа явуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч нотлох баримтуудыг шинжлэн судалжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч Б.Оюунчулуун, гэрч З.Сэрээтэр, гэрч Н.Сэнгэдаа, гэрч Б.Цолмонмаа нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримт болгон судалжээ.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон гэж үзэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч иргэн *******ын амь насыг санаатайгаар хохироосон учир бусдыг алсан гэмт хэргийн гэм буруутнаар тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулан шийтгэжээ.
Шүүхийн шийдвэрлэлтийг давж заалдсан өмгөөлөгч гомдолдоо: хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй хийгээгүй, шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн амь насыг хохироох субьектив санаа зорилго тогтоогдоогүй, хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан байгаа тул эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэх сэдэлт, санаа зорилго байсан эсэх нь тогтоогдоогүй, эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсжээ.
Шүүгдэгчийн үйлдлийг бусдын биед хүнд гэмтэл учруулснаас хохирогч нас барсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэхийг хүссэн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэл бүхий гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хангалттай биш байна.
Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой заан дурдсан байна. Тухайлбал: амь хохирогч *******ын баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн зулай, дух хэсгийн хатуу хальсан доорх болон дээрх тархмал цус хуралт, 2 тал бөмбөлгийн чамархай, дух зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн орой хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт ... зэрэг гэмтэл учирч гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэж дүгнэлт гаргасан байх бөгөөд энэ дүгнэлтийн талаар хэргийн оролцогчийн хэн аль нь гомдол, хүсэлт гаргаагүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуулиар тогтоосон заалт шаардлагын дагуу авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял нь тухайн зүйл ангид заагдсан ялын хамгийн доод талыг баримтлан хөнгөн байдлаар хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч талын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан атлаа шүүхээс зөвшөөрөл авах талаар хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй учир эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий зөрчил гарсныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй эрх бүхий этгээдүүд анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Ш.ТӨМӨРБААТАР