Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 118/ШШ2024/0027

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргад холбогдох “Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагаанчулуут сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий иргэн Б.*******ын нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ын тайлбартай танилцлаа. Б.*******аас ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ...би Цагаанчулуут сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд 2024 оны 02-р  сарын 14-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байна. Тухайн үед сумын Засаг дарга Ч.*******, орлогчоор ажиллаж байсан Б.******* нартай харилцан ярилцахад Б.******* нь би хүнээс асуусан, луу жил гаргаад 02-р сарын 14-нд ажлаа хүлээлгэн өгнө өө гэж хэлээд Засаг дарга Ч.*******г та ажил хүлээлцэх комиссоо гаргачих би хүлээлгэн өгчхөөд үргэлжлүүлээд амралтаа авна гэж хэлсэн.

Б.******* нь 02 сарын 14-өөс амралтаа аваад гарсан. Тохиролцсоны дагуу би 02 сарын 14-нд ажил хүлээн авсан. Би шүүгчийн захирамжтай танилцлаа. Одоогоор миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй учир шүүхийн шийдвэр гарсны дараа Б.*******ын ажлыг хүлээлгэн өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь “Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагаанчулуут сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх  шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.*******ын эрхэлж байсан тус сумын Засаг даргын орлогчийн ажилд Б.******* томилсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа миний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй учир шүүхийн шийдвэр гарсны дараа Б.*******ын ажлыг хүлээлгэн өгнө гэсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөөр бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын  “Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагаанчулуут сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА