Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/37

 

Б.*******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Ч.Отгонбаатар
Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.*******т холбогдох 2222000000152 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт******* *******, ******* оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг “Дөрөөлж” гэх газарт оршин суух, улсаас авсан шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: *******/.
Б.******* нь Дундговь аймгийн ******* сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 240 /хоёр зуун дөч/ цагийн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, шүүгдэгч Б.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
           Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлж барагдуулсан. ...Би Дундговь аймгийн ******* сумын 4-р багт өөрийн төрсөн аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Аав, ээж маань 50 гарсан хүмүүс байдаг бөгөөд хөдөө малаа маллаж амьдрахад миний бие тус нэмэр болж, гол ажлуудыг нь амжуулж өгдөг. Одоо өвлийн улирал эхэлж байна, бод малаа авч отор нүүдэлд явах шаардлага үүсээд байгаа. 
    Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд хүндрэлтэй байна. Би аав, ээжийнхээ хамт нэг малын А данстай хэдий ч өөрийн гэсэн 150 толгой малтай, малаас үүсэлтэй ашиг орлогыг нь амьдрал ахуйдаа хэрэглэж амьдардаг. 
    Миний үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялаас гадна “торгох” ялын төрөл байна. Би анхан шатны шүүхэд өөрийн орлогын талаарх баримтыг гаргаж өгөөгүйгээс болоод торгох ялыг авч чадаагүй байна. 
    Иймээс миний амьдралын нөхцөл байдал, ашиг, орлого олдог байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.*******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ ял нь шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс торгох ялын санал гаргасан боловч одоогийн нөхцөл байдлаас үзэхэд нийтэд тустай ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна  гэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    Шүүгдэгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.*******т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.*******ыг анхан шатны шүүх Дундговь аймгийн ******* сумын төвд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн *******ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг хэрэгт цугласан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй гэж үзэв. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дараах нотлох баримтуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж үзвэл:
Хохирогч *******ийн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ...******* “та муу сайны үе өнгөрсөн шүү” гээд миний өөдөөс босч ирээд миний нүүр рүү балбаж эхэлсэн. Би гараараа нүүрээ дарж, өөрийгөө хамгаалж байхад намайг газар унагаагаад миний дээрээс сууж байгаад миний нүүр рүү цохиод балбаад байсан. Би тухайн үед ухаан балраад гарт ойр байсан архины шилийг автал ******* тэр архины шилийг булааж аваад миний толгой руу цохисон. Тухайн үед миний толгойн ар хэсгээр нойтон оргиод архины шил хагарсан. ******* миний дээр гараад хоолой боосон байхад миний ухаан санаа балартаад, би цагдаа дуудлаа шүү гэхэд гар нь арай сулраад миний дээрээс боссон. ******* намайг зодож байхад надтай хамт Ганбат байсан. Ганбат зугтаагаад явсан, ******* босч ирээд муу Ганбат зугтаагаад явсан байна гээд мотоциклоо асаагаад хөдөлсөн. ...Миний толгойн арын хэсэгт хагалсан байсан. Эмч намайг үзээд толгойд оёдол тавьсан 2 талын шанаа их хөндүүр байгаа. Дээд талын уруул болон шүд хөндүүр шүд хөдөлсөн. Би гараараа өөрийнхөө нүүрийг дарж байсан учраас гар руу их цохисон гар өвчтэй байна. Эхэлж Хэнчяахавыг цохиж унагасан, Ганбатыг бас цохиж байсан. Би тэнд очоод 2-3 удаа архи татсан. Гэхдээ би согтоогүй, ******* ч гэсэн ухаанаа алдталаа согтоогүй байсан. Би эсэргүүцээд тэр залууг дийлээгүй. Би гомдолтой байна. Мөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлгээр /хх-ийн 7/ шүүгдэгч нь Б.******* нь иргэн *******ийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. 
Гэрч гийн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт сумын төв рүү бензин авах гэж орсон. Манай нөхөр хөдөөнөөс орж ирэхдээ согтуу ирсэн. Манай нөхөр суман дээр ******* гэх залуутай тааралдаад тэр 2 сумын урд талд архи уусан. Тэр хооронд би сумын төв орж дэлгүүр ороод, дэлгүүрийн гадаа нөхрийн найз Гантөмөр, Ганбат нартай тааралдсан. Тэгээд Шоохой сумын урд байгаа гэж хэлсэн. Би буцаад нөхөр дээрээ очиход миний араас Гантөмөр, Ганбат нар ирсэн. Тэр 2 ирэхдээ нэг шил архитай ирээд тэр 4 архи ууцгаасан. Манай нөхөр урьд нь архи уусан байсан болохоор дорхноо согтсон. Ганбат, Гантөмөр, ******* нар гайгүй байсан. Тэд нарыг архи ууж байхад ******* манай нөхөртэй муудалцах гээд үг сөрөөд байсан. Нөгөө 2 хүн рүүгээ мөн адил үг сөрөөд агсам тавиад байсан. Тэгж байснаа ******* босч ирээд манай нөхрийг түлхээд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр нь би ******* руу чи хамт архи уучхаад яагаад байгаа юм гэж хэлээд энд удаан байвал зодоон болж мэдэх юм байна гээд нөхрөө аваад явсан. Манай нөхөр хүнд зодуулж цохиулж байгаагаа мэдэхгүй согтуу байсан. Бид 2-ыг явснаас хойш юу болсон талаар мэдэхгүй. ******* гараараа манай нөхрийн зүүн гарын харьт орчимд нэг удаа цохисон. Биед нь ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч ын: “Би 08 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд найз Гантөмөртэй хамт ирсэн. Би суманд ирээд найзуудтайгаа 2-3 шил архи уусан. Тэгээд Гантөмөртэй сундлаад сумын урд цаг уурын тэнд очсон. Тэнд манай сумын Хэнчяахав эхнэртэйгээ байсан. Түүнийг Шоохой гэж дууддаг юм. Бас манай сумын ******* гэх залуу өөр ганц нэг хүмүүс байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан болохоор ямар хүмүүс байсныг нь сайн санахгүй байна. Бид хоёрыг очиход тэнд нэг шил архи тойруулаад ууж байсан. Бид нар нэг шил архитай очсон. ******* гэх залуу миний хажууд сууж байсан. Бид нар морь ярьж байгаад ******* гэх залуу намайг 2 удаа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан ба би бусад зүйлийг нь санахгүй байгаа. Намайг хэн нэгэн нь гэрт хүргэж өгсөн байх. Шөнө хамраас цус гоожсон. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ******* Гантөмөрийг зодсон талаар мэдэхгүй байна. Архи их уусан болохоор тасарсан байсан.” гэх мэдүүлгүүдээр /хх-ийн 11/  гэмт хэрэг гарсан өдөр шүүгдэгч Б.******* хохирогч Гантөмөр нар хамт байж архи уусан үйл баримтын талаар мэдүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 19-21/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Хохирогч ******* 2022 оны 08 сарын 19-ний өдөр эрүүл мэндийн төвд үзүүлсэн тухай “Яаралтай тусламжийн хуудас” /хх-ийн 22-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.******* шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд: “...Миний бие энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлж барагдуулсан. ...Би аав, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг. Аав, ээж маань 50 гарсан хүмүүс байдаг бөгөөд хөдөө малаа маллаж амьдрахад миний бие тус нэмэр болж, гол ажлуудыг нь амжуулж өгдөг. Одоо өвлийн улирал эхэлж байна, бод малаа авч отор нүүдэлд явах шаардлага үүсээд байгаа. Би анхан шатны шүүхэд өөрийн орлогын талаарх баримтыг гаргаж өгөөгүйгээс болоод торгох ялыг авч чадаагүй байна. Иймээс миний амьдралын нөхцөл байдал, ашиг, орлого олдог байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн тогтсон цалин орлого байхгүй гэх хувийн байдал нь дүгнэлт хийж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхэд ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой гаргаж ирүүлсэн баримтгүй байна. 
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх.” Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.    
Шүүгдэгч Б.*******ын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/146 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

                                ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР 

                                                                             Г.ТЭГШСУУРЬ